Тендерийн хуулийг боловсронгуй болгож, төрийн хөрөнгийг зохистой зарцуулъя
- 2018-01-09
- Эдийн засаг
- 0

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах явдлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өөртөө хүлээгээд багахан хугацаа өнгөрч байна. Тус газар өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар нийт 99 багц тендерээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдсэн 29,9 тэрбум төгрөг, Дэлхийн банкны санхүүжилтээр 2,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг зохион байгуулсан байна. Улсын хэмжээнд давхардсан тоогоор нийт 4369 төсөл арга хэмжээний 2.9 их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017 онд төрийн болон төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нийт ажлын 0,7 хувийг л зохион байгуулж бусдыг нь буюу 99.3 хувийг яам, агентлаг, орон нутаг, төрийн өмчит компаниуд өөрсдөө гүйцэтгэсэн байна. Засгийн Газрын хуралдаанаар саяхан Тендерийн хуулийг шинэчлэх ажлыг яаралтай хийх үүргийг Сангийн яам, ХЗДХЯ-нд даалгасан. Хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт тус газрын мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм. Энэ цаг үед төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбогдуулан зарим нэг саналыг дэвшүүлэхийг хүслээ. Нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, техник технологийн худалдан авалтыг эрхэлсэн яам, агентлаг нь орон нутгийн худалдан авалтыг тэнд нь, нийтийн хэрэглээний /бичгийн цаас, принтерийн хор, сандал ширээ гэх мэт/ худалдан авалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хийдэг эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх юм уу эсвэл худалдан авах ажиллагааны бие даасан мэргэжлийн агентлаг хэрэгтэй. Нөгөө талаар худалдан авалтыг боловсронгуй болгохын тулд нэгдүгээрт, төсвийн болон төрийн өмчит үйлдвэрийн газрын хөрөнгөөр худалдан авалт хийхэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бүх гарцыг хуульчилж өгөх нь чухал мэт.
Хоёрдугаарт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч талууд олон жил хамтран ажилласан сүлжээ нэгт нийлүүлэгчээсээ авах сонирхол их байдаг. Энэ нь удирдлагууд төдийгүй дунд шатны албан хаагч, түшмэдийн эрх ашгийн асуудалтай холбоотой байх магадлалтай. Энэ хувийн эрх ашиг нөлөөлсөн торон сүлжээг хуулийн нарийвчилсан заалтаар л таслан зогсооно. Гуравдугаарт, манай Тендерийн хуулийн зохицуулалтад учир дутагдалтай олон заалт бий. Энэ тодорхой биш заалт, зохицуулалтыг хуулийн цоорхой болгон ашигладаг хүмүүс их байна. Үүний нэг нь тендерийн хуулиар хамгийн бага үнэ өгсөн компани тендерт ялдаг заалт юм. Гэтэл энэ заалт хэрэгжихдээ хамгийн чанаргүй бараа, бүтээгдэхүүн, муу үйлчилгээ нийлүүлэх хуулийн боломж болж хувирсан. Энэ бол хоцрогдсон, үнэхээрийн учир дутагдалтай заалт бөгөөд нийт төрийн худалдан авалтын нэр хүндийг унагаадаг. Төр хамгийн муу, чанаргүй бараа авдаг “шахааны газар” гэдэг нэр ч үүнтэй холбоотой. Уг нь дотоодын бараа үйлчилгээг худалдан авахад давуу эрх олгох заалт бий. Гэхдээ дотоодод үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээнд чанар, стандартын гэрчилгээ олгох, тэр гэрчилгээг үндэслэн тендерийн худалдан авалтад давуу эрх олгох заалтууд тодорхой биш учраас захиалагч төрийн байгууллагууд өөрсдийн үзэмжээр шийддэг байна.
Дотоодын үйлдвэрлэлийг импортын барааны зах зээлээс хамгаалах гаалийн (тарифын) татварын зохицуулалт байдаг. Энэ тарифын зохицуулалттай барааны жагсаалтыг шинэчилж гаргахдаа хугацаа их алдаж байна. Тийм учраас дотоодод үйлдвэрлэж буй бараатай ижил төрлийн бараанд импортын татвар ногдуулах жагсаалтыг жил бүр гаргадаг заалтыг хуульд оруулах шаардлагатай. Чанар, стандарт, гэрээний хэрэгжилтэд захиалагч хяналт тавих ёстой. Тендерт тавигдсан нөхцөл, шаардлага хангаагүй стандарт бус барааг хүлээж авсан захиалагчтай хариуцлага тооцох хуулийн нарийвчилсан заалт хэрэгтэй байна. Сангийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, Захиргааны хэргийн шүүх зэрэг олон газарт тендерт ялагдсан компаниуд гомдол гаргаж тендерийн ажлыг гацаадаг тогтолцоог яаралтай өөрчлөх ёстой. Тендерийн хууль, Өрсөлдөөний тухай хууль, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг уялдуулах шаардлагатай нь эндээс харагддаг. Хууль бус үйлдэл хийсэн, үндэслэлгүй гомдол гаргадаг компанийг тендерт орох эрхийг нь 3-5 жилээр хасах, хар жагсаалтад оруулах, компанийн нэр сольж, тендерт орохыг бас хязгаарлах нь зөв юм. Хариуцлага алдсан тендерийн үнэлгээний хорооны гишүүд, үндэслэлгүй гомдол гаргасан компанид наад зах нь мөнгөн торгууль тавих, албан тушаалын хариуцлага тооцдог болмоор байна. Тэгвэл янз бүрийн хууль бус зүйл сэдэж, төрийн ажлыг гацааж, бусдыг хохироодог асуудал багасна. Хуулийн заалт тодорхой биш болохоор тендерийг будилуулах, ашиг хонжоо хайх, ажил хохироох үйлдэл гардаг. Тендер зарлахдаа барааны нэр төрөл, гадаад, дотоод үйлдвэрлэж байгаа байдлыг харгалзан багцалж, салгаж тендер зарлах хэрэгтэй. Нэг багц болгож бөөн тендер зарласнаар олон нэр төрлийн бараа тендерийн багцад ордог. Энэ нь зарим дотоодын үйлдвэрлэгч, жижиг компаниуд тендерт орох боломжийг хаадаг талтай. Ер нь орон нутагт хийж чадах ажил үйлчилгээ, үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний тендерийг орон нутагтаа зарлах эрх зүйн тогтолцоог бий болгох шаардлагатай. Захиалагч нь орон нутагт, гүйцэтгэгч нь хотынх. Тэгэхээр тендерийн гүйцэтгэлийн шаардлагыг хариуцах эзэнгүй болчихож байгаа юм. Орон нутаг өөрсдөө тендерээ хариуцан зарладаг бол хариуцлагыг тооцох боломж бүрдэнэ. 10 сая төгрөгийн төсөвтэй тендерийг шууд худалдан авалтаар хийдэг хуулийн заалт бий. Үүнийг хөдөлмөрийн хөлсний ч юм уу бусад хөрвөх чадвартай хэмжигдэхүүнд шилжүүлж, 30-50 сая төгрөг болгож, босгыг нэмэх шаардлага бий. Томоохон тоног төхөөрөмж, машины нэг сэлбэг хэрэгсэл л 50-60 сая төгрөгний үнэтэй болсон шүү дээ. Тэр бүгдэд тендер гэж цаг хугацаа зарж, ямар ч хэрэггүй бичиг, цаас, хуурамч баримт бүрдүүлэхээ болих хэрэгтэй. Харьцуулсан худалдан авалт гээд хэдэн компанийн үнийн санал харьцуулж бараа, үйлчилгээ авдаг заалт бий. Тэр нь 50 сая төгрөг байгаа. Үнийн босгыг 200-300 сая төгрөгтэй тэнцэх хэмжээгээр нэмэх хэрэгтэй. Нарийн мэргэжлийн бараа, ажил, үйлчилгээний тендерийг салбар нь хариуцдаг, байгууллага бүр хэрэглэдэг нийтлэг барааны тендерийг нэгдсэн хэлбэрээр зарладаг, орон нутгийн тендерийг орон нутагтаа зарладаг байхаар хуульчлах нь зөв санагдана. Дотоодод чанар стандарт хангасан барааг үйлдвэрлэж байгаа нэг компани ч байсан өрсөлдөгчгүй шууд худалдан авч байх хэрэгтэй. Гэхдээ төсөвт суусан үнээс илүү үнэлгээтэй бол авахгүй. Үүнийг бас хуулинд суулгах хэрэгтэй байгаа юм. Ийм жишиг Солонгос улсад бий. Ашигтай бол өрсөлдөөн өөрөө үүсч шинээр үйлдвэр байгуулна. Төрийн ажлыг үнэнч шударгаар гүйцэтгэж, төрийн өмчид хямгатай хандаж чадвал тодорхой үр дүнд хүрч болохыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрынхан харуулж байна. Тухайлбал, тус газар энэ ажлыг хариуцаж ажилласнаас хойш төрийн өмчит компаниудын өр төлбөр 2,1 их наяд төгрөг буюу 25 хувиар багасч, нийт төрийн өмчит компанийн 60-аад хувь нь ашигтай ажиллаж байна. Төрийн өмчит компаниудын удирдлагын зардлыг гурван тэрбум, контор засвар, тавилга, эд хогшил худалдан авах зардлыг 8.8 тэрбум, тансаг хэрэглээний жип автомашин худалдан авах зардлыг 3,3 тэрбум төгрөгөөр тус тус бууруулжээ. Үүнээс гадна Тендерийн тухай хуульд зайлшгүй тусгавал зохих зарим зүйл, заалтын талаар мэргэжлийн хүмүүстэй ярилцаж байхад тодорхой санал хэлж байсан. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дүгээр зүйл, Засгийн газрын “Жагсаалт батлах тухай” 336 дугаар тогтоолын хоёрт заасны дагуу дотоодын уйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг хагас жил тутам шинэчлэн гаргахыг хуульчлахыг хүсдэг. Энэ жагсаалт 2,3 жил болоход өөрчлөгдөхгүй байгаа нь төр засаг бизнест садаа болж буй хэлбэр юм. Бизнес өдөр бүр хурдтай өөрчлөгдөж дэвшилтэт технологи нэвтрүүлж шинэ бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байдаг. Дотоодын үйлдвэрээс худалдан авах үнийн нөхцөл, чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнд чанарын тохирлын гэрчилгээ олгох шат дарааллыг цөөлөн нэг цонхны үйлчилгээгээр олгохоос гадна дотоодод үйлдвэрлэсэн чанар, стандарт, үнийн нөхцөл хангасан барааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн (одоогийн ханшаар 28.0 сая) үнийн дүнд шууд худалдан авалт хийх, харьцуулсан худалдан авалтыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 350 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнд (100.0 сая) хийхээр худалдан авалтын тухай хуулинд тусгах. Дотоодод үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг ерөнхий гэрээгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалт зарлаж шалгарсан үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цахим дэлгүүрт байршуулах, цахим дэлгүүрээс тендер шалгаруулалтгүйгээр бараа, бүтээгдэхүүн худалдан авахыг захиалагчдад мэдэгдэх эрх зүйн зохицуулалттай болгохын тулд хөрөнгө оруулалтын төсөв гаргах, зураг төсөв хийхдээ үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний стандартад тохирсон хэмжээ, үнийг тусгаж байх зохицуулалт хийх нь чухал. Дотоодод үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалж, импортын бараанд 15- аас дээш хувийн татвар (тарифын) ногдуулахдаа импортын татвар ногдуулах дотоодод үйлдвэрлэсэн барааны жагсаалтыг Засгийн газар хагас жил тутам шинэчлэн тогтоодог болох нь чухал. Дотоодод үйлдвэрлэж буй бараа худалдаж авах тендерт үндэсний үйлдвэрлэгч биш компанийг оруулахгүй зөвхөн үйлдвэрлэгчдийг тендерт оруулдаг эрх зүйн тогтолцоо үүсгэсэн тохиолдолд тухайн барааг импортоор оруулж ирж худалдаалагчид ихэнх нь ЖДҮ-чид болдог.
Энэ бол Солонгос, Японы орны туршлага. ЖДҮ-д нь дотоодын зах зээлээ хангахад чиглэгдсэн зорилт хэрэгжүүлдэг, томоохон компаниуд ЖДБ-тэй дотоод зах зээлд өрсөлдөхийг хязгаарлаж тэднийг гадаад зах зээл рүү чиглүүлж бодлогоор дэмжихийг үйлдвэрлэгчид хүсдэг. Тиймээс зарим бараа бүтээгдэхүүнийг урт хугацаанд төр тогтвортой худалдан авах гэрээ хийх тогтолцоог бий болгох нь зохистой. ЖДҮ-ийн дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрийн өмчит томоохон компани, уул, уурхайн үйлдвэрүүд, томоохон хөрөнгө оруулалттай төслүүдтэй гэрээний үндсэн дээр холбож бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эрхзүйн тогтолцоог хуульчлах нь чухал. Жишээ нь, Оюутолгой дөрвөн жил . . . .нэр төрлийн . . . .төгрөгийн бараа дотоодын ЖДҮ-ээс тогтмол авч байх. Аваагүй тохиолдолд төрөөс үзүүлэх гааль татвар хөнгөлөлт багасгах, нийгмийн хариуцлага талаас нь шахалт үзүүлдэг байхад ч болохгүй гэх газаргүй. Ийм туршлагыг гадаад орнуудад өргөн хэрэглэдэг. ЖДҮ-д дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрийн болон төсвийн хөрөнгөөр бараа худалдаж авахад зайлшгүй авч байх эрх зүйн зохицуулалтыг Тендерийн тухай хуульд оруулах шаардлагатай. Дотоодын ЖДҮ-ийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг нэгдсэн мэдээллийн сантай болгохгүй бол хэн хаана ямар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ямар үйлчилгээ үзүүлж байгаа талаар нэгдсэн цахим мэдээлэл байхгүй өдий хүрсэн байна. Дотоодод үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэгчдэд худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох, тендер шалгаруулалтад бэлдэх, хэрхэн амжилттай оролцох талаар тусгайлсан сургалт явуулах, заавар зөвлөгөө өгөх ажлыг жил бүр зохион байгуулдаг болох нь ЖДҮ-ийг зохистой хөгжүүлэхэд дэмжлэг болох нь тодорхой юм.
Д.МӨНХ

Сэтгэгдэл (0)