Хоёр Солонгосын хэлэлцээр өнөөдөр эхэлнэ

Пёнчаны олимпын босгон дээр хоёр Солонгосын Засгийн газар хамтарсан хэлэлцээр зохион байгуулахаа зарласан билээ. Солонгосын хойгт энхтайвныг авчрах боломжтой уулзалтад оролцох төлөөлөгчдөө томилсон тухай Өмнөд Солонгосын “Рёнхап” агентлаг мэдээллээ.

Эх сурвалжид мэдээлснээр, хоёр Солонгосын хооронд оршдог Пханмунджом тосгонд өнөөдөр эхлэх хэлэлцээрт талуудаас тус бүр таван хүн оролцох аж. Өмнөд Солонгосын талаас хэлэлцээрт оролцох төлөөлөгчдийг Улс орноо нэгтгэх яамны тэргүүн Чо Мён Гён ахлах бол Умард Солонгосын төлөөлөгчдийг Солонгосыг энхтайвнаар нэгтгэх хорооны тэргүүн Ли Сон Хвон ахлах юм. Мөн Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эх орон, энхтайвнаар нэгдэх хорооны дэд дарга, Спортын яамны дэд сайд, Эх орон, энхтайвнаар нэгдэх хорооны сайд, Үндэсний олимпын хорооны комиссын гишүүн зэрэг таван хүн багтсан тухай ТАСС агентлаг мэдээллээ. Нэгдлийн яамны сайд Чо Мён Гён тэргүүтэй БНСУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Нэгдлийн яамны дэд сайд, Соёл, спортын яамны орлогч сайд, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын төлөөлөл, Пёнчаны Өвлийн олимп, өвлийн пара олимпын зохион байгуулах комиссын мэргэжилтэн багтжээ. Талууд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпын наадамд Умард Солонгосын тамирчдыг оролцуулах талаар голлон хэлэлцэх төлөвтэй байна. Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр тал анх удаа дээд төвшний уулзалт зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар Солонгосын хойгийн байдлыг намжааж, улмаар АНУ болон Умард Солонгосын хооронд яриа хэлэлцээр хийх орчин бүрдүүлэхийг Мүн Жэ Ин зорьж байна гэж ажиглагчид онцоллоо.

Хүн төрөлхтөний эв найрамдлын илэрхийлэл болох өвлийн олимпын наадамд Умард Солонгосын баг тамирчдыг оролцуулах тухай хэлэлцэх тус хэлэлцээр хоёр Солонгосын зэвсэггүй бүсэд орших Энхтайвны өргөөнд болно. Хэлэлцээрт хоёр Солонгос улс олимпын наадмын асуудлаар ярьж хэлэлцэхээс гадна цаашдын харилцаа холбоог сайжруулах зорилготой сэдвийн хүрээнд ч ярилцах болно гэж эх сурвалжууд онцолжээ. Хоёр Солонгосын хэлэлцээрийг бусад улс орон анхааралтай ажиглаж байгаа юм. Тухайлбал, АНУ энэ удаагийн хэлэлцээр болон Пёнчаны наадмыг Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах ач холбогдолтой гэж үзэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Пёнчанд болох өвлийн олимпын наадмын аюулгүйн байдлыг хангах үүднээс хоёр улсын цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилтын хугацааг хойшлуулах тухай асуудлаар хэлэлцэж нэгдсэн шийдвэрт хүрчээ. АНУ-ын төрийн тэргүүн хоёр Солонгосын яриа хэлэлцээрийг "таатай зүйл" гэж онцлон жиргэсэн байна. Энэхүү шийдвэр Пхеньянтай хийхээр төлөвлөж буй яриа хэлэлцээрийн өмнө хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг болно гэж ажиглагчид харж байна. Учир нь, АНУ болон БНСУ-ын цэргийн сургуулилтыг Умардын тал аюулгүй байдалд нь заналхийлж байна гэж хүлээн авдаг. Дональд Трамптай 30 орчим минут утсаар ярилцсаныхаа дараа хоёр Солонгосын яриа хэлэлцээрийн үеэр АНУ-тай хамтран ажиллана гэдгийг Мүн Жэ Ин дахин баталгаажуулсан юм. Дашрамд өгүүлэхэд, Пёнчаны олимпын наадмыг зохион байгуулах ажилд оролцож байгаа байгууллагуудын нууц мэдээллийг хакерчид хулгайлахыг завдсан гэж кибер аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “McAfee” компани мэдэгджээ. ВВС телевизийн мэдээлснээр, өвлийн олимптой холбоотой компаниуд руу хакерчид өнгөрсөн сард вирустэй цахим шуудан илгээсэн гэж “McAfee” компани мэдэгдсэн байна. Цахим шууданг илгээсэн хакерчид нь яг аль улсад харьяалагддаг болохыг тус компани тогтоож чадаагүй байгаа аж. Гэхдээ и-мэйлүүдийн заримыг нь Сингапурын IP хаягаас илгээсэн байсан бөгөөд и-мэйл нь солонгос хэлээр байсан гэнэ. Өмнө нь бас хакерчид байгууллагын ажилтнуудын цахим шуудангийн нууц үг болоод санхүүгийн мэдээллийг хулгайлахыг оролдож байжээ. Спортын томоохон арга хэмжээнүүд кибер халдлагад өртөж болзошгүй гэж АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаачид саяхан анхааруулсны дараа “McAfee” компани дээрх мэдэгдлийг хийлээ.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)