Э.Макрон Ши Жиньпинтэй уулзлаа
- 2018-01-10
- Дэлхий
- 0

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ сарын 8-10-нд Хятад улсад төрийн айлчлал хийж байна. Талууд хоёр орны чөлөөт худалдаа, уур амьсгалын өөрчлөлт, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр болон технологийн талаар ярилцсан байна. Эммануэль Макрон БНХАУ-д хийх гурван өдрийн айлчлалынхаа эхний өдөр тус улсын эртний нийслэл Сиан хотод зочилсон бөгөөд энэ үеэр “Европ-БНХАУ-ын худалдаа харилцан ашигтай байх хэрэгтэй” хэмээн уриалсан юм. Мөн Франц улс Хятадын “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. БНХАУ нь Франц улсын Ази дахь худалдааны хамгийн том түнш орон юм. Хэдий тийм боловч Франц улс өнгөрсөн онд БНХАУ-тай хийх худалдаанаас 36 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Торгоны шинэ замын эхлэлийг тавьж Франц, БНХАУ-ын түншлэлийн харилцаа шударга замналаар явна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү түншлэлийн харилцаанд БНХАУ бүрэн хэмжээнд оролцоно гэдэгт итгэж байна” хэмээв. Харин Ши Жиньпин “Шинэ эринд Хятад, Францын харилцааг бүх салбарт хөгжүүлэхийг чухалчилж байна. Нийгмийн тогтолцоо, хөгжлийн үе шат, соёл уламжлалын зөрөө зэргээс үл хамаарч, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагааны нөөц боломжийг ашиглаж болох юм. “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Мөн олон улсын том чухал асуудлаар Франц улстай зөвшилцлөө нэмэгдүүлнэ” гэдгийг онцлон тэмдэглэв.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)