БНСУ-ын ерөнийлөгч Мүн Жэ Ин: Би Ким Жон Ун-тай уулзана
- 2018-01-12
- Дэлхий
- 1

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хоёр Солонгосын төлөөлөгчид 2015 оноос хойш анх удаа яриа хэлэлцээр хийсний дараа БНАСАУын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд яриа хэлэлцээрийг цааш үргэлжлүүлж, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж мэдэгдлээ. Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлсэн Хөх ордны тэргүүн "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд энхтайвныг хангана" гэдэгт найдаж байгаагаа дурджээ. Дээд хэмжээний яриа хэлэлцээрийн дүнд Пхеньян төлөөлөгчдөө Пёнчаны олимпод илгээж, хоёр улс хурцадмал байдлыг намжаах зорилгоор батлан хамгаалах салбарын яриа хэлэлцээр хийхээр боллоо. Үүнээс гадна тодорхой нөхцөлтэйгөөр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзах боломжтой гэдгийг онцолсон байна. БНСУын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Миний хувьд хоёр Солонгосыг нэгтгэх асуудлыг хойш тавьж байгаа. Харин БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэж, бүрэн эрхийнхээ хугацаанд энхтайвныг бүрэн хангахыг зорьж байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох нь энхтайван тогтоох бидний зорилтын нэг хэсэг юм. Тиймээс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилтоосоо бид ухрахгүй. Хэрвээ хоёр Солонгосын харилцааг сайжруулж, Умардын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд үр дүнгээ өгнө гэж харвал миний бие тус улстай хийх ямар ч уулзалтад нээлттэй хандах болно. Үүнд өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээр багтаж байгаа. БНСУ болон Умард Солонгосын яриа хэлэлцээ явж байгаад миний бие АНУын Ерөнхийлөгч Дональд Трампт хандан талархлаа илэрхийлмээр байна. Хэдийгээр яриа хэлэлцээ эхэлсэн ч үүгээр БНАСАУ-ын асуудал шийдэгдсэн гэж үзэж болохгүй. Тиймээс бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран тус улсын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгдлээ.
ТАСС агентлаг уламжилснаар, Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзсанаар тус улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, хоёр Солонгосын харилцааг сэргээхэд дөхөм болох юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Умард, Өмнөд Солонгосын дээд хэмжээний хэлэлцээр амжилттай болсныг сайшааж байна. Хоёр Солонгос цэрэг дайны хурцадмал байдлыг намжаах, цэргийн талын хэлэлцээр хийх, суурин утсыг дахин нээх талаар санал нэгдэж, тохиролцсон нь бүс нутагт энхтайвныг авчрах эхний алхам боллоо. Ингэснээр буруу шийдвэр буюу үл ойлголцлын эрсдэлийг бууруулах, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад чухал үүрэгтэй” гэсэн байна. Мөн Умард Солонгос Пёнчаны өвлийн олимпын наадамд баг тамирчдаа оролцуулах болсныг Гутерриш сайшааж, "Олимпын наадам зохион байгуулах нь улс орнуудын хооронд энхтайван, ойлголцлын уур амьсгал бүрдүүлнэ" гэсэн НҮБ-ын Ерөнхий ассемблейн нотолгоотой нийцэж байна. Солонгосын хойг хийгээд түүний эргэн тойрны бүсэд маш чухал юм гэжээ. Мэдэгдэлд, Эдгээр арга барил, хүчин чармайлт нь чин үнэнч яриа хэлцлийг сэргээхэд тустай. Солонгосын хойгт үүрдийн энхтайван тогтоож, цөмийн зэвсэггүй болгоход тус дөхөм болно гэжээ.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (1)
Энэ чинь харин овоо хүн үү гүй юу ай ... (202.179.24.251)
Хэрэв АНУ байгаагүй бол хоёр Солонгос аль хэдийн нэгдээд учраа олчих байсан. Мун Жэ овоо л нааштай дуугараад байхын. Янк ах нар нь таалахгүй бол хусуулна даа. Яг Пак шиг.