ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 20 хүн өрсөлдөнө
- 2018-01-16
- Дэлхий
- 0

ОХУ-ын Сонгуулийн төв комиссоос тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн байгууллагаас нэр дэвшигчдийн баримт бичгийг бүртгэж дууссан байна. Одоогоор ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн хүчнээс 20 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Харин 15 хүн бие даан нэр дэвшихээр баримт бичгүүдээ хүлээлгэн өгснөөс ОХУ- ын ерөнхийлөгч Владимир Путин болон Кострома мужийн думын депутат Владимир Михайлов нарыг гарын үсэг цуглуулж, сонгуулийн зардлын дансаа нээхийг зөвшөөрчээ.
Ийнхүү бие даан нэр дэвшигч хоёр, намаас 18 нэр дэвшигч бүхий нийт 20 хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байна. Оролцогчдыг нэр дэвшүүлэх үе шат дуусгавар болсны дараа бүртгэлийн үе шат эхэлж байна. Парламентад суудалтай намын нэр дэвшигч нь гарын үсэг цуглуулах шаардлагагүй учраас хамгийн түрүүнд бүртгүүлэх боломжтой бөгөөд нэр дэвшигчдээс Либерал-Ардчилсан намын нэр дэвшигч Владимир Жириновский болон Оросын коммунист намаас нэр дэвшигч, бизнес эрхлэгч Павел Грудинин нар гарын үсэг цуглуулах шаардлагагүй болж байгаа юм. Бусад нэр дэвшигчийн хувьд гарын үсэг цуглуулах шаардлагатай бөгөөд бие даан нэр дэвшигчид нь наад зах нь 300 мянган хүний гарын үсгийг цуглуусан байх ёстой бол парламентад суудалгүй намын нэр дэвшигч нь 100 мянгаас цөөнгүй хүний гарын үсгийг цуглуулсан байх ёстой аж.

Сэтгэгдэл (0)