Б.Эрдэнэхуяг: Төв банкны бие даасан байдлын төвшин эрс нэмэгдсэн
- 2018-01-17
- Эдийн засаг
- 0

Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.ЭРДЭНЭХУЯГТАЙ ярилцлаа.
Төвбанкны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж баталлаа. Энэ хуулийн гол үзэл баримтлал, концепц нь юу вэ?
-Төвбанкны бие даасан, хараат бус байдал нь тухайн улс орны эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал өсөлтөд голлох үүрэг гүйцэтгэдэг. Төрийн бодлогын хэрэгжилтийг үе шатаар нь авч үзвэл нэгдүгээрт, нийтийн ашиг сонирхлыг хангахад чиглэсэн бодлого зорилтоо зөв тодорхойлох, хоёрдугаарт, бодлогыг хэрэгжүүлэгч механизм хэрэгслийг ажиллуулах, гуравдугаарт, уг бодлогыг хүлээн авч байгаа дэд бүтцийг бүрдүүлж, хөгжүүлэх гэсэн тулгууртай байх бөгөөд эхний хоёр хэсэгт байгаа бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх институци нь эдийн засгийн бодлого- мөнгөний бодлогын хувьд Төв банк юм. Хөрөнгийн үнэ цэнийг хадгалдаг, төлбөрийн хэрэгсэл, тооцоо нэгж болдог мөнгөний худалдан авах чадварыг эдийн засаг дахь мөнгө, хүүгийн хэмжээ зэргээр зохицуулан удирддаг энэ байгууллагын бие даасан, хараат бус байдал маш чухал. Ийм ч учраас гадаадын зарим улс Төвбанкны эрх зүйн байдлын үндэс түүний бие даасан байдал, үйл ажиллагааны зорилтыг Үндсэн хуульдаа тусган хамгаалсан байдаг. Мөнгөний үнэ цэнэ алтны ханштай уялдаатай байсан алтан стандарт төгсгөл болж, эдийн засаг дахь мөнгөний хэмжээ, нийлүүлэлтийг зөв бодлогоор зохицуулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор 1970-аад оноос хойш дэлхий даяар Төвбанкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх үүднээс эрх зүйн байдлыг нь тодорхойлох болсон.
Төвбанкны бие даасан, хараат бус байдал нь гурван үндсэн зүйлээс бүрддэг. Нэгдүгээрт, байгууллагын бие даасан байдал буюу бусдаас хараат бус, нөлөөгүйгээр шийдвэр гаргах, үйл ажиллагаагаа явуулах. Хоёрдугаарт, хариуцлагатай байдал. Гуравдугаарт, ил тод байдал юм. Хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлох зорилгоор хийсэн судалгаагаар Монгол Улсын Төвбанк нь байгууллагын хараат бус байдлын хувьд сул байна гэх үр дүн гарсан. Үүнийг хууль, эрх зүйн үүднээс засч, сайжруулах явдлыг нь Төвбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үндсэн үзэл баримтлалд тусгагдсан.
-Энэ үзэл баримтлалын хүрээнд Төвбанкны тухай хуульд ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ. Эдгээр нь ямар ач холбогдолтой байх бол?
-Юуны өмнө Монголбанкны зорилтыг илүү тодорхой болгох явдал. 1993 оноос өнөөдрийг хүртэл Улсын Их Хурлаас баталж байсан төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгаж ирсэн “Үнийн өсөлтийг бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалж, түүний тогтвортой байдлыг хангах, инфляцийг нам дор төвшинд тогтвортой байлгах” зорилтын дагуу тодорхой болгож байна. Макро эдийн засгийн хувьд мөнгөний бодлого-хүүгийн төвшинг улс өөрөө бие дааж тодорхойлох, гадаад валютын ханшийг нэг түвшинд барих, хөрөнгийн урсгалыг чөлөөтэй байлгах гэсэн гурван зорилтыг нэгэн зэрэг хангах боломжгүй гэсэн онолын ойлголт байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд мөнгөний бодлого буюу хүүгийн бодлогоо бие даан тодорхойлохоор тусгасан тул гадаад валютын ханшийг тогтмол барих эсвэл хөрөнгийн урсгалыг чөлөөтэй байлгах гэсэн хоёр сонголтын аль нэгийг хийхээр болж байгаа юм. Хэрвээ Монгол Улс гадаад валютын ханшийг тогтмол барих бодлого хэрэгжүүлнэ гэвэл хөрөнгийн урсгалыг хязгаарлахад хүргэхээр байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгийн урсгал нээлттэй байдаг манай улсын хувьд ийм хязгаарлалт хийхгүй, ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх талаар Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг бизнесийн эрх зүйд хамаарах хууль тогтоомждоо тусган баталгаажуулсан байдаг. Иймд мөнгөний бодлогын зорилтыг тодорхой болгож тусгаснаар Монголбанкны үйл ажиллагааны хууль зүйн тодорхой байдал бэхжиж, бие даасан, хараат бус байдал, хариуцлага нэмэгдэнэ гэж үзсэн. Мөн санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлийн зорилтыг тодорхой болгож, энэ хүрээнд хэрэгжүүлэх макро эдийн засагт учирч болох эрсдэлийг удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийг шинээр тусгаж байна. Хоёрдугаарт, Төвбанкны удирдлагын хараат бус байдал. Төвбанкны удирдлагын албан тушаалд томилох, чөлөөлөх шалгуурыг тодорхой болгох шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуульд тусгайлан заагаагүй аль нэгэн ашиг сонирхлыг төлөөлсөн бусад этгээдээс шалтгаалахгүйгээр чөлөөлөх, томилох харилцаанд маш тодорхой, объектив байдлаар ханддаг болгож, хуульчилсан. Дараагийн асуудал нь Монгол Улс дэлхийн бусад улс орны Төвбанкуудын жишгийн дагуу бодлогын шийдвэр гаргах тогтолцоо, шийдвэрийг хэрэгжүүлэх механизмыг ялгаатай авч үзэж, хуульчилсан юм. Монголбанкны бодлогын шийдвэр хамтын удирдлагын зарчмыг нэвтрүүлж, зөвлөл хорооны зохион байгуулалтаар олонхын саналаар шийдвэр гардаг болно. Өмнөх хуулиар бол Монголбанкны Ерөнхийлөгч Монголбанкийг толгойлон удирдаж, бодлого боловсруулах болон хэрэгжүүлэхтэй холбоотой бүх шийдвэрийг гаргадаг. Үүнтэй холбогдуулаад, Мөнгөний бодлогын хороо, Хяналт шалгалтын зөвлөл болон Монголбанкны бусад асуудлыг шийддэг Удирдах зөвлөлтэй байх бүтцийн өөрчлөлт хийх юм. Дараагийн нэг асуудал бол Засгийн газраас хараат бус байх талын зохицуулалтууд. Ялангуяа төсвийн шинжтэй үйл ажиллагааг хязгаарлах, Монголбанкны үндсэн үйл ажиллагааг тодорхой болгохыг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийсэн. Эцэст нь нэмж хэлэхэд 1996 онд баталсан Төвбанк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим зохицуулалтыг өнөө цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, шинээр томьёолох шаардлагатай байлаа.
-Хуульд өөрчлөлт оруулснаар Төвбанкны хараат бус байдлын төвшин хэрхэн өөрчлөгдсөн гэж харж байгаа вэ. Тооцоо, судалгаа бий юу?
-Төвбанк (Монголбанк)- ны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийн болон ОУВС-гаас хийсэн судалгаа, дотоодын бусад судалгаануудаас үзэхэд Монгол Улсын Төвбанкны бие даасан, хараат бус байдлын төвшин бусад улс оронтой харьцуулахад 50-60 орчим хувьтай байна. Хуульд өөрчлөлт оруулснаар бие даасан, хараат бус байдлын төвшин 80 орчим хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаа. Хуулийг баталсан болохоор түүний хэрэгжилтийг үнэлэх ажил хийж, үр дүнг тодорхойлно.
-Төвбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг тодорхой болгосон гэж байна. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлана уу?
-Одоогийн хуулиар бол жишээ нь Төвбанкны Ерөнхийлөгч ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бол чөлөөлөх нэг үндэслэл болдог. Гэтэл ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэдгийг хэн тодорхойлох вэ, ямар тохиолдолд хангалтгүй гэж үзэх вэ гэдэг асуудал тодорхойгүй байсан. Түүнчлэн “Эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон” гэдэг өргөдөл гаргасан бол гэж байлаа. Гэтэл энэ нь эдгэшгүй өвчин тусах юм уу, эсвэл бие нь бага зэрэг өвдөхөөрөө ажлаасаа чөлөөлөгдөх ч юм уу. Үүнийг бас л тодорхой тусгаж өгөөгүй байж. Тэгэхээр хуулийн өөрчлөлтөөр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж байгаа бол үүнээс шалтгаалж хохирол учирч, түүнийг нь шүүхээс тогтоосон, энэ нь тухайн хүний санаатай, гэм буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзсэн тохиолдолд чөлөөлөх үндэслэл болно. Түүнчлэн эрүүл мэндийн шалтгаанаас гэж байгаа бол тухайн хүний бие, эрүүл мэндийн байдлыг эмнэлгийн байгууллагаас тогтоосон гэх зэргээр нотлох баримт, факттай үед чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж байхаар хуулийн өөрчлөлтөд тусгаж өгсөн.
-Төвбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх саналыг зөвхөн УИХ-ын дарга санаачилсан үед УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэдэг. Энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн үү?
-Чөлөөлөх саналыг хэн нэгэн хүн, албан тушаалтны үзэмжээр бус тодорхой бодит нөхцөл, үндэслэл бүрдсэн үед эрх бүхий этгээдийн саналаар УИХ шийдвэрлэдэг байх талаар хуульд тусгасан.
-Мөнгөний бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг хуульчиллаа. Тус зөвлөл одоогийн хуулийн хүрээнд ч бас ажиллаж байгаа. Нэмж, хуульчилснаар ямар давуу тал бий болох вэ?
-Мөнгөний бодлогын зөвлөл Төвбанкны тухай хуулийн 27 дугаар зүйлд “Монголбанкны Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөх эрхтэй зөвлөл байж болно” гэсний дагуу ажиллаж, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх талаар гол шийдвэрүүд гаргаад явж байна. Гэвч хуулийн дагуу бол энэ зөвлөл нь эцсийн шийдвэр гаргадаггүй, харин Монголбанкны Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу эцсийн шийдвэр гаргадаг. Тэгэхээр энэхүү зөвлөх эрхтэй институцийн эрх зүйн байдлыг хуулиар тодорхойлж хамтын удирдлагын зарчимд суурилсан, олонхын саналаар санал хурааж, шийдвэр гаргадаг болсон. Өөрөөр хэлбэл, Мөнгөний бодлогын хорооноос тогтоол хэлбэртэй шийдвэр гардаг, түүнийгээ олон нийтэд мэдээлдэг болно.
Д.МӨНХ

Сэтгэгдэл (0)