Ши Жиньпин армийнхаа эрх мэдлийг нэмэгдүүллээ

Хятадын эрх баригчид зэвсэгт хүчнийхээ хүчин чадлыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн талаар ТАСС агентлагийн Бээжин хот дахь салбарын эрхлэгч Андрей Кириллов нийтэлсэн байна. Нийтлэлд, сүүлийн долоо хоногт явуулсан томоохон хэмжээний цэргийн сургуулилтууд болон Хятадын Засгийн газар Ардын чөлөөлөх армийнхаа эрх мэдлийг нэмэгдүүлж эхэлсэн талаар дурджээ. БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хүндэт харуул Бээжин хотын төв болох Тяньаньмэний талбайд Хятад улсын төрийн далбааг энэ сарын 1-нд ёслол төгөлдөр мандуулсан билээ. Өмнө нь Ардын зэвсэгт цагдаагийн алба хаагчид төрийн далбаагаа мандуулах хүндэт үүргийг хашдаг байв. Үзэл суртал, соёлын хандлага болон төрийн ашиг сонирхлоос үүдэн Хятадын цэргийн хүчин чадлын талаар судалгаа хийх бололцоо хаагдмал байдаг. 

Гадаадын ажиглагчид энэ үйлдлийг “БНХАУ армийнхаа эрх мэдлийг нэмэгдүүлж байна” гэж тайлбарласан юм. Түүнчлэн Хятад улсын дарга, Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ши Жиньпин Цэргийн төв зөвлөлийн дарга нартаа байлдааны бэлтгэлийн шинэ шаардлага хангасан сургуулилт зохион бай­гуулахыг энэ сарын 1-нд үүрэг болгосон юм. Хятадын цэргийн сахилга бат, цэргийн аж үйлдвэртэй холбогдох хэд хэдэн өөрчлөлтийг зарласан. Шинэчлэлээр цэргийн долоон тойргоо стратегийн дөрвөн чиглэл болгож нэгтгэсэн нь Хятадын Ардын чөлөөлөх арми АНУ-ын цэргийн бүтэцтэй төстэй болсон юм. Цэргийн шинэчлэлийн хүрээнд Ардын чөлөөлөх арми Ерөнхий штабт бус Цэргийн төв зөвлөлд харьяалагдах болжээ.

Хятадын Коммунист намын төв хороо болон Цэргийн төв зөвлөлийн удирдлага доор армийг хүчирхэгжүүлэхээр гол зорилго болгохоо Ши Жиньпин дарга мэдэгджээ. “Батлан хамгаалах салбарт үүрлэсэн авлигын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх аян амжилттай хэрэгжиж байна” хэмээн Ши Жиньпин цохон тэмдэглэжээ. Олон улсын ажиглагчид энэ аяныг хуучин маягийн коммунист үйлдэл гэж эндүүрч байгаа ч энэхүү аян нь харьцангуй цогц ойлголт юм. Авлигын эсрэг аяны хүрээнд тээвэр, инженер, захиргаа болон судалгаа зэрэг хахуульд өртөх магадлалтай салбарын офицеруудыг баривчлан шалгажээ. Хятадын цэргийн шинэчлэл Пентагонд түгшүүр төрүүлж эхэлсэн нь 2010 оноос эхтэй гэнэ. Тухайн үед АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний дэд адмирал Роберт Уиллард цэргийн зорилгоор Цагаан ордноос нэмэлт санхүүжилт хүссэн бөгөөд “АНУ холбоотнуудынхаа аюулгүй байдлыг хангах чадамжгүй” хэмээн тайлбарлажээ. “Хятадын цэргийн шинэчлэл БНХАУ- ын тэргүүн Ши Жиньпиний өргөн цар хүрээтэй төсөл юм.

Энэ удаад байдал бүр ноцтой болж байна. Таван жилийн дотор эхний үр дүн гарах бол арван жилийн дараа Хятадын цэргийн хүчин Пентагоноос аль ч талаараа дутахааргүй болно. Одоо ч Хятадын эдийн засаг Америкийн эдийн засгаас дутахааргүй байна” хэмээн Усан цэргийн шинжилгээний төвийн дэд ерөнхийлөгч, Хятадын судалгааны хэлтсийн захирал Давид Финкельштен мэдэгджээ. Хэдий цэргийн алба хаагчдынхаа тоог цөөлж байгаа ч, жилээс жилд БНХАУ цэрэг батлан хамгаалах салбарын төсвөө нэмэгдүүлж байна. Энэ онд БНХАУ-ын цэрэг батлан хамгаалах салбарын төсөв долоон хувиар нэмэгдэж, 152 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 1.3 хувийг эзэлж байна. Цэрэг батлан хамгаалах салбарын төсвийн хэмжээгээр БНХАУ АНУ-ын дараагаар дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Гэхдээ бодит байдал дээр Бээжин үүнээс илүү хөрөнгө зарлагадаж байгаа гэж шинжээчид харддаг юм. Стокгольмын олон улсын судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар, БНХАУ цэрэг батлан хамгаалахын салбарт өнгөрсөн жил 215 тэрбум ам.доллар зарлагаджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын армийн шинэчлэл 2020 онд дуусна.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)