Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.6 хувьд хүрнэ
- 2018-01-19
- Эдийн засаг
- 0

“Fitch” агентлагийн харьяа “BMI Research” байгууллага Монгол Улсын эрсдэлийн талаарх тайлангаа шинэчлэн танилцууллаа. Тайланд дурдсанаар, Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 6.6 хувьд хүрэхээр байна. Түүнчлэн манай улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.1 хувь болж саарч байсан ч ирэх жилүүдэд томоохон төслүүдийн нөлөөгөөр эдийн засаг сэргэлтийн замдаа орох боломжтой гэж "BMI Research”-ийн шинжээчид үзэж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд “Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2.2 хувиар өснө” гэж таамаглаж байснаа нэмэгдүүлж таван хувь болголоо.
Мөн 2018-2020 оны төлөвийг өмнө нь 5.8 хувь байсныг 6.6 болгож нэмэгдүүлээд байгаа юм. Үүнээс гадна “Энэ онд төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 12.7 хувьтай байна” гэсэн таамгаа 5.5 хувь болгож огцом бууруулжээ. Харин Монгол Улсын түүхий эдийн экспортоос хамааралтай байдал өндөр хэвээр байгаа учраас гадаад “шок”, гэнэтийн өөрчлөлтөд өртөмтгий байдал нь зээлжих зэрэглэлд нөлөөлж байгааг онцлоод энэ онд төгрөгийн ханш суларч магадгүй гэж анхааруулсан байна.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (0)