Хятад: АНУ хүйтэн дайны сэтгэлгээтэй
- 2018-01-21
- Дэлхий
- 0

Ванкувер хотноо болсон 20 орны Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Хятад, ОХУ-ын төлөөллийг оролцуулаагүй билээ. Улмаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан “АНУ Умард Солонгосын цөмийн асуудлаар Гадаад хэргийн сайдуудын төвшний хурлыг зохион байгуулсан. Хатуухан хэлэхэд АНУ хүйтэн дайны сэтгэхүйгээр энэ хурлыг зохион байгуулсан. Энэ нь зөвхөн олон улсын хамтын нийгэмлэгт хагарал үүсгэж, асуудлыг шийдвэрлэхэд ашиггүй нөлөө үзүүлнэ. “Холбоотон орны цэрэг” гэдэг бол хүйтэн дайны үеийн бүтээгдэхүүн, өдгөө цагт тохирохгүй. АНУ, Канад “Холбоотон орны цэрэг”-т харьяалагддаг улсуудын хүрээнд хурал зохион байгуулсан явдал бол хүйтэн дайны сэтгэхүйтэйн илрэл юм. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгт хагарал үүсгэж, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг эв зүйтэй зохицуулах гэсэн хамтын хүчин чармайлтыг үгүйсгэж байна” гэжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын хямралыг шийдвэрлэхэд ОХУ-ын оролцоо чухал биш хэмээн “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. “Умард Солонгостой холбоотой асуудлаар В.Путин дорвитой алхам хийхгүй байна” гэж Д.Трамп ярьсан байна. Умард Солонгосын пуужингийн туршилтуудыг эсэргүүцсэн АНУ тус улсад хатуу хориг тавьж байгаа бол ОХУ дипломат замыг эрэлхийлж байгаа нь Д.Трампын дургүйцлийг төрүүлжээ.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)