Америкчуудыг БНАСАУ руу зорчихгүй байхыг сануулав
- 2018-01-21
- Дэлхий
- 0
АНУ-ын Төрийн Департамент Умард Солонгосыг зорих нь аюултай болохыг иргэддээ анхааруулж байна. Төрийн Департаментын албан ёсны сайтад ийм мэдээлэл гарчээ. Тус мэдээлэлд, иргэддээ хандаж, баривчлагдах аюул өндөр байгаа учир аль болох Умард Солонгос руу зорчихгүй байхыг сануулсан байна. Түүнчлэн АНУ-ын иргэд Төрийн департаментаас олгох тусгай зөвшөөрөлгүй л бол Умард Солонгост зорчих боломжгүйг онцолжээ. Үүний зэрэгцээ АНУ, Умард Солонгос улсууд дипломат болон консулын харилцаагүй учир АНУ Умард Солонгос дахь Америкийн иргэдэд шуурхай тусламж үзүүлж чадахгүйг анхааруулсан аж. Мөн Швед улс АНУ болон Умард Солонгосын хооронд холбоо харилцаа тогтоох зуучлагч хэдий ч Америкийн иргэдэд хязгаарлагдмал тусламж үзүүлэх боломжтойг сануулсан байна. Үүний зэрэгцээ Төрийн департамент тусгай зөвшөөрөл авч Умард Солонгосыг зорих гэж байгаа иргэддээ зориулсан зөвлөмжүүдийг бэлтгэжээ. Тус зөвлөмжид юуны түрүүнд Умард Солонгосыг зорьсон хүмүүс эргэж эх орондоо ирнэ гэсэн баталгаа байхгүйг анхааруулсан байна. Үүнтэй холбоотойгоор Төрийн Департаментаас Умард Солонгосыг зорьж байгаа иргэддээ хандаж онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд ашиглах гэрээслэл бичиж үлдээх, үр хүүхдээ батлан даагчтай болгож, Умардыг зорихыг зөвлөжээ.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)