В.ПУТИН: Кремль АНУ-тай хамтран ажиллахыг хичээдэг

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Европ, Азийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хөрөнгө оруулалт, “Нэг бүс-нэг зам” санаачилга, Пхеньяны цөмийн хөтөлбөрийн тухай Ванкуверийн хуралдааны талаар байр сууриа илэрхийлжээ. Кремлийн албан ёсны сайтад мэдээлснээр, Ерөнхийлөгч В.Путин мөн өдөр гишүүн орнуудын аж үйлдвэр хөдөө аж ахуйн хөгжлийн талаарх зохицуулалтаа эрчимжүүлж, импортын бүтээгдэхүүнийг орлуулах бараа таваарыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл техникийн хамтын ажиллагаа явуулах шаардлагатайг дурдсан байна.

Түүнчлэн зам харилцааны дэд бүтцийн тоног төхөөрөмжийг өөрчлөн сайжруулах төсөл хэрэгжүүлж, ложистикийн гинжин хэлхээ байгуулан Европ, Азийн эдийн засгийн холбооны тээврийн нөөц хүчийг дээшлүүлэх хэрэгтэйг онцолжээ. “Гишүүн орнуудын аж ахуйн нэгжүүд интегралчлалын үйл хэрэгт идэвхтэй оролцон Европ, Азийн хөгжлийн банк, Европ, Азийн тогтвортой хөгжлийн санг үр ашигтай ашиглуулах хэрэгтэй. ОХУ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон бөгөөд Европ, Азийн эдийн засгийн холбоог 2018 онд даргалж байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын итгэлцлийг нэмэгдүүлснээр “Нэг бүс- нэг зам”-ын бүтээн байгуулалт болон Европ, Азийн эдийн засгийн холбоог сайжруулсан. Орос, Хятад хоёр улс Европ, Азийн эдийн засгийн холбоо, Торгоны замын эдийн засгийн бүс байгуулахдаа нэгдмэл хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Хоёр орон эдийн засгийн салбарт стратегийн түнш бөгөөд олон зорилт нь нийцдэг. Бид үр ашигтай хамтран ажиллаж, хоёр орны ард түмэнд ашиг хүртээн, олон улсын байдалд идэвхтэй нөлөөлөх болно. “Нэг бүс-нэг зам”-ын бүтээн байгуулалт болон Европ, Азийн эдийн засгийн холбоо харилцан холбогдсоноор Орос, Хятадын хоёр талт худалдаа тасралтгүй өргөжиж, Засгийн газрын худалдаа, эдийн засгийн байгууллагуудын хамтын ажиллагааны механизм тогтворжсоныг Оросын төрийн тэргүүн онцоллоо. Харин Ванкуверийн хуралдааны талаар “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахад Оросын тал өчүүхэн ч тус дэм болохгүй байна” гэсэн. Кремль Вашингтонтой хамтран бүс нутгийн болон олон улсын асуудлыг зохицуулахыг хичээдэг. ОХУ АНУ-тай хэвийн харилцаатай байхыг эрмэлздэг. Хоёр орон хамтран ажиллах ёстойгоос бус харилцан даажигнах хэрэггүй. Оросын Засгийн газар Вашингтоны талыг дайсан гэж үздэггүй бөгөөд тэдний амжилтыг хүндэтгэн үздэг. Гэтэл АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, хар жагсаалт нийтэлж байна.

НҮБ-ын бүртгэлийн тоо баримтаар, Вашингтоны зүгээс тавьсан хоригийн улмаас манай улс 50-52 тэрбум ам.долларын хохирол амссан. Солонгосын хойгийн хувьд тэднийг шууд яриа хэлэлцээр хийхийг Оросын тал сайшаан дэмжиж байна. Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахад аль орон илүү үүрэг гүйцэтгэх нь чухал биш. Харин хамтын хүчин чармайлтаар хоёр Солонгосын шууд яриа хэлэлцээрт түлхэц өгөх хэрэгтэй” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин байр сууриа илэрхийлжээ.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)