А.Меркель эвслийн Засгийн газар байгуулж магадгүй

Германы парламентын хоёр дахь том хүчин болох Социал демократ нам Ангела Меркелийн эвсэлтэй хамтран их эвслийн Засгийн газар байгуулах асуудлаар хэлэлцээр хийхээр болжээ. “Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, А.Меркельтэй хамтран их эвслийн Засгийн газар байгуулах саналыг Социал демократ намын гишүүдийн олонх нь дэмжиж байгаа аж. Социал демократ намын их хурал Бонн хотноо болсон юм. Германы парламентын сонгуульд А.Меркелийн Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо эвсэл 33.5 хувийн саналаар тэргүүлсэн бол Социал-демократ нам 21 хувийн санал авсан билээ. Социал демократ намын дарга Мартин Шульц нь А.Меркелийн эвсэлтэй нэгдэхгүй гэдгээ сонгуулийн дараа мэдэгдсэнээр А.Меркель жижиг намуудтай хамтран эвслийн Засгийн газар байгуулахаас өөр аргагүйд хүрээд байсан юм. Гэвч А.Меркелийн эвсэлтэй хамтран эвслийн Засгийн газар байгуулахаар тохиролцоонд хүрээд байсан жижиг намууд цагаачлал болон эрчим хүчний асуудалтай холбоотой санал зөрөлдөөний улмаас эвслийн Засгийн газарт нэгдэхээргүй болсон юм. Үүний улмаас А.Меркель хүнд байдалд ороод байв. Харин Социал демократ намын дарга М.Шульц Германы Ерөнхийлөгч Фрэнк Вальтер Штайнмайертай шинэ оны өмнө уулзсаныхаа дараа байр сууриа зөөллөж, А.Меркелийн хоёр намын эвсэлтэй хамтран дахин их эвслийн Засгийн газар байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийж эхэлсэн юм. Социал демократ намын өчигдрийн шийдвэртэй холбоотойгоор А.Меркель мэдэгдэл хийхдээ “Миний хувьд тогтвортой Засгийн газар байгуулах нь юу юунаас илүү чухал” гэжээ. А.Меркелийн намуудын эвсэл болон Социал демократ нам их эвслийн Засгийн газрын баримтлах бодлогуудыг тодорхойлохоор энэ долоо хоногтоо багтан сүүлчийн шатны хэлэлцээгээ хийж эхэлж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Б.Анир

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)