Игорь Моргулов: Хоёр Солонгосын хэлэлцээр олимпын дараа ч үргэлжлэх ёстой

Пёнчаны олимпыг угтан хоёр Солонгосын хооронд ажлын төвшний хэлэлцээрүүд амжилттай болсон билээ. Солонгосын хойгт энхтайвныг эргүүлэн цогцлоож магадгүй эдгээр хэлэлцээрийг дэлхийн тэргүүлэгч гүрнүүд анхааралтай ажиглаж, байр сууриа илэрхийлсэн. ОХУ- ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Моргулов хоёр Солонгосын хэлэлцээрийн талаар ТАСС агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр Орос Умард Солонгосын харилцаа болон Пхеньян Вашингтоны хэлэлцээрт Москвагийн гүйцэтгэх үүргийн талаар ярьжээ.

-Игорь Владимирович, хоёр Солонгосын хооронд дээд төвшний яриа хэлэлцээр энэ сард гурван удаа боллоо. Сөүл, Пхеньяны хооронд болсон яриа хэлэлцээрийн хэтийн төлөвийг та хэрхэн үнэлж байна?

-Өмнөд Солонгосын санаачилгаар зохион байгуулсан хоёр улсын хэлэлцээр эхний уулзалтаараа үр дүнд хүрсэн гэж би үзэж байна. Сөүл, Пхеньяны хооронд болсон яриа хэлэлцээр бол Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад чиглэсэн Орос, Хятадын хүчин чармайлтын үр дүн гэдгийг дахин сануулъя.

-Вашингтоны тал Пхеньянд үзүүлэх дарамт, шахалтаа нэмэхийг хүсч байна. АНУ-ын удаа дараа хийж буй мэдэгдэл БНАСАУ болон Өмнөд Солонгос улсын хооронд “дулаарлын” үеийг авчирч буй хэлэлцээрийн хэрэгжилтэд нөлөөлөх болов уу?

-Пхеньянд үзүүлэх дарамт, шахалтаа чангаруулсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2375 дугаар тогтоолыг Олон улсын хамтын нийгэмлэг өнгөрсөн сард санал нэгтэйгээр баталсан. Ингэхдээ Умард Солонгосын пуужингийн туршилт болон цөмийн хөтөлбөрт нөлөөлөх арга хэмжээний талаар тохиролцсон. Вашингтон энэ шийдвэрт заасан арга хэмжээнүүдийг хатуу мөрдөхийг бид уриалж байна. Уг тохиролцоо нь Пхеньяны эсрэг олон улсын хориг арга хэмжээг зохицуулдаг. АНУ Пхеньяны эсрэг нэмэлт арга хэмжээ авахын хувьд НҮБ- ын Аюулгүй зөвлөл дэх ОХУ-ын нэг талын хязгаарлалтыг үргэлж эсэргүүцдэг.

-Пхеньян ба Вашингтоны хооронд шууд яриа хэлэлцээр эхэлбэл БНХАУ, Оросын хамтран боловсруулсан Солонгосын хойгийн зураглал өөрчлөгдөнө гэж зарим шинжээч дүгнэдэг. Москвагийн эрх баригчид Пхеньян, Вашингтоны шууд яриа хэлэлцээрт бэлэн үү. Таны бодлоор энэ хоёр улс ойрын хугацаанд хэлэлцээр хийх боломжтой юу?

-Вашингтоны тал Умард Солонгостой шууд хэлэлцээр хийхийн тулд бидэнд хандах хэрэгтэй. АНУ, БНАСАУ-ын хооронд шууд яриа хэлэлцээр өрнөхийг Москвагийн тал дэмжих болно. Манай улс энэ хоёр орныг хэлэлцээрийн ширээний ард суулгахын тулд бүх хүчин чармайлтаа дайчлан ажиллана.

-Солонгосын хойгийн нөхцөл байдлыг зохицуулах тухай ОХУ, АНУ-ын харилцааг тасалдуулаагүй гэж Москвагийн тал мэдэгдсэн. Та АНУ-ын Умард Солонгосыг хариуцсан түшээ Жозеф Юнтай Солонгосын хойгийн форматаар ярилцсан. Дараагийн уулзалт хэзээ, хаана болох вэ?

-Солонгосын хойгийн үл ойлголцлыг намжаах форматын дагуу ээлжит уулзалт хэзээ болох нь тодорхойгүй байна. Жозеф Юн миний урилгыг хүлээж авдаг боловч хэзээ уулзаж болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөггүй. Товчхондоо ээлжит уулзалтаа дипломат шугамаар товлоогүй байна. БНАСАУ-ыг хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгчтэй хийх дараагийн уулзалт Москвад болно гэдгийг баталгаатай хэлье.

-БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны тусгай төлөөлөгчид Москвад айлчилсан. Хоёр орны хооронд дээд төвшний уулзалт ойрын үед болох уу?

-Пёнчаны олимпын наадмыг эхлэхээс өмнө Орос, Умард Солонгосын талын Гадаад хэргийн яамны төвшний уулзалт Москвад болсон. Пхеньяны төлөөлөгчидтэй дахин уулзахаас бид татгалзахгүй. Хэрвээ Гадаад хэргийн яамны төвшний уулзалт дахин болбол хоёр улсын хамтын ажиллагаа, дипломат бодлогын талаар голлон ярилцана.

-Пёнчаны олимпын наадмын нээлт эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Олимпын наадмын үеэр Солонгосын хойгт мөргөлдөөн гарч болзошгүй талаар Москва санаа зовж байна уу?

-Нөхцөл байдал дордохгүй гэж найдаж байна. Бидний бодлоор, Сөүл, Пхеньяны хооронд болсон яриа хэлэлцээр олимпын наадмын үеэр хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэхдээ хоёр Солонгосын хэлэлцээр олимпын дараа ч үргэлжлэх ёстой.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)