Д.Даваасүрэн: "Хар жагсаалт"-аас гарсан нь хөрөнгө оруулагчдад эерэг дохио болно

 Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.ДАВААСҮРЭНТЭЙ ярилцлаа.

-Европын холбооноос Монгол Улсыг татварын тогтолцоо муу, хамтран ажилладаггүй гэдэг шалтгаанаар “хар жагсаалт”-д оруулсан байсныг болиулж, “саарал жагсаалт” руу шилжүүлжээ. Үүнд манай Гадаад харилцааны сайд болон Тусгай элчин сайдын гүйцэтгэсэн үүрэг, хүчин чармайлт их байсан байх. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Европын холбоо манай улсыг татварын таагүй орчинтой орнуудын “хар жагсаалт”-д оруулснаа зарласан. Үүнд Засгийн газар анхаарал хандуулж, 350 дугаар тогтоолыг гаргаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараар ахлуулсан ажлын хэсэгт Сангийн болон Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл багтаж, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг томилон ажиллууллаа. Тэд сар гаруйн хугацаанд нэлээд эрчимтэй ажиллаж, Европын холбооны дээд төлөөлөгч, ноён Могерини болон Европын холбооны гишүүн 28 улсын Гадаад хэргийн сайд нарт Гадаад харилцааны сайдаас захидал илгээсэн. Мөн Европын холбоонд сууж буй Монгол Улсын Элчин сайдын яамныхан идэвх чармайлт гаргасны үр дүнд энэ сарын 23- нд манай улсыг “хар жагсаалт”- аас гаргалаа.

-Энэ “хар жагсаалт”-д орсноор ямар сөрөг үр дагавар гарах магадлалтай вэ?

-Юуны өмнө Монгол Улс хэдий ардчилсан улс боловч Европын холбооны засаглалын сайн зарчмуудыг хэрэгжүүлдэггүй орон гэсэн сөрөг үнэлэлт дүгнэлтэд хүрнэ. Дээрх жагсаалтаас гарснаар татвар нь ил тод, сайн засаглалтай, иргэддээ нээлттэй улс болохоо батлахаас гадна хөрөнгө оруулагчдад эерэг дохио болох юм. Манай бизнес эрхлэгчид Европын холбооны улсуудад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд таатай орчин бүрдэх болно.

-Хэдийгээр “хар жагсаалт”-аас гарсан ч “саарал”-д нь орж байгаа юм байна. Энэ талаар тайлбар хийнэ үү?

-Бид хоёр жилийн хугацаанд Европын холбооны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, сайн засаглалаа бэхжүүлж, татварын эрх зүйн орчинд гарч буй өөрчлөлт зэрэг тайлан мэдээгээ өгч, Европын холбооны стандарт, хэм хэмжээг нэвтрүүлж гэмээнэ “саарал жагсаалт”-аас гарах боломжтой. Ер нь энэ жагсаалт “хар”-аасаа арай дээр боловч манай улсын эдийн засгийн байдал мөнгө угаах, бусад хууль бус зүйлд зарцуулагдах хөрөнгө дамжих магадлал, эрсдэлтэй гэж үзэж байгаа хэрэг юм. Тиймээс бид Европын холбоотой хамтран ажиллаж, энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг авч, санхүү, татварын орчноо сайжруулснаар “саарал жагсаалт”-аас нэн даруй гарах л шаардлагатай.

-АНУ-ын Төрийн департаментаас манай улсын иргэдийг гэрээгээр ажиллуулах боломжийг олголоо. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ- ын Төрийн департаментын туслах Монголд айлчилсан. Энэ айлчлал дээрх асуудалтай холбоотой байсан уу?

-АНУ-ын Төрийн департаментын туслах, нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торонтон манай улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд Монгол, Америкийн зөвлөлдөх XII уулзалтыг зохион байгууллаа. Миний бие Монголын талыг ахалж оролцсон. Уулзалтаар хоёр талын бүхий л асуудлыг ярилцдаг бөгөөд БХЯ, СЯ, ХЗДХЯ, БОАЖЯ, ХНХЯ болон Үндэсний стратеги судлалын хүрээлэн гээд төрийн бүх байгууллагын төлөөлөл оролцсон. 2016 оны арваннэгдүгээр сард Вашингтон хотноо болсон Зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж ярилцсан асуудлуудыг дүгнэж үзэхэд биелэлт нь 90 гаруй хувьтай байлаа. Мөн 30 жилийнхээ ойтой золгож буй хоёр орны улс төрийн иж бүрэн түншлэлийн харилцааг ойрын ирээдүйд стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бизнесийн харилцааг өргөжүүлэх талаар ярилцсан. Хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчны салбарт хамтын ажиллагааны эхлэл сайн байгааг онцоллоо. Юуны түрүүнд эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлснээ цаашид өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт мал, махыг экспортлох төслийг хэрэгжүүлэхийн тулд 10 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо. АНУ-ын Төрийн департаментын туслах, нарийн бичгийн даргын айлчлалын үеэр Монголын талаас ажиллах хүч авах Н2 визэд иргэдийг хамруулах болсныг нотолсон байгаа. Энэ талаар бид 2016 оноос хойш ажилласны үр дүн ийнхүү гарч байна. Н2 виз нь Америкийн хөдөө аж ахуйн салбарт түр хугацаагаар ажиллуулах, Н2В нь үйлчилгээний салбарын виз байгаа юм. Гэхдээ эхлээд Гадаад харилцааны яам АНУ- ын холбогдох байгууллагатай ярилцаж тохирно. Ямар зуучлалын байгууллага, яаж иргэдийг хамруулах талаар ярилцахаар болсон.

-Энэ мэдээлэл гарснаас эхлээд сошиалаар янз бүрийн зар их гарах боллоо. АНУ-д зуучилж ажилд оруулна гэх мэтчилэн. Та энэ тухайд юу хэлэх вэ?

-Түр хугацаагаар гэдэг нь нэг жилийг хэлж байгаа юм. АНУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам зөвхөн манай улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан үнэн зөв мэдээллийг өгч байна. Америкийн талаас энэ оны гуравдугаар сарын 1-нээс визийг олгож эхлэхээр ажиллаж байгаагаа хэлсэн. Виз олгоно, ажилд зуучилна гэсэн худал ташаа мэдээлэл, зараас иргэд болгоомжилж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Гадаад харилцааны яам Америкийн талтай ярилцаж тохиролцсоны дараа бодитой, үнэн зөв мэдээллийг өгөх болно.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (49.0.218.60)

    2018-01-31

    ёстой хуцваа