Хавдрын эсрэг үндэсний аян 7 дахь жилдээ амжилттай хэрэгжлээ

Олон улсын хорт хавдартай тэмцэх холбоо (UICC) анх 2005 онд санаачлан хорт хавдрын улмаас нас барж буй сая сая хүний амь насыг аварч, энэхүү аюулт өвчнөөс сэргийлэхэд хувь хүн, засгийн газрын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор “ДЭЛХИЙН ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ӨДӨР”-ийг жил бүрийн 2 дугаар сарын 4-ний өдөр тэмдэглэдэг.  

 2018 онд “Би чадна, бид чадна, та ч бас чадна” уриан дор хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд дэлхий дахинаа төдийгүй манай оронд тулгамдаж байгаа хавдрын аюулыг багасгахад та бидний хийж чадах, амлаж чадах, хэрэгжүүлж чадах бүхий л хамтын ажиллагааг нээн харуулахад бүх нийтээрээ нэгдэхийг уриалж байна.

 Монгол улсад 2016 онд 5,991 хүн хорт хавдраар өвчилж, 4,112 хүн  нас барсан бөгөөд 15,000 гаруй хорт хавдартай хүн амьдарч байна. Хорт хавдрын нас баралт өндөр байгаа нь нийт хорт хавдрын 76% нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож байгаатай холбоотой. Манай оронд бүртгэгдэж буй нийт хорт хавдрын 70 гаруй хувийг элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байнаЭдгээр хавдраас бид сэргийлэх боломжтой билээ.

Хэдийгээр хорт хавдар өвчин нь хүн төрөлхтөнд түүний дотор монгол хүн амын амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа эрүүл мэндийн тулгамдсан асуудал ч гэсэн хорт хавдраас сэргийлэх боломжтой гэдэг нь шинжлэх ухаанд нэгэнт нотлогдсон билээ.  Ер нь хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлэхэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд,  хувь хүн хамт олон  хамтдаа ажиллаж чадвал энэхүү аюулт өвчнийг хяналтандаа авч чадах юм.

2011 оноос хойш орон даяар хэрэгжүүлсэн “ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН” нь мэргэжлийн байгууллага болон хувийн хэвшил хамтран хавдартай тэмцэхэд үр дүнд хүрч болохыг харуулсан сайн жишээ болж байна. Энэхүү аяныг ХААН Банк Сан 1 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлэн ХСҮТ, МҮОНРТ хамтран 7 жил амжилттай хэрэгжүүллээ. Уг аяны хүрээнд хорт хавдрын сэргийлэлт, эрт илрүүлэлтийн ач холбогдлын талаар олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгаа хийхийн зэрэгцээ эрсдэлт бүлгийн хүн амд хорт хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Мөн ХААН Банкны 2,600 гаруй ажилтнууд сайн дурын идэвхтнээр бэлтгэгдэн олон нийтэд банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай ойлголт, мэдээллийг түгээж байаУг аян хэрэгжсэн 7 жилийн хугацаанд ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй багт давхардсан тоогоор 300 гаруй эмч мэргэжилтнүүд ажиллаж, 63,089  км замыг туулан дунджаар Монгол улсын бүх аймагт дунджаар 3-4 удаа ажиллахдаа эрсдэлт бүлгийн 115,725 хүнд үзлэг, шинжилгээ хийж, аймгуудад 477 хүнд хорт хавдрын мэс засал эмчилгээ хийсэн нь хөдөөгийн хүн амд хорт хавдрын тусламж, үйлчилгээг ойртуулсан өгөөжтэй ажил болж чадлаа.

Жил бүрийн 2-р сарын 4-ний өдөр буюу хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэх хүрээнд “Хавдрын эсрэг үндэсни аяны ” үр дүнгээ хэлэлцэж, дараагийн жилдээ хийх ажлаа төлөвлөж, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудтай мэдээлэл солилцдог үйл ажиллагааг  уламжлал болгон хийдэг билээ.

 

 

ХААН Банк Сан

Хавдар судлалын үндэсний төв

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)