Пхеньянд цэргийн жагсаал боллоо
- 2018-02-10
- Дэлхий
- 0

Умард Солонгосын Ардын армийн 70 жилийн ойг тохиолдуулан цэргийн сүрт жагсаал зохион байгуулж, олон улсын анхаарлыг татлаа. ТАСС агентлагийн мэдээлснээр, цэргийн жагсаал орон нутгийн цагаар 10.30 цагт эхэлж, цэргийн 50 мянган алба хаагч оролцжээ. Умард Солонгосын армийн сүр хүчийг харуулсан баярын жагсаалд Ардын армийн дээд командлагчийн хувьд, БНАСАУ- ын удирдагч Ким Жон Ун хар дүрэмт хувцастай оролцсон байна. Өмнөд Солонгост өнөөдөр эхлэх “Пёнчан-2018” өвлийн олимпын наадамтай зэрэгцэн Пхеньянд зохион байгуулсан жагсаалд Умард Солонгосын 200 орчим цэргийн техник хэрэгслийг нийтэд дэлгэн үзүүлжээ. БНАСАУ-ын “АНУ-ын эх газарт хүрч цохилт өгөх хүчин чадал бүхий тив алгасах пуужин” гэж тодорхойлоод байгаа пуужинг жагсаалын үеэр харах боломж олдож магадгүй гэж шинжээчид таамаглаж байв. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Пхеньян мэдэгдэл хийхдээ “Бид “Хвасон-15” хэмээх тив алгасах шинэ төрлийн баллистик пуужинг амжилттай туршлаа” гэсэн. Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй гэдгээ АНУ-д харуулах зорилгоор энэ удаагийн парадыг зохион байгуулах гэж байна гэж ажиглагчид үзэж байна. Пхеньян Ардын армийнхаа ойг жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-нд тэмдэглэж, армийнхаа зэр зэвсгийн хүчин чадлыг дэлхийд харуулсаар ирсэн. Дөрөвдүгээр сарын 25 бол БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Кений 1932 онд Японы эсрэг партизаны бүлгийг байгуулсан түүхэн өдөр юм. Харин байнгын армитай болсон өдөр нь хоёрдугаар сарын 8 ажээ. Пхеньян 1978 оныг хүртэл Умард Солонгосын Ардын Арми байгуулагдсаны ойг хоёрдугаар сарын 8-нд тэмдэглэдэг байжээ. Харин энэ жил Пёнчаны олимптой давхцуулан хуучин тэмдэглэдэг байсан ойн өдрөө шилжүүлсэн байж магадгүй хэмээн ажиглагчид тайлбарлаж байна. Хиймэл дагуулаас авсан сүүлийн үеийн зургуудаас харвал Пхеньяны ойролцоох агаарын баазын талбайд зэвсэг техник, цэрэг цуглаж, парадын бэлтгэл хийж байгаа нь ажиглагджээ. Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгч парадын бэлтгэлд оролцох цэргийн тоо нэмэгдсэнийг “Рёнхап” агентлагт уламжилсан байна. Олон улсын анхаарал Солонгосын хойгт хандсан энэ цагт Пхеньян шинэ зэвсэг техник, армийн хүчин чадлаа олон улсад харуулах боломж тохиож байгаа юм. Өнгөрсөн жил АНУ, БНАСАУ- ын тавьсан “жүжгүүд” дэлхий нийтийн анхаарлыг татсан. Нэгдсэн улс “Карл Винсон” гэх 90 мянган тонн жинтэй тээвэрлэгч хөлөг онгоц тэргүүтэй усан болон агаарын флотоо Солонгосын хойгт байрлуулж, Өмнөдийн армитай хамтарсан цэргийн сургуулилт хийж байв. Харин БНАСАУ-ын зүгээс байлдааны буудлагатай өргөн хэмжээний цэргийн сургуулилт хийж хариу барьсан. Тус улсын зүүн эрэгт болсон уг арга хэмжээг БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, Хөдөлмөрийн намын дарга Ким Жон Ун өөрийн биеэр удирдан явуулсан билээ. сургуулилтын үеэр шумбагч хөлөг онгоц, бөмбөгдөгч онгоц, 300 гаруй өөрөө явагч их буу зэрэг зэвсэг техникийг оролцуулсан. АНУ, Умард Солонгосын сөргөлдөөн одоо ч үргэлжилж байна. Тухайлбал, Умардууд Өмнөд Солонгос болох олимпын наадмын өмнөх өдөр цэргийн сүрт жагсаал зохион байгуулсан нь цаанаа АНУ-д хаягласан “жүжиг” гэж олон улсын шинжээчид дүгнэлээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА

Сэтгэгдэл (0)