Хятадын экспорт өсчээ
- 2018-02-13
- Дэлхий
- 0

БНХАУ-ын худалдааны үзүүлэлт шинжээчдийн таамгаас давсан эерэг үзүүлэлттэй гарлаа. Экспорт нь жилийн дүнгээр 11.1, импорт 36.9 хувиар өссөн байна. Ингэснээр худалдааны тэнцэл нь 20.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. БНХАУ-ын импортын өсөлт арванхоёрдугаар сард 4.5 хувь болж огцом буурснаас дотоодын эрэлт суларч байна гэх таамаг гарч байжээ. Хэдий тийм боловч энэ үзүүлэлт өнгөрсөн жилийн эцэст сүүлийн 11 сарын дээд хурдаар өссөн байна. Тус улсын импортод түүхий эдийн зах зээл хамгийн их жин дарсан хэвээр байгаа аж. Үүний дотор газрын тосны импорт түүхэн дээд хэмжээндээ хүрч өссөн бол төмрийн хүдрийнх удаалж байна. Түүнчлэн БНХАУ-ын АНУ-тай хийх худалдааны харилцаанд сорилт тулгарч магадгүй байгаа юм. Хоёр талын худалдаанаас БНХАУ өнгөрсөн онд 275.8 тэрбум ам.долларын ашиг олсон нь 2015 оны түүхэн дээд төвшнийг давсан үзүүлэлт болжээ. Мөн юанийн ханш чангарч байгаа нь тус улсын экспортын бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бууруулах эрсдэлтэй байгааг шинжээчид онцолж байна.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)