“АН-148” онгоцны ослыг осол биш халдлага гэв
- 2018-02-13
- Дэлхий
- 0

ОХУ-ын иргэний агаарын тээврийн “Саратовских авиалиний” компанийн Москва-Орск чиглэлд нислэг үйлдэж байсан “АН-148” онгоц Бронницы тосгоны орчим сүйрсэн харамсалтай явдал болжээ. Онгоц Москвагийн Домодедово нисэх буудлаас хөөрснөөсөө хойш хэдхэн минутын дараа сүйрсэн байна. Ослын улмаас 65 зорчигч, экипажийн зургаан гишүүн амь насаа алджээ.
“Саратовских авиалиний” компанийн хэвлэлийн төлөөлөгч Е.Воронова “Онгоц 2016 онд парк засварт орсон ба техникийн ямар нэгэн эвдрэлгүй байсан. “RA-61704” дугаартай энэхүү онгоцыг 2010 оноос иргэний агаарын тээвэрт ашиглаж эхэлсэн бөгөөд 2011 онд 400 цаг 45 минутын амжилттай нислэг үйлдэж, “АН-148” загварууд дунд амжилт тогтоосон юм. Экипажийн дарга агсан В.Губанов АН загварын нисэх онгоцыг гуч орчим жил жолоодсон туршлагатай нисгэгч байсан. Түүнчлэн “Альфа” даатгалын компаниас амь насаа алдсан зорчигчдын ар гэрт нь тус бүр 100 мянган рублийн нөхөн олговор өгөх бөгөөд Москва хотын захиргаанаас нэг сая рубль төсөвлөсөн” хэмээн мэдэгджээ. 703 дугаартай нислэгийн дарга агсан В.Губановтай олон жил ажилласан нисгэгчээс Оросын “Эрх чөлөө радио” агентлаг ярилцлага авчээ.
Нэрээ нууцалсан эх сурвалж “Нисгэгчийн буруугаас болон техникийн үзүүлэлт муу байснаас онгоц сүйрсэн гэсэн таамагт итгэхгүй байна. Би Валерий Губановын хоёрдугаар нисгэгчээр олон жил ажилласан. Энэ бол халдлага.
Нислэгийг удирдах төвийн мэдээлснээр, онгоц 2000 метрийн өндөрт нисч байсан. Ийм өндөрт нисч байгаа тохиолдолд зорчигчид төдийгүй онгоцны үйлчлэгч, нисгэгчид ч суудлын бүсээ тайлдаггүй. Хэрвээ нисэх онгоц 1800-2000 метрийн өндрөөс унасан тохиолдолд их бие нь бүхэл хэсэгт хуваагддагийг нисгэгчид сайн мэддэг. Зам тээврийн сайд М.Соколов “Генетикийн шинжилгээгээр зорчигчдын хэн болохыг тогтооно” гэсэн. Ямар нэгэн нисэх биеттэй мөргөлдсөн эсвэл дэлбэрсэн тохиолдолд нисэх онгоцноос юу ч үлдэлгүй сүйрдэг. Тиймээс агаарын замд дэлбэрэлт болсон байх” хэмээн ярьжээ. Дашрамд өгүүлэхэд, “АН-148” зорчигч тээврийн онгоцны загварыг Украины төрийн өмчит “Антонов” товчоо 2001-2004 онд зохиосон байна. Энэхүү загварыг Оросын Воронеж хотод 20 сая ам.долларын өртгөөр угсарч, үйлдвэрлэдэг ажээ.




Б.Саруул

Сэтгэгдэл (0)