С.Лавров: “Исламын улс” бүлэглэлд цохилт өгнө

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Серби улсад албан айлчлал хийсэн байна. Тэрбээр Серби, Косовогийн хэлэлцээрт АНУ хөндлөнгөөс оролцвол ОХУ зүгээр суухгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. С.Лавров Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичтай уулзсаныхаа дараа хэвлэлийн бага хуралд оролцож “ОХУ, Сербийн түншийн харилцаанд ямар ч болзол тавихгүй. Серби улсын Европын холбоонд элсэн орох үйл явцад ахиц гараасай гэж Москвагийн зүгээс хүсч байна. Серби улсын гадаад харилцааны бодлогод ОХУ саад хийхгүй. Төвийг сахих байр суурьтай Серби улс нь Балканы бүс нутгийн тогтвортой байдалд чухал нөхцөл болно” гэжээ. Тэрбээр олон улсын анхаарлын төвд байгаа Косовогийн асуудлын талаар “Серби, Косовогийн хэлэлцээрт гуравдагч орныг оролцуулах бодолгүй байна. Европын холбоо арга хэмжээ авч Сербийн итгэлийг дахин олж авах хэрэгтэй. Ингэвэл сая Серби, Косовогийн хэлэлцээр үр дүнд хүрнэ” хэмээн байр сууриа илэрхийллээ. Харин Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич “Серби ОХУ-ын дипломат харилцаа 180 жилийн түүхтэй. Хоёр орон харилцан нэг нэгнээсээ урваж няцсан удаагүй юм. Серби Европын холбоонд элсэн орохоор хичээж байна. Үүний зэрэгцээ ОХУ-тай харилцаагаа хөгжүүлэх болно. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрх, тусгаар тогтнолын талаар Сербийг дэмжсээр ирсэн ОХУ-д талархаж байна” гэв. Гадаад албан айлчлалынхаа хүрээнд Сергей Лавров Пакистаны гадаад хэргийн сайд Хаваджа Асифтай хэлэлцээр хийсэн байна.

Уулзалтын үеэр Оросын тал Пакистантай терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хэт даврагч "Исламын улс" бүлэглэлийн Төв Азид дахь үлдэгдэл хүчинд цохилт өгөхөө мэдэгдлээ.

С.Лавров “Бодит үйл ажиллагаа явуулах замаар терроризмд цохилт өгөх нь Оросын талын баримтлах зарчим юм” хэмээсэн байна. Террорист этгээд эзэмшиж буй газар нутагт тэднийг шууд устгах болно гэжээ. Оросын Гадаад харилцааны яамны сайтад мэдээлснээр, Пакистанд туслан терроризмд цохилт өгөх хүчээ дээшлүүлэхэд Оросын тал бэлэн байгаа аж. Энэ нь Пакистаны аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцнэ хэмээн үзэж байна. 2017 онд Оросын тал Пакистан улсад терроризмын эсрэг тэмцэлд зориулан дөрвөн нисэх онгоцоор өгчээ. Пакистаны талтай терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа үргэлжлэн бэхжүүлэхээр Оросын тал шийдсэн тухай ТАСС агентлагийн мэдээнд “Орос, Пакистан хоёр улс Афганистаны байдалд анхаарал хандуулж байна. Тус улсын хил дэх террорист ажиллагаа газар авч, мансууруулах бодисын заналхийлэл нэмэгдэн, хэт даврагч“Исламын улс” бүлэглэлийн үлдэгдэл хүчин цаашид газар авахаас сэтгэл түгшиж байна” гэжээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Пакистан улсад айлчилж, хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Энэхүү гэрээний хүрээнд талууд терроризм болон хар тамхины наймаатай тэмцэхээр болжээ. ОХУ-ын хувьд нэгэн цагт Энэтхэгийн гол зэвсэг нийлүүлэгчид тооцогддог байсан ч сүүлийн жилүүдэд энэхүү зах зээлд АНУ хүч түрэн орж ирснээр Пакистантай хамтын ажиллагаа өргөжүүлж байна гэж шинжээчид дүгнэжээ. Мөн Пакистан нь БНХАУ- ын холбоотонд тооцогддог нь нөлөөлсөн болохыг онцолж байгаа юм. Үүнээс гадна НАТО Афганистанаас цэргээ гаргасны дараа хоёр улсын хамтын ажиллагаа бүс нутагт энхийг тогтооход чухал болохыг Пакистаны зүгээс онцолсон байна. ОХУ баруунтай харилцах харилцаанд нь сэв суусан учир дорнодыг чиглэсэн бодлого баримтлах болжээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)