Санхүүгийн зах зээл 25 хувиар өсчээ

Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зэрэг банкнаас бусад санхүүгийн салбаруудыг зохицуулдаг. Эдгээр салбаруудад 2017 оны жилийн эцэст цөөнгүй сайн үр дүн гарч, нийтдээ дунджаар 25 хувийн өсөлттэй ажилласан сайн мэдээг өнөөдөр тус хорооноос мэдээллээ.

Хэвлэлийн бага хуралд салбаруудын санхүүгийн тойм мэдээллийн хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун тоймлон мэдээлж, Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга С.Баянцогт, Хадгаламж зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул, Хяналт шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Ариунаа нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

СЭШХ-ийн дарга Н.Хүдэрчулууны мэдээлснээр, 2017 онд үнэт цаасны салбарт л гэхэд зах зээлийн нийт үнэлгээ нь 2.4 их наяд төгрөгт хүрч, 2016 оныхоос 65.9 хувиар өсөн, түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Үүнийг ДНБ-тэй харьцуулвал, 9 хувь байгаа юм. Түүнчлэн шинээр гаргасан үнэт цааснууд бүгд өндөр амжилттай арилжаалагдсан нь тус салбарт зах зээлийн эрэлт ихээхэн нэмэгдсэнийг харуулж байна.

Даатгалын салбарын нийт хөрөнгө 2017 оны жилийн эцсийн байдлаар 244.7 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 17.4 хувиар өсжээ. Нийт хураамжийн орлого 26.1 хувиар, нөхөн төлбөр 31.9 хувиар өсөж, цэвэр ашиг өнгөрсөн жилээс 15.7 хувиар нэмэгдсэн байна.

Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгийн хэмжээ 2017 онд 969.2 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 3.6 хувьтай тэнцүү байна. ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсний дүнд зээлийн нийлүүлэлт өсөж, зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 4 хувиас буурч 3.4 хувьд хүрээд байна.

Хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн тоо 55,624 болж, энэ салбарын нийт хөрөнгийн хэмжээ 153.1 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд нийт цэвэр ашиг 5.5 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2012 оноос хойшхи хамгийн өндөр өсөлт бөгөөд салбарын нийт зээл 105.2 тэрбум төгрөгт хүрсэн нь сүүлийн 9 жилийн хугацаанд хамгийн өндөр дүн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)