БНАСАУ АНУ-тай хэлэлцээр хийхийг хүсчээ
- 2018-02-27
- Дэлхий
- 0

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умард Солонгосын төлөөлөгчдийг Пёнчан хотод хүлээн авч уулзсан тухай Хөх ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Уулзалтын явцад Умард Солонгосын тал АНУ-тай яриа хэлэлцээр хийх хүсэлтэй байгаагаа Мүн Жэ Инд илэрхийлсэн байна. Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Ким Ю Кёмын танилцуулснаар, Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өвлийн олимпын наадмын хаалтад оролцсон БНАСАУ-ын дээд албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан ба хэлэлцээр нэг цаг гаруй үргэлжилжээ. Энэ үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Өвлийн олимпын наадмын өдрүүдэд Өмнөд, Умард Солонгосын тал хамтарсан баг бүрдүүлэн оролцлоо. Мөн наадмын нээлтийн ёслолд нэгэн тугийн дор оролцон, дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Хоёр талын хамтын хичээл зүтгэлээр Пёнчаны өвлийн олимп Солонгосын хойгийн энхтайвны наадам болсон. Энэ удаагийн хоёр талт хэлэлцээрийн явцад Өмнөд, Умардын харилцаа өргөн хүрээнд ахиц гараасай гэж хүсч байна” хэмээн мэдэгдлээ. Умард Солонгосын төлөөлөгчдийн ахлагч Хөдөлмөрийн намын Төв хорооны дэд дарга Ким Ён Чол “Манай удирдагч Ким Жон Ун тантай ижил зорилготой байгаа. Өмнөд, Умардын харилцааг сайжруулах, Солонгосын хойгийн асуудлыг уг үндсээр нь засахын тулд БНАСАУ, АНУ-ын яриа хэлэлцээрийг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна. Мөн БНСУ, БНАСАУ-ын харилцааг бүх салбарт хөгжүүлэх ёстой” хэмээн тэмдэглэсэн байна.
АНУ-тай яриа хэлэлцээр хийхэд бэлэн хэмээсэн Умард Солонгосын төлөөлөгчийн мэдэгдлийн хариуд Цагаан ордон “Умард Солонгостой хийх хэлэлцээрийн зорилго нь тус улсыг цөмийн зэвсгээс татгалзуулахад оршино” гэв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Урьдчилсан нөхцөл тавилгүйгээр БНАСАУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн” гэж өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдэгдэж байсан юм. Тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп ч Умард Солонгосыг тойрсон асуудлыг шийдэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. “Бид Ким Жон Унтай хэлэлцээр хийх болно” гэж Цагаан ордны тэргүүн мэдэгдсэн. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Херберт Макмастер бүх улс оронд хандан Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргахыг уриалсан билээ. Харин Доналд Трампын энэхүү мэдэгдлийн дараа ОХУ нөхцөл байдлыг яриа хэлэлцээрийн замаар шийдэх хэрэгтэйг сануулав. АНУ нь Умард Солонгосын эсрэг хүч хэрэглэхэд бэлэн байгаад ОХУ түгшиж байгаа аж.
Кремлийн түгшүүрийг ажиглагчид хоёр янзаар тайлбарлаж байна. Тухайлбал, цэргийн ажиллагаа явуулж, олон хүний амь эрсдэхээс Оросын тал сэрэмжилж байгаа ч нөгөө талаар В.Путин БНАСАУ-ын дэглэмийг хамгаалж байна гэж шинжээчид үздэг. ОХУ Умард Солонгосын талд зогсч байгаа нь АНУ Оросын эсрэг удаа дараа хориг тавьж, улс төр, эдийн засгийн шахалт үзүүлж буйтай холбоотой гэж ажиглагчид дүгнэж байна. АНУ дэлхийн гүрнүүдийг Пхеньянтай харилцаагаа зогсоохыг уриалдаг. НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Никки Хейли хамтын нийгэмлэгийн бүх орныг БНАСАУ-тай бүх талын харилцаагаа таслахыг уриалсан. БНАСАУ дэлхийн 160 гаруй оронтой ямар нэгэн байдлаар дипломат харилцаа тогтоосон байна. Тодруулбал, дэлхийн 48 улсад 55 төлөөлөгчийн газар, консул, Элчин сайдын яамаа нээжээ. Харин Пхеньянд 25 улс дипломат төлөөлөгчийн газраа нээсэн юм байна.
Палестины тал АНУ-ыг зэмлэлээ
АНУ-ын Төрийн департаментаас Иерусалимд суугаа Элчин сайдын яамаа ирэх тавдугаар сард ажиллуулна гэдгээ мэдэгджээ. ТАСС агентлагийн уламжилснаар, АНУ-ын Элчин сайдын яамаа дахин ажиллуулах цаг хугацаа Израйль улсыг байгуулсны 70 жилийн ойтой давхцаж байгаа аж. АНУ-ын Элчин сайдын яам Иерусалимийн Арона дүүрэгт түр хугацаагаар байрлах юм. Эх сурвалжийн мэдээлснээр, тус байранд Иерусалим дахь АНУ-ын Ерөнхий консулын газар байрлах аж. Эхний хугацаанд Израйльд суугаа АНУ-ын Элчин сайдын яаманд цөөн тооны ажилтан ажиллах бөгөөд 2019 онд ажлын байраа өргөтгөх болно гэжээ. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албанаас “Вашингтоны эрх баригчид Израйльд суух байнгын Элчин сайдын яам байгуулах тохиромжтой газрыг хайж байна. Барилгын төлөвлөлт, бүтээн байгуулалт нь урт хугацааны ажил болно” гэж үзсэн байна. Израйльд суугаа Элчин сайдын яамаа Тель-Авиваас Иерусалим руу дур зоргоор шилжүүлсэн хэмээн Палестины эрх баригчид Цагаан ордонд шаардлага хүргүүлсэн байна.
Х.ЭРДЭНЭЗАЯА

Сэтгэгдэл (0)