ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 120 мянган хүн урьдчилан саналаа өгөх төлөвтэй байна
- 2018-02-27
- Дэлхий
- 0

Дэлхийн хүчирхэг гүрний нэг ОХУ-д ирэх гуравдугаар сарын 18-ны өдөр ээлжилт Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах билээ.Өнөөгийн Ерөнхийлөгч В.Путин бие даан Кремлийн тэргүүний төлөө дахин нэр дэвшихээ илэрхийлээд буй юм.
ОХУ-ын алслагдсан тосгон болон Хойд туйл дахь эрдэм шинжилгээний станцуудад Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэлсэн тухай ТАСС агентлаг мэдээллээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу хүрч очиход хүндрэлтэй, алслагдсан нутгууд болон хойд туйл дээрх эрдэм шинжилгээний станцууд болон санал хураалтын өдөр аялалд гарчихсан байх хөлөг онгоцууд дээр байгуулсан сонгуулийн хэд хэдэн хэсэгт урьдчилсан санал хураалтыг сонгуулийн санал хураалт болох өдрөөс 20-оос илүүгүй хоногийн өмнө явуулах ёстой аж.
Түүнчлэн анчин, загасчин, мод бэлтгэгч, уурхайчин болон дохионы гэрэлт цамхгийн ажилтнууд урьдчилан санал өгдөг юм байна. ОХУ-ын субъектуудын сонгуулийн комиссын урьдчилан мэдээлснээр, урьдчилсан санал хураалт 35 субъектын нутаг дэвсгэрт болох бөгөөд цаатан, ан агнуурын ажилтан, алт олборлогч, алслагдсан орон нутгийн оршин суугч болон цэргийн алба хаагч зэрэг 120 мянган хүн урьдчилан саналаа өгөх төлөвтэй байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 18-нд албан ёсоор эхлэх юм.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)