Цахим мөнгөнд хүү бодож, зээл олгохгүй байхаар журамлав
- 2018-04-24
- Эдийн засаг
- 0
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Цахим мөнгөний журмыг боловсруулж, баталлаа. Уг журам нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон цахим мөнгө, түүний үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлж аюулгүй, найдвартай цахим мөнгөний системийг бий болгосноор хэрэглэгчийг хамгаалахад чиглэж байна. Журамд зааснаар цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 2.5 тэрбум төгрөг бөгөөд үйлчилгээ нь бусдаас ялгарах өөрийн гэсэн оноосон нэртэй байх юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт цахим мөнгөний төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт- төгрөгөөр гүйцэтгэж болно.
Цахим мөнгийг ашиглан бараа, ажил үйлчилгээний төлбөр төлөх, бусад хэрэглэгчид шилжүүлэх, мөнгө болгож болохоос гадна бэлэн мөнгөө цахимд шилжүүлэн дансанд хийж, төлбөр тооцоонд ашиглаж болохоор журамлажээ. Цахим мөнгөний журмыг энэ оны зургаадугаар сарын 1-нээс мөрдүүлж эхэлнэ. Түүнчлэн энэ үйлчилгээнд хамрагдсанаар ажил, амралтын өдөр 24 цагаар гүйлгээ хүлээн авч, дамжуулж болох ч түүнийг хадгаламж болон татан төвлөрүүлсэн хөрөнгө гэж үзэхгүйгээс гадна хүү бодож, зээл олгохгүй юм байна.
Д.МӨНХ

Сэтгэгдэл (0)