"Намнансүрэн судлал"-д нягтлах асуудал олон бий
- 2018-04-25
- Үнэн
- 0

ХХ зууны Монголын анхны ерөнхий сайд, хошой чин ван Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн мэлмий нээж, сүүдэр гийсний 140 жилийн ой 2018 онд болох билээ. Энэ ой нь Сайн ноён ханы алдрыг мөнхжүүлэх “Намнансүрэн судлал”-ыг шинэ баримт материал, дүгнэлт үнэлэлтийг баяжуулж шинэ төвшинд гаргах, өмнө гарсан зарим буруу зөрүү таамаглал, дүгнэлт үнэлэлтээр залруулахад онцгой чиглэгдэнэ гэж бодож байна. Өнөөдөр “Намнансүрэн судлал”-д нарийвчлан судлууштай анхаарал татсан асуудлууд олон бий. Үүнд, юуны урьд Т.Намнансүрэн хан ямар учир шалтгааны улмаас зүй бусаар амиа алдсан бэ, Т.Намнансүрэн ханы улс төрийн гадаад үйл ажиллагаатай холбогдох баримт материал Орос, Хятад, Япон, Англи, Франц, Америк, Герман болон бусад орны хэвлэл болон архивын сан хөмрөгт байна уу?, ер нь Т.Намнансүрэнгийн төрсөн газар нь Өшгөгийн нурууны зүүн үзүүрийн өвөр хоолой мөн үү? гэх зэрэг олон асуулт байна. Эдгээр асуултуудад хариулт олоход сэдэл болгож цөөн зүйлийг энд бичье.
1. Сайн ноён хан Намнансүрэн хэзээ хаана төрсөн бэ
Сайн ноён хан Намнансүрэнгийн эцэг нь “Догшин цоохор” ноён хэмээн аймаг хошуундаа алдаршсан Цэрэндондовын Төгс- Очир бөгөөд Насанжид /авааль хатан нь/ Дэжиддулам /Цогт дар хатан/ Магадар /бага хатан/ нарын гурван хатантай байсан аж. Энэ нь түүхэн баримтаар нотлогдсон үнэн юм. Эдгээр хатдаас 6 хүү, 3 охин төрсөн тухай мэдээ байдаг. Харин хамгийн бага хатан Магадар нь хүүхэд төрүүлсэн эсэх нь тодорхойгүй юм. Төгс-Очир хан гэрийн бичигтээ 1888 оны аравдугаар сарын 20- нд хөвгүүдийнхээ төрсөн оныг тодорхой бичиж тэмдэглэснийг доктор Ц.Шүгэр, түүх судлаач Д.Төмөртогоо нар сийрүүлсэн бичсэн нь бий. Үүнд: “Чуулганы дарга Хэбэй сайн ноён ван миний ахмад хөвгүүн Ба /Бандинамжил/ Бадруулт төрийн арван хоёр /1886/ онд өвчнөөр бие өнгөрсөн. Хоёрдугаар хөвгүүн На / Намнансүрэн/ Бадруулт төрийн IV он /1878/-ы арваннэгдүгээр сард төрсөн, энэ жил 11 настай. Гурав дахь хөвгүүн Довчинсодном Бадруулт төрийн 11 он /1885/-ы аравдугаар сард төрсөн, энэ жил 5 настай. Дөрөвдүгээр хөвгүүн Дониддагва Бадруулт төрийн 13 дугаар он /1887/-д цагаан сард төрсөн, энэ жил хоёр настай” гэж тэмдэглэсэн байна. Харин энэ гэрийн бичигт тэмдэглэгдээгүй тавдугаар хөвгүүн Ринчинсаш нь Бадруулт төрийн 15 дугаар он /1889/-д, зургаадугаар хөвгүүн Дагданнасан нь Бадруулт төрийн 18 дугаар он /1892/-д төрсөн аж. Төгс-Очир ханы гурван охин Мөнгөнгуа ноён, Хүүхэн ноён, Эрдэнэ ноён нарын төрсөн он сарыг бичиж тэмдэглэгдсэн баримт олдоогүй байна. Тодорхой гэрчийн ярианаас үзэхэд Мөнгөнгуа ноён нь Содномпил тавнантай, Хүүхэн ноён нь Эвэнхүү тавнантай, Эрдэнэ ноён нь Гончиг тавнантай ханилан сууж байжээ.
Эдгээр баримт дотор тэмдэглэгдээгүй үлдсэн нэг зүйл бол Төгс-Очир ханы хөвгүүд, охидын төрсөн газар юм. Гэхдээ тэдний төрсөн газрыг баримтлан тогтоох ямар ч баримт бичиг байхгүй гэж үзэж болохгүй. Тухайлбал, Сайн ноён хан Намнансүрэнгийн төрсөн газрыг тодорхой өгүүлсэн “Чингис Богдын удмын түүх нарны гэрэл оршвой” хэмээх судар саяхан хүртэл хүмүүсийн гар дээр байсныг түүх судлаач Г.Намхайдагва бичиж сийрүүлж сонинд тавьж байв. Уул сударт “Догшин цоохор” хэмээх Сайн ноён хан Төгс- Очирын Ногоон дарь эхээс XV жарны шороон барс жил 1878 онд Онги мөрний хөвөө, Ондилттээл, Дойт өндөр, Баруунтүрүү, Шивээ- Овооны дөрвөн зүг найман зовхисын уулзвар Ганданцэмпилэн хүрээнд эцэг Төгс-Очирын өргөөнд мэндэлжээ. Намнансүрэн хөвгүүн нь эрдэм билиг төгс бадрангуй, энэрэнгүй бодь сэтгэлтэн, сайн сайхны цог жавхаа эрийн шинж тэгш, гоо үзэсгэлэн бүрдсэн, төрийн төвшин нуруутай хүн болно” гэж зурхайлжээ. Энэ сударт өгүүлсэн баримтаас үзэхэд Сайн ноён хан Намнансүрэн нь тэр үеийн Сайн ноёны хүрээ буюу одоогийн Уянга сумын төвд Төгс-Очир ноёных өргөөлсөн байхад төрсөн нь тодорхой байна. Мөн Уянгачууд дээр үеэсээ Цоохор дэнжийн урд үзүүрийн дэвсэг дээр байх хонин чинээ цагаан чулууг “Ноёны минь хүй дарсан чулуу” гээд хүндэтгэл үзүүлсээр ирсэн билээ. Энэ мэт тодорхой баримт байхад “Сайн ноён хан Т.Намнансүрэн энд төрсөн” гэсэн гэрэлт хөшөөг Өшгөгийн нурууны зүүн өвөрт босгосон нь томоохон эндүүрэл болсон юм. Уул газрыг тогтоосон нэр хэмээсэн эрдэмтэд олон түмнээс уучлалт гуйхад буруудах зүйл байхгүй. Түүх түүхийрүүлсний гэм хойч үедээ халтай гэдгийг мартаж болохгүй.
2. Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнг зуурдаар егүүтгэсний шалтгаан юу вэ
Монгол Улсын анхны ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн 41 насандаа учир битүүлгээр амь насаа алдсан явдал монголчуудыг бүү хэл хөрш зэргэлдээ орнуудыг ч сэртхийлгэсэн эмгэнэлт явдал болсон юм. Түүний амь насыг ямар учир шалтгааны улмаас хэний явуулгаар хэн бүрэлгэсэн бэ гэдэг нь өнөө хүртэл бүрхэг явж ирлээ. Түүхч эрдэмтэн З.Лонжид “Сайн ноён хан Намнансүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оруулсан илтгэлдээ “... Олны ам дамжсан яриагаар бол Т.Намнансүрэн ер бусаар өөд болсон бололтой. Гэвч түүнийг шууд нотлох баримт байхгүй. Гэсэн хэдий ч манай зарим судлаач эрдэмтэд тухайлбал Ц.Пунцагноров “1919 онд... Намнансүрэн хорлогдон алагджээ” гэж 1955 онд хэвлүүлсэн “Монголын автономит үеийн түүх” номынхоо 104 дэх талд бичсэн байдаг. Үүнээс арай өмнөхөн 1952 онд зохиолч Б.Ринчен “Үүрийн туяа” түүхэн романдаа “Да лам Г.Цэрэнчимэд Сайн ноён ханы хийсэн хэлэлцээнд дургүйцэж тушаалаас нь огцруулах тухай Богд хаанд айлтгах гэж байж л дээ. Гэтэл Богд Да лам Г.Цэрэнчимэдийг Урианхайн харуулд Гончигдамбатай цуг явуулав /335 дахь талд/ гэж бичсэн байх ба уул номын 356 дахь талд “Хүрээ тойрсон хүрднээс Алаг мянган нүдэт сахиусан Сайн ноён хан Намнансүрэнг хорлосон Сэрээнэн отчийг гэсгээн соёрх, хятадын дарлалаас биднийг авран өршөө, У ма ни бадь ми хум” гэх зэргээр бичсэн үсэг үзэгдэх боллоо гэж өгүүлээд энэ бол үнэн зүйл хэмээн тэмдэглэжээ” гэж сонирхолтой баримтыг өгүүлсэн билээ. Мөн Сайн ноён хан Намнансүрэнгийн амьдрал үйл хэргийг нэлээд судалж, бичиж тэмдэглэж ном бүтээлдээ тусгаж байсан А.Дашням агсан “Халхын сайн ноён хан Намнансүрэн” /1990 он/ номынхоо 34 дэх талд “...Намнансүрэнгийн амь биеийг бусниулан бүрэлгээд Ерөнхий сайд болох санаа Бадамдоржид байж, нэгэн мянга есөн зуун арван наймдугаар оны өвөл бие сувилах чөлөөгөөр орон нутагтаа очоод байсан Сайн ноён ханыг Богдын зарлигаар яаралтай дуудуулж Нийслэл хүрээнд ирүүлсэн байна.
Түүний дараа Намнансүрэн ноёны ойр орчинд шадарлаж байсан зуйгар зусарган зант төвд Ринчин гэгчийг талдаа татан, Сайн ноён ханыг тандан туршуулж энд тэнд явсан, үүнтэй түүнтэй ингэж тэнгэж ярилцсан гэх мэтийн худал үнэн хов жив зөөлгөж байсан төдийгүй, ...бие лагшин нэн чилүүр ахуйд бодийг нь хөтлөх нэгэн бор үрлийг Богдын отчоор дамжуулан Бадамждор, төвд Ринчин хоёр хоорондоо үгсэн хуйвалдаж өгснийг Намнансүрэн хар санасангүй харин ч амь биеийг аюулт өвчнөөс ангижруулан салгах үрэл биз хэмээн хэрэглэснээр хорлогдож, Бадамдорж ч санасандаа хүрч ерөнхий сайд болсон...” хэмээн өгүүлэн бичжээ. Эдгээр баримтуудаас үзэхэд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн амь насыг хөнөөх бусармаг үйлдэл Богд ханы ордны орчинд, Богд хаант Монгол Улсын төр засгийн шадар хүмүүс хуйвалдан тун нарийн бэлтгэн хийжээ гэх үндэс байна. Энэ үед Богд эзний бие ойр ойрхон чилээрхэж, нүдний нь хараа муудаж байсан зэргээс улбаалан дараагийн хаан хэн болох вэ гэсэн асуудал сэмхэн тавигдаж байсан бөгөөд хаан болох хамгийн өндөр магадлалтай хүн Сайн ноён хан Намнансүрэн байв. Гэвч түүний шадарлаж явсан Чин ван Ханддорж, Түшээт хан Чагдаржав, Да лам Цэрэнчимэд нар мөн л зуурдаар амь насаа алдсан байсан учир Намнансүрэн тухайн үедээ улс төрийн асуудал шийдвэрлэхэд ихээхэн ганцаардаж байв. Дээр нь Богдын ордны орчинд лам нарын эрх мэдэл ихээхэн нэмэгдэж ил далдын явуулга ихсэж, Бадамдорж мэтийн хорсол занал ихтэй сайд түшмэдүүд нэр төр, суудлын төлөө өрсөлдөх нь их болжээ.
Зарим сайд нар автономит эрхээсээ татгалзаж, хятадыг түших санааг сэдэж байв. Монголд сууж байсан хуучин Хаант Оросын Засгийн газрын дипломат төлөөлөгч А.А.Орловоос Бээжинд сууж байсан элчин Н.А.Кудашевт 1919 оны дөрөвдүгээр сарын 12-нд илгээсэн захидалдаа “...Монголын зарим ноёд автономитыг устгах санаатай явдаг тухай яриа аль 1918 оны зунаас дуулдах болсон хийгээд ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн нас барсан 1919 оны хоёрдугаар сараас энэ яриа улам газар авсан” хэмээн бичсэн нь Монголын улс төрийн дотоод зөрчлийг илэрхийлж байна. Хятадын талыг баримтлагч ноёд сайд нарын үзэл бодолд ихээхэн зөрчилдөх хүн нь Сайн ноён хан Намнансүрэн байсан нь тодорхой. Түүнийг мөрөөсөө зайлуулах аргын хамгийн нарийн бэлтгэгдсэн нь амь насыг нь сэдэл авахуулахгүйгээр бүрэлгэх явдал байжээ. Ихэнх түүхч, түүх судлаач нар Сайн ноён хан Намнансүрэнгийн амь насыг бүрэлгэсэн хэргийг санаачлагч нь биш юмаа гэхэд онцгой үүрэгтэй оролцогсдын нэг нь шанзав Бадамдоржийг гэдэг. Бадамдорж нь улстөрийн зөрчилтэй үзэл бодлынхоо төлөө Намнансүрэнгээс хэд хэдэн удаа сүрхий зэм авсны улмаас цээжиндээ хорсол зуусан хүн байж. Нөгөө талаар тэр Богдын шавийн хүн бөгөөд Шанзавын яамыг толгойлж улмаар ерөнхий сайд болохыг ихээхэн эрмэлзэж явсан гэдэг. Иймдээ ч тэр Сайн ноён хан Намнансүрэнг нас барсны дараа хятадын цэргийн эрхтнүүдтэй хуйвалдаж Монголын автономит төрийг унагаж, санасандаа хүрсэн юм. Энэ бүгдээс шүүн авч үзвэл Сайн ноён хан Намнансүрэнгийн үхэл Монголын автономит төрийн гадаадаас өдөөлттэй дотоод зөрчилтэй холбоотой байжээ гэх үндэс байна. Харин гардан гүйцэтгэх ажлыг Богд эзний эмч Сэрээнэн оточ гүйцэтгэсэн байж мэдэх юм. Мөн Сайн ноён хан Намнансүрэн зуурдаар таалал төгссөний дараа Тогтох гүн, төвд Ринчин, Да лам Буянцогт нар зэрэг хэргэм нэмүүлж, албан тушаал ахисан гэдэг. Тэгэхээр тэдгээр хүмүүс Сайн ноён хан Намнансүрэнгийн амь насыг бүрэлгэх хуйвалдаанд ямар нэг хэмжээгээр гар бие оролцсон гэсэн хардалт олон түмний оюун санаанд үлдсэн юм.
Зохиолч Н.ДАВААДАШ /МУСГЗ/
Үргэлжлэл бий

Сэтгэгдэл (0)