А.Тлейхан: Таван сарын дотор 260 сая квт эрчим хүч хэмнэсэн жишээ бий

Манай улс эрчим хүчнийхээ дотоодын хэрэглээг бүрэн хангаж чаддаггүй ч тодорхой хувийг импортолдог. Тиймээс эрчим хүчээ хэмнэх, аль болох үр ашигтай зарцуулах зайлшгүй шаардлагатайг харгалзаж, 2015 онд Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийг амьдралд бодитоор хэрэгжүүлэх үүднээс өнгөрсөн онд Засгийн газраас Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоол гаргажээ. Тогтоолын дагуу боловсруулж баталсан Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөр болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах уулзалт, зөвлөгөөн өчигдөр “Туушин” зочид буудалд болсон юм. Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.ТЛЕЙХАНТАЙ ярилцлаа.

-Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийг ямар хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Уг хөтөлбөрийг 2018-2022 онд хэрэгжүүлэхээр бодож боловсруулсан. Үүний дагуу юуны өмнө эрчим хүч хэмнэлтийн бүх шатны тогтолцоог бий болгоно. Урьдчилсан бэлтгэл болгож, эрчим хүчний 300 гаруй менежер, энэ чиглэлээр дагнасан 64 аудиторыг сургалаа. Засгийн газраас тогтоосон эрчим хүчний босгоос өндөр хэрэглээтэй компани, аж ахуйн нэгжийг “үүрэг хүлээсэн хэрэглэгч” гэж үздэг. Одоогоор ийм 135 газар байдаг. Тэднээс гадна 10- аад яам өөрсдийн чиглэлээр энэ ажилд оролцох учиртай. Мөн бусад газрын оролцоог нэгтгэж зангидах газар нь Эрчим хүчний зохицуулах хороо байх болно.

-Ер нь эрчим хүч, цахилгааны хэрэглээг багасгах, хэмнэх боломж бидэнд хэр байдаг юм бэ?

-Тийм боломж багагүй байна. Энд би ганцхан жишээ хэлье. Өнгөрсөн жил Даян дэлхийн ногоон байгууламжийн санхүүгийн дэмжлэгтэйгээр үүрэг хүлээсэн 15 байгууллагад эрчим хүчний аудитыг Энэтхэгийн олон улсын байгууллагаар хийлгэсэн. Тэд таван сар гаруй хугацаанд ажилласны эцэст тухайн байгууллага, аж ахуйн нэгж жилдээ 260 сая кВт эрчим хүчийг хэмнэх боломжтойг тогтоосон. Энэ нь мөнгөн дүнгээр 35 тэрбум төгрөг гэсэн үг. Зөвхөн мөнгө санхүүгийн хэмнэлтээс гадна агаарт хаяж буй хүлэмжийн хийг 620 мянган шоо метрээр багасгах боломж байгаа нь үүнээс харагдаж байна. Манай улс жилдээ 7.5 тэрбум кВт цахилгааны хэрэглээтэй бөгөөд үүнээс 10 хувийг нь хэмнэхэд л 80 тэрбум төгрөгийн ашиг олно.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол арга нь хэмнэлтийн талаар нэгдсэн ойлголттой, тийм дадал зуршилтай болох явдал гэж ойлгож болох уу?

-Томоохон хэрэглэгчээс эхлээд айл өрх, хүн бүр эрчим хүчний хэмнэлтийн тухай нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй байна. Нөгөө талаар эрчим хүчний хэрэглээнд аудит хийхэд хөрөнгө санхүүжилт шаардлагатай. Дээр өгүүлсэн 15 байгууллагын жишиг аудитыг хэрэгжүүлэхэд 58 сая ам.доллар зарцуулсан. Цаашдаа энэ асуудлыг шийдэхийн тулд Ногоон санхүүжилтийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн долоо хоногт Хас банктай хамтарч, ногоон санхүүжилтийн талаар томоохон зөвлөгөөн зохион байгуулсан. Одоогоор тус банк Уур амьсгалын сангаас тодорхой хэмжээний санхүүжилт авч, ногоон зээл олгож байна. Монголын магадлан итгэмжлэгдсэн ганц банк шүү дээ. Цаашдаа хөрөнгийн эх үүсвэр нэмэгдвэл 3-5 жилд эргэж төлөгдөх зээлийн санхүүжилттэй болох боломжтой.

-Таны дээр хэлсэн аудитын дүгнэлтийг гаргах явцад эрчим хүчийг хэмнэх ямар нэг арга хэмжээ авсан болов уу?

-Аудит хийнэ гэдэг нь тухайн байгууллагын эрчим хүчний хэрэглээнд судалгаа явуулна гэсэн үг. Үүрэг хүлээсэн байгууллагуудын нэг Шастины нэрэмжит Гуравдугаар эмнэлэг энэ хугацаанд гэрэлтүүлэгч, энгийн шар гэрлийг ледээр солиход 260 сая төгрөг зарцуулсан бол энэ зардлаа 21 хоногт нөхөөд цаашид хэмнэлт рүү орж байх жишээтэй. Жилдээ 130-аад сая төгрөг хэмнэх тооцоог хийсэн байна билээ. Иймэрхүү хэмнэлтэд хүрэхийн тулд манай үүрэг хүлээсэн нийт /135/ байгууллагын 60-аад хувь нь аудит хийлгэчихээд байгаа юм.

-Том хэрэглэгчдийн хувьд тийм байгаа бол айл өрхүүдэд хэмнэлт гаргах ямар боломж байж болох вэ?

-Наад зах нь худалдан авч байгаа цахилгаан барааныхаа эрчим хүчний хэрэглээг харж болно. Сүүлийн үед барилга байшинг гадна талаас нь дулаалдаг болж байна. Гэртээ дулаалгын сайн материал ашиглах, гэрэл чийдэнгээ лед хэлбэрт оруулах гээд олон арга зам байж болох юм. Ядаж л шаардлагагүй үед гэрлээ асаахгүй байх, ашигласны дараа унтраах дадал зуршилтай болох нь ч хэмнэлтийн нэг хэлбэр шүү дээ. Тиймээс өнгөрсөн жилээс нийслэлийн Боловсролын газартай хамтарч, багш нарыг бэлтгэж, сурагчдад сургалт явуулж эхэлсэн. Энэ мэтчилэн хэмнэлтийг ахуйд ч нэвтрүүлэх шаардлагатай.

-Жил бүр “Дэлхийн цаг” гэж арга хэмжээг зохион байгуулдаг болсон. Энэ нь хүүхдүүдэд маш сонирхолтой, бас мэдлэг олгосон үйлдэл шиг санагдсан?

-Үүнд манай байгууллага ч оролцдог. Энэ жил гэхэд нэг цагийн хугацаанд онцын шаардлагагүй гэрэл чийдэн, цахилгаан хэрэгслээ ашиглахгүй байхад 30-40 мВт эрчим хүч хэмнэж байна гэдэг нь мөнгөн дүнгээр бодвол багагүй үр дүн болсон. Цаашид бид энэ арга хэмжээг улам өргөн хэмжээнд зохион байгуулж, илүү олон хүнийг хамруулна гэж бодож байгаа.

-Эрчим хүчний хэмнэлтийн урамшууллын тогтолцоо, системтэй болох талаар хэр анхаарч байна вэ?

-Ийм тогтолцоог бий болгохоор Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд заасан байдаг. Өмнөд Африк, Герман зэрэг улс орны туршлагад үндэслэн бид судалгаа хийж байна. Үүнд хэмнэлтийг баталгаажуулдаг тогтолцоо нь их чухал юм билээ. Баталгаажуулсны дараа татварын бодлоготой нийцүүлж болохоор шиг санагдсан.

 

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • мурат (103.57.94.211)

    2018-04-28

    хооё, тлейхаан, баахан сайхан юм ярих юм,тэгвэл УБ-т цахилгаан өдөр болгон хязгаарладагаа болиоч.

  • Хайдо. (112.72.14.48)

    2018-04-28

    Зохицуулах хорооны даргаа та нарны эрчим хүч ашиглалтын талаар мэрэгжлийн зүгээс хяналт тавих асуудлыг зохион байгуулах хэрэгтэй байна.Өөрөөр хэлбэл гаднаас авч буй нарны зайн хүчин чадлыг зохих ёсоор нь хяндаг газрыг Мэрэгжлийн хяналтын газарт байгуулах хэрэгтэй байна. Энэ асуудлыг олон жилийн өмнөөс тавиж байсан болов ч одоо хүртэл ямар ч ажил зохион байгуулсангүй. Мөн нарны эрчим хүчийг ашиглахад Монгол орны эрчим хүчний кадасторыг ашиглан тооцохгүй байгаа нь УБ-д тависан гудамжны гэрлүүдийн байдалаас харагдаж байна.Байшингийн ард болон сүүдэр тусах байрлалд тавих жишээтэй.Зарим улсууд ямар ч ойлголт үгүй мөртөө бизнёс хийж малчидийг хуурч байна.Монгол орон нары эрчимийн нөөц ихтэй боловч 4 улиралтай тул өвөлд эрчим хүч 3-4 дахин буурдагийг огт авч үзэхгүй байгааг анхаарах хэрэгтэй байна.