Инновацийн өдрүүдээр гарааны бизнест түлхүү анхаарна

Сүүлийн үед дэлхий ертөнцөд инновацийн тухай ойлголт эрчимтэй түгэж түүнийг амьдрал практикт нэвтрүүлэх явдал түргэн хурдацтай явж байна. Товчхондоо, хүний нийгмийн мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах процессыг инноваци гэж ойлгож болно. Олон улсад инновацийг бүтээгдэхүүн, үйл явц, зохион байгуулалт, маркетинг, логистикийн гэж ангилдаг бол манай улсад хоёр төрлөөр үүсч хөгжиж байна. Юуны өмнө шинэ санаанд судалгаа боловсруулалт, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсний дараа оюуны өмчид бүртгүүлж, бүтээгдэхүүн хийж зах зээлд гаргах замаар хөгжиж байгаа юм. Нөгөө нь, оюуны өмч, патентгүйгээр инноваци өөрөө бий болж байна гэж судлаачид үздэг. Энэ талаар БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа ярихдаа “Инновацийн үйл ажиллагаа өргөжин хөгжсөнөөр инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өндөр технологийг нэвтрүүлж нутагшуулах, чанар хүртээмжийг нь дээшлүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах гээд олон талын ач холбогдолтой” гэв.

Манай улс 2012 онд Инновацийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт мэдлэгт суурилсан бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, түүний үр шимийг хүртэх, түгээн дэлгэрүүлэх, төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, биет бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2015 оноос “Инновацийн долоо хоног”-ийг зохион байгуулж эхэлсэн юм. Энэ жилийн арга хэмжээ өчигдөр эхэлсэн бөгөөд БСШУСЯ, ХХААХҮЯ, Шинжлэх ухааны технологийн сан Дархан-Уул аймгий ЗДТГ-тай хамтран олон уулзалт, форумыг явуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, “Аж үйлдвэрийн IV хувьсгал ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Дархан-Уул аймагт зохион байгуулах “ХАА-н технологи, инноваци” үзэсгэлэн форум эрдэмтэн судлаач, оролцогчдын сонирхлыг ихээхэн татаж байгаа юм. Энэ талаар БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбатаас тодруулахад, “Инновацийн долоо хоног”-ийн гол арга хэмжээ нь “Аж үйлдвэрийн IV хувьсгал”-д Монгол Улс ямар салбараа түлхүү хөгжүүлж, хэрхэн оролцох талаарх эрдэм шинжилгээний бага хурал байх болно. Энэ нь нэлээд шинэлэг бөгөөд сонирхолтой сэдэв гэж бодож байна. Нөгөө талаар манай улсын хувьд инноваци гаргах, нэвтрүүлэх боломжтой хөдөө аж ахуйн салбарыг онцгойлон авч үзэж, газар тариалангийн гол бүс нутаг Дархан-Уул аймагт үзэсгэлэн, форум зохион байгуулна. Энд хөдөө аж ахуйн салбарын инновацийн төслийн үр дүнд гаргаж авсан биологийн идэвхт бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сортын үр тариа, ургамал хамгааллын пестицид, бордоо эрчимжсэн мал аж ахуй түүний дотор малын үүлдэр угсаа, малын бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэлийн шинэ технологийг дэлгэж танилцуулах юм” гэж ярилаа. Мөн барилгын материал, био халаагуур, сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлт, технологийн загвар, байгаль орчинд ээлтэй технологи зэрэг 100 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж, монгол технологийг хөгжүүлэх, инновацийн одоо ба ирээдүйн талаар хамтран хэлэлцэхээр төлөвлөжээ. “Дөрвөн жилийн өмнө энэ арга хэмжээг санаачлан зохион байгуулж байхад танин мэдэхүйн хэмжээнд байсан инновацийн тухай ойлголт одоо оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг амьдрал практикт нэвтрүүлж ашиглах гээд маш өргөн хүрээтэй болжээ. Үүнд арилжааны банкууд ч оролцож, Инносанхүүжилт олгодог болсон нь сайшаалтай” гэж ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл дээрх ажлын үр өгөөжийг дүгнэсэн юм.

Энэ жилийн “Инновацийн долоо хоног”-ийн нэг чухал арга хэмжээ нь гарааны бизнесийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хамтын оффис буюу “Со-working space”- үүдийн нэгдсэн чуулга уулзалт болж байна. Энэ нь оролцогчдыг тухайлсан сэдвээр хэлэлцүүлэгт хамруулж, үр дүнтэй мэдлэг мэдээлэл солилцох аргачлалаар явах шинэ загварын чуулган бөгөөд үүнийг олон улсад амжилттай ажиллаж буй хамтын оффисын үүсгэн байгуулагчид Ази, Номхон далайн хамтын оффисуудын холбоо /СААР/- той хамтран зохион байгуулж байгаа юм. Дээрх чуулганыг бүсийн хэмжээнд Монголд анх удаа зохиож байгаа нь манай улсын гарааны бизнес эрхлэгчид олон орны туршлагаас судлах, дэлхийд гарах үүд хаалгыг нээх боломж гэж харж байгаагаа “Work central” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Маналжав онцолж байлаа. Мөн залуучуудын гарааны бизнесийн ерөнхий удирдамж, бүтэц, үр дүнгийн талаар ярилцаж, цаашид оюутнуудын энтрепенёршип, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, гарааны бизнесийн эко системийг төлөвшүүлэх, дэмжих талаар тодорхой мэдлэг, мэдээлэл түгээх “Start up” арга хэмжээг зохион байгуулах юм. “Инновацийн долоо хоног”- ийн энэ удаагийн арга хэмжээнд Орос, Япон, Солонгос, Хятад, Өвөрмонголын эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгчид оролцох юм байна.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)