Аваргууд наадмын үеэр маргаанаа түр зогсооно гэдгээ амлажээ
- 2018-06-11
- Үнэн
- 1

Монгол Улсын долоон аварга наадмын үеэр маргаанаа түр зогсооно гэдгээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргад амлажээ
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин бямба гаригийн амралтын энэ өдөр наадмын бэлтгэл, засварын ажилтай танилцаж, Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, Хүй долоон худагт ажиллалаа.
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил жигд, сайн явж байгааг Шадар сайд хэлээд наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Салбар комиссууд ажлаа эрчимжүүлж, шуурхай ажиллахыг үүрэг болголоо.
Шадар сайд наадмын бэлтгэл ажлын хүрээнд уяач, бөхчүүдийн төлөөлөлтэй уулзаж, энэ жилийн баяр наадмыг хэрхэн зохион байгуулах болон ард түмнээ сайхан наадамлуулах, наадмаа ямар нэгэн будилаан, маргаангүй шударга зохион байгуулах талаар ярилцсан гэдгээ энэ үеэр хэлж байлаа.
Тухайлбал, өчигдөр тэрбээр Монгол Улсын долоон аваргыг хүлээж авч уулзан, Монголын ард түмний үндэсний их баяр наадам болох гэж байна. Төр, түмнээ хүндэтгэж баяр наадмын үеэр маргаан хийхгүй байхыг анхааруулаад Бөхийн холбооны маргаан баяр наадамд нөлөөлөх учиргүй гэдгийг хэлжээ. Аваргууд ч Шадар сайдтай санал нэг байгаагаа илэрхийлж, маргаан будилаангүй сайхан наадам болно гэдэгт санал нэгдсэн байна. Маргаантай асуудлаа дотооддоо шийднэ. Баяр наадмын үеэр маргаан хийхгүй гэжээ.
Уулзалтаар хөндөгдсөн бас нэгэн сэдэв нь допингийн шинжилгээ байжээ. Допинг хэрэглэхгүй байх, хяналт тавих, шударга барилдаан явуулахад анхаарч ажиллана. Сурталчилгаа, зөвлөгөө мэдээллээр бөхчүүдийг хангах нь зүйтэй гэдэгт бүгд санал нэгдэж, допингийн эсрэг хүчээ нэгтгэхээр болсон байна. Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг улсын баяр наадамд барилдуулахгүй байх, мөн оноолт, ам авахад найраа хийдэг явдлыг таслан зогсоох нь зүйтэй гэжээ.
Г.Бат

Сэтгэгдэл (1)
ЗОЧИН (183.177.100.3)
ТҮР МАРГААНАА ТАСЛААД БҮҮР МАРГААНТАЙ БАЙХ ГЭЖ ҮҮ БОЛИМООР ЮМ АРИУН ЯВАЛ УУ БӨХЧҮҮДЭЭ 2 ХУВААГДЧИХААД АРЧААГАА АЛДАЖ БАЙГААДАА ДҮГНЭЛТ ХИЙ БӨХИЙН ӨРГӨӨНИЙ БОЛОН ДОПИНГИЙНХОО УЧРЫГ НЭГ МӨСӨН ОЛЦГООГООРОЙ ОДОО ЧИНЬ СУМЫН ЗААН 5,0 ДОПИНГ ШАХУУЛДАГ МУНДАГ АВАРГУУД НЬ ИХ ҮНЭТЭЙ 5 САЯИЙНХИЙГ ШАХУУЛДАГ БОЛСОН ГЭЭ БИЗ ДЭЭ МОНГОЛ БӨХИЙН УТГЫГ АЛДУУЛААД БАЙГАА ДОПИНГ ИХ БАГА ХЭМЖЭЭГЭЭР ХЭРЭГЛЭДЭГ ХЭНБУГАЙ Ч БАЙСАН АНХААРЛАА НЭГ ХАНДУУЛЖ МОНГОЛ ГЕНИЙГ УЛАМЖЛАЛЫГ АВЧ ҮЛДЭМЭЭР БАЙНА ШҮҮ ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ АВДАГ БАЯЖСАН 2 ХАР АВГАЙГАА ХӨӨЖ ЯВУУЛ