Дурсамж дүүрэн 40 жил

Түүхт 90 жилийн ойгоо ирэх онд тэмдэглэх Увс аймгийн Түргэн сумын сургуулийг 1978 онд Б.Ембүү багштай төгссөн төгсөгчид Улаанбаатар хотноо 40 жилийн ойгоо дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ. Эднийх зургаадугаар анги хүртлээ хоёр анги явснаа нэгдэж 40 гаруй хүүхэд төгсчээ. Тус сургууль Улсын анхны тэргүүний бага сургууль гэдэг нэр цолтой байсан болохоор дунд сургуульд дэвшин суралцсан /4 дэх төгсөлт/ангийн хамт олон хүмүүжил сурлагаар гайгүй анги байсан гэнэ. Тухайн үед сургуулийн хэмжээнд ангиудын дунд сурлага, сахилга бат, хүмүүжлээр уралдаан байнга зарлаж дүгнэдэг байсан тул анги, хамт олноороо ихэд чармайн хичээдэг байсан аж. Уралдааныг долоо хоног бүр дүгнэж алт, мөнгө, хүрэл, таван хошуугаар шагнаж, ангийх нь үүдэнд хаддаг байсан болохоор хүн бүр л хичээдэг байсан гэнэ. Ийм сахилга баттай сургуульд сурч хүмүүжсэн болохоор сурлага, сахилга батаар тэргүүлсэн хүүхдүүд ч цөөнгүй төрөн гарсан байна. Сургуулийн хашаан дотор бол хаа дуртай газраар явахгүй. Сургууль, гал тогоо, дотуур байр гэсэн гол гол газрыг холбосон нарийхан цементэн замаар л явна.

Тус ангиас 1976 он гэхэд Д.Батцэнгэл Олон улсын хүүхдийн “Артек” зусланд амрах эрхийн бичгээр шагнагдаж байсан бол Г.Янжмаа МХЗЭ-ийн “Тэргүүний сурагч” алтан медалиар шагнуулж байсан нь тухайн үеийн нэг түүх юм. Энэ ангиас олон хүүхэд аймгийн арван жилийн сургуульд дэвшин суралцсан аж. Нэгдүгээр ангиа дүүргэж, үсэглэлийн баяр болоход Улаанбаатар хотоос радиогийн сурвалжлагч ирж нэвтрүүлэг бэлтгэн улс орон даяар нэвтрүүлж байсан түүхтэй. Энэ үеэр ангийн хамгийн хурдан уншдаг сурагч /Д.Батцэнгэл/ тэр үеийн сурах бичигт байсан “Марк” гэсэн сэдвийг уншиж байсан аж. Мөн Монгол кино үйлдвэрээс энэ ангийн тухай кино журнал хүртэл хийж байсан гээд бодохоор их онцлог анги байсан юм уу гэж санагдах аж. Сурлага сахилга батаар ийнхүү тэргүүлж байсан болохоор сургуулийн төгсөлт дотроо хамгийн олон хувиар авсан анги болсон аж. Аймгийн арван жилд шилжиж очиход ангийн шинэ багш нь хүүхдүүдийн хувийн хэрэгт буй тодорхойлолтод үл итгэн албан ёсоор лавлуулж байсан удаатай гэнэ. Сургуулийн захиргаа, багш нар зарчимч, хөдөлмөрч гэж жигтэйхэн. Тус сургуулийн захирал Ж.Дэмбэрэл, хичээлийн эрхлэгч Мөнх-Очир, пионерийн ахлах удирдагч Авирмэд, монгол хэлний багш Гомбосүрэн, аж ахуйн ажилтан Цэрэн гээд авьяас чадвартай сурган хүмүүжүүлэх өөрийн арга барил эзэмшсэн багш, ажилтнууд олон байв. Ангийн багш Б.Ембүү нь улс, аймагтаа нэртэй тамирчин хүн байв. Тэрбээр хөнгөн атлетикийн төрлөөр баруун таван аймагт төдийгүй улсад олон жил эхний гурван байрт шалгарч байсан тамирчин байлаа. Ийм болохоор ч тэр үү тус ангийнхан наймдугаар анги төгсөхдөө олон төрлөөр сургуулийн аварга болж байсан түүхтэй аж. Ангийн хамгийн сурлагатай нь Орших захирлын Оюунцэцэг байсан бол, хамгийн уран гартай нь С.Мягмаржав, Б.Болдоо нар байв. Олон ч хүн салбарын тэргүүнээр тодорчээ. С.Туяа, Г.Янжмаа, Д.Нямаа, Т.Эрдэнээ нар Боловсролын тэргүүний ажилтан болсон бол Ц.Цэвээн Санхүү банкны тэргүүнээр, Ч.Оюунбилэг ХАА-н салбарын тэргүүн, Р.Цэцэгмаа хүн эмнэлгийн салбарын тэргүүн, Б.Отгоо Байгаль орчны тэргүүнээр шалгарчээ. Соёлын тэргүүний ажилтныг хоёр хүн хүртсэн нь Я.Бурмаа, Ш.Алтанхуяг нар аж.

Тус ангиас Б.Чантуу аймагтаа эмнэг сургалтаар тэргүүлж байсан бол С.Тэгшжаргал аймаг, сумандаа үүрэн телефоны сүлжээг хамгийн түрүүн хүргэж өгсөн ачтан аж. Ц.Нямжав мянгат малчин болж, Д.Пүрвээ сумын алдарт уяачаар шалгарчээ. Харин ангийн бизнесмэнээр С.Ичинноров тодорсон байна. Монгол орон зах зээлийн нийгэмд шилжиж хөл толгойгоо алдахад дагаж “намирсан” нөхөд ч бас гарчээ. Эмээл хазаартай, бүрэн хэрэглэлтэй морьтой аймгийн төв явж ороод явган буцаж ирсэн нэгэн байхад дүүрэн ачаатай 3ИЛ-130 машинтай Улаанбаатар хот ороод машин ч үгүй, ачаа ч үгүй буцаж ирсэн нэгэн гарсан. Мэдээж хүүхэд насны хөгжилтэй дурсамж дүүрэн. Нэг өдөр ангийн завсарлагаанаар Э.Жамбалдорж эг маггүй инээсээр орж иржээ. Юу болсныг лавлахад байнга дагалдаж явдаг Д.Нямаа жорлонд суучихсан инээж байтал яг ам руу нь ялаа нисээд орчихыг харжээ. Оройн цагаар согтуучуудыг журамлаж байсан цагдаагийн машин руу үсэрч суучихаад “Явах уу” гэж асуусан согтуу толгой ч гарсан. Мэдээж С.Цогоо, С.Сувдаа гээд бурхны оронд очсон нөхөд ч цөөнгүй. Энэ ангийнхнаас ангийн дарга Д.Батцэнгэл Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан бол Б.Отгоо аймагтаа ардчиллын анхны алтан хараацай болж мөн Алтан гадас одонгоор шагнуулжээ. Ийм товч намтартай тус ангийнхны уулзалт Улаанбаатарт болж өндөрлөлөө. 40 жилийн дурсамж, дурдатгал дүүрэн энэ уулзалтад тус сумын сургуулийн захирал Э.Бямбаа, орос хэлний анхны мэргэжлийн багш, зохиолч яруу найрагч Ж.Дэлэг нар оролцсон нь содон байлаа. Бас нэг содон зүйл гэвэл тус ангийнханд “Баян-Монгол” чуулгын уран бүтээлчид ирж тоглолтоо сонирхуулсан нь мартахын аргагүй дурсамж үлдээв.

Т.АМАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)