Иргэний үнэмлэхний лавлагаа нотлох баримт биш гэж үү

Сүүлийн үед багагүй шүүмжлэлд өртөөд буй байгууллага бол арилжааны банкууд. Тухайлбал, үйлчлүүлэгчдэд зориулсан ариун цэврийн өрөө байдаггүйд олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл арилжааны банкны үйлчилгээтэй холбоотой нэгэн асуудал олон нийтийн дургүйцлийг дахин төрүүлэв. Учир юу гэвэл, нэгэн иргэн дахин давтагдашгүй өгөгдөл буюу хурууны хээгээ ТҮЦ машинд уншуулан иргэний үнэмлэхний лавлагаа авч түүгээрээ үйлчилгээ авахаар банкинд очоод татгалзсан хариу сонсчээ.

Хүн бүрийг шинэчилсэн бүртгэлд хамруулахдаа хурууны хээг нь уншуулсан удаатай. Хүний хурууны хээ дахин давтагдашгүй баримт учраас тэр юм. Ингэснээр хувийн болон төрийн байгууллагын зарим үйлчилгээг иргэний үнэмлэхний лавлагаагаар авах боломж бүрдсэн. Гэтэл ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагааг арилжааны банкууд нотлох бичиг баримтад тооцдоггүй. Үйлчилгээ авах гэсэн иргэнээс заавал иргэний үнэмлэхийг эх хувиар нь шаардаж хүндрэл учруулдаг тал бий. Уг нь иргэн өөрөө л хурууны хээгээ уншуулж байж ТҮЦ машинаас ямар нэгэн лавлагаа гарган авах боломжтой.

Дахин давтагдашгүй өгөгдөл буюу хурууны хээгээ уншуулаад иргэний үнэмлэхний лавлагаа аваад банкинд өөрийн биеэр очиж өөрийнхөө нэр дээрх данснаас мөнгө авах гэж байхад яагаад татгалзаж байна вэ. Хэрэв ямар ч үйлчилгээг заавал иргэний үнэмлэх үзүүлж авах ёстой гэсэн дотоод журам банкинд байдаг бол иргэдэд түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхийн тулд түүндээ өөрчлөлт оруулж болохгүй гэж үү. Гэхдээ энэ асуудалд арилжааны бүх банк хамааралтай бус ч “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг дээ.

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)