Ц.Адьяасүрэн: Чанар муутай шатахуун хэрэглэх нь автомашины эд ангид ч сөрөг нөлөөтэй

НҮБ-ын Ази, Номхон далайн Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс санаачлан ШУА болон төр, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран “Агаарын чанар, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, цэвэр түлш-үр ашигтай түлшний хэрэглээ” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Энэ үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдолд тодорхой хувийг эзэлдэг авто тээврийн хэрэгсэлд судалгаа хийсэн “Эко Ази” байгаль орчин, менежментийн сургуулийн захирал, доктор Ц.АДЬЯАСҮРЭНГЭЭС зарим зүйлийг тодруулсан юм.

-НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүжилтээр хийсэн судалгаа ямар хугацаанд үргэлжилсэн бэ?

-Судалгааг өнгөрсөн оны тавдугаар сараас хойш хийсэн. Манай улсад 800 мянга гаруй авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Тэдгээрийн 60 орчим хувь нь нийслэлд байгаагаас 80 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучин автомашин байдаг. Үүнээс гадна манайх хэрэглээний нийт шатахууны 98 хувийг ОХУ-аас импортолж байгаа нь 2000 ррm хүхрийн агууламжтай, Евро-2 стандартынх байгаа юм. Гэтэл ОХУ болон Хятадад 10-50 ррm хүхэр ялгаруулдаг Евро-5, Евро-4 стандартын шатахуун хэрэглэж байна. Үүнээс харахад бид ямар чанарын шатахуун хэрэглэж, түүнээс ялгарах хүхэр, утаа тоос орчин тойрныг хэрхэн хордуулж, иргэдийн эрүүл мэндэд ямар хор хохирол учруулж байгааг ойлгож болох байх.

-Сайн чанарын шатахуун хэрэглэх, Евро-4, 5 стандартад шилжихийн тулд яах ёстой юм бэ?

-Засгийн газраас өнгөрсөн онд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталж, Евро-5 стандартыг мөрдөхөөр болсон. Түүнийгээ сайтар мөрдөж хэрэгжүүлэх, сайн чанарын бензин шатахууныг татварын бодлогоор дэмжих, керосин зэрэг нэмэлт бүтээгдэхүүний импортын татварыг өндөр тогтоох хэрэгтэй. Одоо энэ төрлийн бүтээгдэхүүний татварыг тэглэсэн байгаа нь буруу юм.

-Нефтийн анхан шатны боловсруулалттай керосин, мазут зэрэг октан өсгөдөг бодисыг ашиглах нь ямар үр дагавартай байдаг вэ?

-Үүнийг хэрэглэснээр импортолсон шатахууны хэмжээ нэмэгдэх боловч ялгарах бохирдлыг өсгөж, утаа тортгийг баяжуулдаг. Энэ хэрээр агаарын бохирдол нэмэгдэхээс гадна машины эд ангид маш муугаар нөлөөлж, эвдрэл гэмтэл гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг юм.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)