Оюутнууд сургалтын төлбөр нэмснийг эсэргүүцэж жагсана
- 2018-08-28
- Нийгэм
- 0

Зарим их, дээд сургуулийн оюутны зөвлөл сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Тэд ямар учир шалтгаанаар төлбөрөө нэмж байгааг сургуулийнхаа захиргаанаас тодруулахыг хүссэн ч тодорхой хариулт авч чадахгүй байгаа аж. Зарим сургуулийн захиргаанаас оюутны сурах чадвар, багшийн чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын төлбөрөө нэмсэн гэсэн тайлбар өгчээ.
Гэвч энэ нь бодит байдалд хэрэгжихгүй байгааг оюутнууд хэлж байв. Одоогийн байдлаар Монгол Улсад 90 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр сургууль сургалтын төлбөрөө энэ жил хамгийн доод тал нь 10 хувь нэмсэн болохыг оюутнууд онцолж байна. Хэрэв сургалтын төлбөрийг бууруулах талаар холбогдох албаны хүмүүс нааштай арга хэмжээ авахгүй бол оюутнууд энэ сарын 29-нд их, дээд сургуулийн оюутны зөвлөлөөс дахин хэвлэлийн бага хурал зарлах юм байна. Ингээд энэ сарын 31-нд улсын болон хувийн их, сургуулийн оюутнуудын нэгдсэн тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд хийхээр төлөвлөжээ. Мөн багш нарын ажил хаялттай нэгдэнэ гэдгээ оюутнууд албан ёсоор мэдэгдлээ.
Г.Сүрэн

Сэтгэгдэл (0)