Л.Буянтогтох: 100 мянга гаруй оюутан смарт картаар зорчино

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан оюутны смарт карттай холбоотой мэдээллийг нийслэлийн Боловсролын газар, “Улаанбаатар смарт карт” компаниас өглөө. Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын захиргааны хэлтсийн дарга Л.БУЯНТОГТОХООС зарим зүйлийг тодрууллаа.

-Смарт картны захиалга хэдэн хувьтай байна. Энэ жилийн хувьд хэчнээн оюутан смарт картаар зорчих боломжтой талаар мэдээлэл өгнө үү?

-БСШУСЯ-наас өнгөрсөн долоодугаар сарын 3-нд гаргасан албан тоотоор 2018-2019 оны хичээлийн жилд нийт 108970 оюутанд смарт карт олгохоор хяналтын тоо баталсан. Смарт картыг шинээр болон дахин олгох ажлыг нийслэлийн Боловсролын газар, сунгалтыг “Улаанбаатар смарт карт” компани хариуцаж байна. Энэ жил шинээр их, дээд сургууль, коллежид элсэн орж байгаа оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картын хүсэлтийг тухайн сургуулийн захиргаагаар дамжуулан энэ сарын 21-29-нд хүлээн авна. Бид карт шинээр авах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2-8 хоногт шийдвэрлэнэ. Мөн анги дэвшин суралцаж байгаа оюутнуудын цахим карт сунгах хүсэлтийг ирэх сарын 3-нд хүлээн авч мөн л ажлын 2-8 хоногт шийдвэрлэнэ. Харин цахим картыг гээгдүүлсэн, гэмтээсэн зэрэг дахин авах хүсэлтэй оюутнуудын хүсэлтийг ирэх сарын 10-ны дотор хүлээн авч шийдвэрлэнэ. Ажлын ачааллаас хамааран тухайн сургуулиас албан бичиг ирүүлснээс хойш 2-10 хоногт картын системд сургуулийн болон оюутны мэдээллийг оруулж, картыг идэвхжүүлэн сургуулиудад хүлээлгэн өгнө. Оюутны смарт карт тараах ажлыг сургуулиуд хариуцаж байгаа. Олон сургуулиас зэрэг хүсэлт өгч ачаалал нэмэгддэг учраас “Улаанбаатар смарт карт” компани энэ жил гэрээт ажилтан авч ажиллуулж байна.

-Нийтийн тээврээр зорчих эрхтэй оюутнуудын тоонд өөрчлөлт оруулсан уу?

-Хэвээрээ байгаа. Сард ажлын 22-23 өдөр байдаг. Тухайн өдрүүдэд зорчиход л таарсан эрхийг олгоно. Ер нь 44 удаа нийтийн тээврээр зорчих эрх байдаг. Сарын сүүлээс өмнө эрх нь дуусчихвал энгийн карт ашиглан нийтийн тээврээр зорчих боломжтой.

-Оюутны смарт картыг энгийн иргэн авч нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тохиолдол гардаг. Энэ тухайд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Оюутнуудаас ганц л зүйл шаардаж байгаа. Оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо смарт картаа оюутны үнэмлэхтэйгээ хамт авч явах хэрэгтэй. Хэрэв оюутны үнэмлэхгүй бол тухайн смарт картыг хүчингүйд тооцно.

-Смарт карт захиалгын үнэд өөрчлөлт оруулсан уу?

-Үнэд өөрчлөлт оруулаагүй. Шинээр захиалж байгаа бол 3600 төгрөг. Хуучин картаа сунгуулах бол 1000 төгрөг төлнө.

-Оюутнууд ямар бичиг баримт бүрдүүлж байж смарт картаа захиалах вэ?

-НИТХ-аас баталсан оюутны мэдүүлэг гэж бий. Тус мэдүүлгийг бөглөж, иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолт авчрах шаардлагатай. Оршин байгаа газраасаа нэг километрээс дээш зайд сургууль нь байгаа бол оюутны хөнгөлөлттэй смарт картаар үйлчлүүлэх боломжтой гэж заасан байдаг.

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)