“Black list”-ийн тусламжтайгаар аюулгүй цахим орчныг бий болгоно
- 2018-08-31
- Нийгэм
- 0

Эцэг эхчүүдийн төлөөлөл нэгдэж, фэйсбүүкт хар жагсаалт буюу “black list” нэртэй олон нийтийн нээлттэй групп нээжээ. Учир нь, сошиал орчны хэрэглээ нэмэгдэх тусам садар самуун, хүчирхийлэл, худал хуурмагийг сурталчилсан группийн тоо нэмэгдсэн. Улмаар тэдгээрийн зураг, дүрс, зарлал хүүхэд залуучуудад ихээр харагдах болсон тул түүний эсрэг #report зорилготойгоор дээрх группийг нээсэн байна. Одоогийн байдлаар тус групп 9480 гишүүнтэй болжээ. Өнөөдрийн нийгэмд өсвөр насныхны төлөвшил, хүмүүжилд цахим ертөнц чухал байр суурь эзэлдэг болсон нь нууц биш. Тиймээс эцэг эхчүүд бид цахим ертөнц дэх зүй бус үйлдэл, үг, контент, групп цаашлаад пэйж хуудсуудыг зүгээр хараад сууж болохгүй. Байдал энэ хэвэээрээ үргэлжилбэл бидний ирээдүй болох хүүхэд, залуучуудын хүмүүжилд ноцтой хор нөлөөтэй гэдгийг мэддэг боловч тэр бүр арга хэмжээ авдаггүй.
Тиймээс “Black list” групп нь хүүхэд, залуучуудын дунд аюулгүй цахим орчныг бий болгох, эцэг эхчүүдэд анхааруулах, гарч болох аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сошиал орчинд гарч болох бусад зохисгүй агуулгатай контентыг илрүүлж цаашлаад REPORT хийж устгах зорилготой аж. Группийн зүгээс олон нийтэд төдийгүй эцэг эхчүүдэд хүүхдүүдийн цахим хэрэглээг өөрчилж чадахын төлөө нэгдэхийг уриалж байгаа аж. Дашрамд дурдахад сошиал орчинд “10-16 насныхны” гэсэн маш олон групп байдаг бөгөөд өсвөр насныхан хоорондоо "долоо хоног үерхье, хайраа гэж дуудъя" гэх мэт тоглоом тоглодог байна. Өөрөөр хэлбэл, огт танихгүй хүнтэйгээ фэйсбүүк группийн тусламжтайгаар танилцаад үерхэж байгаа мэт жүжиглэдэг бөгөөд энэ хугацаандаа уг танихгүй этгээдэд өөрийн хувийн мэдээллээ алдах, нүцгэн зургаа явуулах зэргээр өөрсдийгөө эрсдэлд оруулсаар байгаа юм.
М.ӨЛЗИЙ

Сэтгэгдэл (0)