М.Энхболд: Багшийн хөгжих боломжийг бүрдүүлэхэд төрийн байгууллага онцгой анхаарах ёстой
- 2018-09-04
- Нийгэм
- 0
УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын дунд сургууль, ХНХЯ-ны харьяа Төв аймаг дахь МСҮТ, ХААИС-ийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт “Эрдмийн баяр”-ын арга хэмжээнд оролцов. Батсүмбэр сумын дунд сургуульд 1000 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд энэ хичээлийн жил нэгдүгээр ангид 158 хүүхэд элсчээ. Нээлтийн үеэр сургуулийн захирал А.Эрдэнэбат энэ онд төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлсэн дүн өсч, аймагтаа хоёрдугаар байр эзэлснийг онцлов. Түүнчлэн хичээлийн “Б” байрны өргөтгөлийг бүрэн хийж, УИХ-ын дарга М.Энхболдын дэмжлэгээр 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 160 хүүхдийн дотуур байрны шинэ барилгын ажлыг эхлүүлснийг дуулгав. УИХ-ын дарга М.Энхболд эрдэм боловсролтой зөв иргэн төлөвшүүлэх үйлстээ хичээн шамдаж, эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахыг багш сурган хүмүүжүүлэгчдэд захиж, сурлага, урлаг, спортын өндөр амжилт үзүүлж, эх орныхоо жинхэнэ эзэн нь болж өсч хүмүүжихийг сурагч багачуудад ерөөв. Тэрбээр тус сургуульд 5.8 сая төгрөгийн, цэцэрлэгт 600 мянган төгрөгийн сургалт, хүмүүжлийн ажлын тоног төхөөрөмж өгөх батламж гардууллаа.
УИХ-ын дарга М.ЭНхболд дараа нь ХААИС-ийн 60 дахь хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тус сургууль БСШУСЯ-наас дэвшүүлж буй зорилго зорилттой уялдуулан энэ хичээлийн жилийг “Оюутны хөгжил-чанарын шинэчлэлийн жил” болгон зарлаж, “Оюутны хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг ХААИС-ийн ректор, доктор, профессор Т.Хэрүүга хэллээ. Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оюутны хөгжлийг дэмжих зээлийг сургуулиар нь дамжуулан олгох болсон талаар мэдээлэл өгч хүссэн оюутан зээлд хамрагдах боломж бүрдсэнийг дуулгав. Мөн Төв аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд зочиллоо. Гучин ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус сургууль өнгөрсөн хугацаанд 10 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргажээ. Энэ хичээлийн жилд тус сургуульд 11 мэргэжлээр 230 шахам оюутан суралцах аж. УИХ-ын дарга М.Энхболд УИХ-аас энэ онд батлан гаргасан Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн анхны хичээлийн жил тохиож байгааг онцолж, энэ хуулийг ягштал хэрэгжүүлэн багш нарын цалин хөлс, нийгмийн асуудлыг сайжруулах, тэдний мэргэжил боловсролоо дээшлүүлэх, хөгжих боломжийг бүрдүүлэхэд бүх шатны төр, засгийн байгууллага онцгой анхаарах ёстойг тэмдэглэлээ.
М.Энх

Сэтгэгдэл (0)