Хөдөлмөрийн зах зээлийг эзэлсэн роботууд

Техник, технологийн хөгжил, нийгмийн өөрчлөлтийг дагаад хөдөлмөрийн зах зээлд ч томоохон өөрчлөлт гарч эхэлснийг судлаачид онцолдог. Одоогоос 20 жилийн өмнө эрэлттэй байсан мэргэжлийг 10 жилийн дараа техник, технологийн дэвшлээр халж, өмнө нь огт сонсч байгаагүй ажлын байр олноор бий болж байна. “МакКинси” судалгааны байгууллагаас 2030 он гэхэд дэлхий даяар 375 сая хүний ажлын байрыг автомат автомашин, робот, тусгай программаар орлуулна гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Роботыг дуу дуулдаг, үг хэлдэг, бүжиглэдэг гээд хүүхдийг зугаацуулах үүрэгтэй тоглоом мэтээр төсөөлдөг хандлага өөрчлөгджээ. Хөдөлмөрийн зах зээлд 2025 оноос эрэлттэй байх, ирээдүйг тодорхойлох ажлын байрны талаар “Прайс Ватер Хаус” компанийн судалгааг цахим тоглоом, роботын зах зээлд сургалт, боловсролын чиглэлээр ашиглах роботууд тэргүүлжээ. Энэ зах зээл улам өргөжин 2021 он гэхэд 11.1 тэрбум ам.долларын эргэлтэд хүрэх магадлалтайг судалгаанд онцолсон байна. Хором мөчөөр хөгжиж буй роботехникийн салбарын оны онцлох бүтээлийн талаар тоймлон хүргэж байна.

ХИЧЭЭЛ ЗААДАГ РОБОТ ХҮЧЭЭ АВЧ БАЙНА

Гадаад хэл, шинжлэх ухааны анхан шатны мэдлэг олгох программтай роботууд технологийн зах зээлд борлуулалтаараа тэргүүлж байна. Технологийн компаниуд, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгчид ч робот тоглоомд зориулсан сургалтын программ зохиоход анхаарал хандуулж эхэлснийг “South China Morning Post” онцолжээ. Ялангуяа Люксембургийн их сургуулийн эрдэмтдийн багийн бүтээл болох аутизмтай хүүхдэд туслагч Qtrobot, АНУ-ын инженерүүдийн бүтээл ном уншдаг “Лука” робот эрэлттэй байна. Ууль шувууг санагдуулам “Лука” роботыг 2-8 настнуудыг бие даан уншиж сурахад зориулан зохион бүтээжээ. Японы инженерүүд хүний нүүрний хувирал, нүд хөмсөгний хөдөлгөөнийг дуурайх чадвартай робот зохион бүтээснээ Ванкуверын технологийн үзэсгэлэнгийн үеэр нийтэд танилцуулсан билээ. SEER буюу сэтгэл хөдлөлийг дуурайх чадвартай энэхүү роботод суурилуулсан камерын тусламжтайгаар хүний нүүрний хувирлыг бичин авч, эргүүлэн түүнийг нь дуурайдаг аж. Түүнээс гадна хүний нүд рүү удаан хугацаагаар харж чаддаг бөгөөд роботтой “ширтэлцсэн” хүмүүс “амьд хүн шиг” болсныг онцолжээ. Хятадын “Шиньхуа” номын дэлгүүрийн ухаалаг төмөр ажилтнууд хөдөлмөрийн зах зээл дэх анхны робот номын санч болсон юм. Дэлгүүрийн ном худалдах төвийн үйлчилгээний хэсэг бүрт Шяошинь нэрт ухаалаг роботыг өнгөрсөн нэгдүгээр сард байрлуулсан аж. Шяошинь робот үйлчлүүлэгчдэд ном хайж, шалгаж өгөхөөс гадна ном танилцуулж, сонголт хийхэд нь туслах зэргээр төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх юм байна. Түүнчлэн худалдан авагчдад шинжлэх ухаан технологийн ухагдахууныг илүү хялбар ойлгох боломжийг олгосон гэнэ. “Дижитал Хятад улсыг байгуулах нь” төслийн хүрээнд шатахуун түгээгч ухаалаг роботыг өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулсан. Уг хиймэл оюун ухаан нь автомашины загвар болон зогссон өнцгийг тогтоож, түлшний савын тагийг онгойлгон шатахуун хийх чадвартай аж. Түүнчлэн зохион бүтээгчид нь түүнийг дээд хэмжээгээр загварчилсан ухаалаг робот хэмээн онцолжээ. Зүүн Өмнөд Азийн зочид буудлууд үйлчлүүлэгчдээ онцгой байдлаар татаж эхэлжээ. Учир нь, тус сүлжээ зочид буудалд робот зөөгчид ажилладаг байна. Энэ нь ухаалаг роботод зөөгчийн ажил олгосон анхны тохиолдол биш бөгөөд Хятад улсад роботууд зөөгчийн үүргийг хэдийнэ гүйцэтгэж эхэлсэн. Робот хоол зөөж эхэлсэн нь энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдийн талархлыг хүлээгээд зогсохгүй зардал хэмнэх болжээ. Дэлхийгээс өөр гарагт амьдрал байгаа эсэх талаар эрдэмтэд олон жил судалгаа, шинжилгээ хийж байна. Тэгвэл НАСА Марс болон Бархасбадь гарагт амьдрал байгаа эсэхийг олох зориулалттай робот бүтээснээ танилцууллаа. Pop-Up Flat FoldingExplorer Robots (PUFFER) робот нь өмнөх загвараасаа жижигхэн эвхэгддэг бүтцээрээ ялгаатай. Хруничевийн нэрэмжит Оросын роботехнологийн төвөөс энхийг сахиулагч робот зохион бүтээснээ өнгөрсөн сард танилцуулсан байна. Түүнчлэн “Робот” судлалын институтээс хөрөг зураг зурах чадвартай робот зохион бүтээсэн бөгөөд зах зээлд удахгүй нэвтрүүлэх юм байна.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)