Зам тээврийн ослын улмаас 8 хүн амь насаа алджээ

Улсын хэмжээнд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлж, сэрэмжлүүлж байна.

Есдүгээр сарын 3-7-нд нийслэл хотын хэмжээнд Тээврийн цагдаагийн албанд нийт 1538 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 1085 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 4 хүний амь нас, орон нутагт 4 хүний амь нас хохирсон ноцтой зам ослууд гарсан. Осол, хэргийн улмаас 42 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс 12 нь бага насны хүүхэд тэр дундаа 92 хувь нь буюу 11 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал, энэ сарын 6-нд 20.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг Тахилтын 6-р буудлын баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй “Daewoo” маркын мотоцикл замын хашлага мөргөж онхолдож, жолооч 41 настай Б-н амь нас хохирсон байна.

Энэ сарын 4-нд 13.00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг 115-р сургуулийн урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь хүүхдийн тэрэгтэй түрж явсан 2 сартай А-г мөргөж гэмтээсэн бөгөөд тухайн жолоочийг шуурхай олж тогтооход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсон байна.

Энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 11,6 хувь, амь нас нь хохирсон хүн 14 хувь, гэмтсэн хүн 44 хувиар тус тус өссөн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 17 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Мөн алба хаагчдаас хүн ихээр цуглардаг томоохон гудамж, зам, автобусны буудлууд орчим чанга яригчаар ухуулга сурталчилгаа хийж ажилалж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа залилан мэхэлсэн гэмт хэрэг нэг, иргэний гар утсыг хулгайлсан, булаасан гэмт хэрэг хоёр, мөн тарваганы мах тээвэрлэж явсан хоёр хэргийг тус тус илрүүлэн ажиллажээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)