Түүхэн жүжиг, хаан хуурын тоглолттой есдүгээр сар

 

Их амралт дуусч хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн ажилдаа ханцуй шамлан орсон урлагийнхны тоглолтын хуваарь гарч эхэллээ. Ирэх өдрүүдэд хаана, хэний тоглолт болохыг тоймлон хүргэе.

“ХООВОН” ЭНХБАЯРЫН ЦЭНГҮҮНД СААТААРАЙ

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр “Хоовон” тоглолтоо энэ сарын 14-нд “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд 19.00 цагаас хийхээр болжээ. Хүндэтгэлийн тоглолтод “Сүүн цагаан хурим”, “Шинэ жилийн шөнө сайхнаа”, “Мартаж болдоггүй сэтгэл”, “Хэн юм бэ”, “Солонго шиг” зэрэг хит дууг нь эгшиглүүлэх аж. Түүнчлэн ХЦДБЧ-ын уран бүтээлчид, “Хөх тэнгэр”, “Ахмадын золбоо” хамтлагийнхан хүрэлцэн ирнэ. Тоглолтын тасалбар 30, 40 мянган төгрөгийн үнэтэй байна. Олноо “Хоовон” нэрээр танигдсан хөгжмийн зохиолчийн олон нийтэд хүрсэн анхны бүтээл нь “Аав” дуу юм. Энэ дууг анх дуулсан хүн нь “Хөх тэнгэр” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог ажээ.

Б.ЧИНБАТЫН ТОГЛОЛТОД ЭНЭ ЦАГИЙН ШИЛДГҮҮД ОРОЛЦОНО

Сэтгэл огшоосон жинтэй уран бүтээлээр үзэгчидтэй уулздаг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат энэ сарын 21, 22-нд 19.00 цагаас, 23-ны 18:00 цагт “Corporate сonvention сentre”-ийн концертын танхимд тоглолтоо хийнэ. Тоглолтоо “Хязгааргүйн цаана” хэмээн нэрийдсэн бөгөөд энэ нь түүний бие даасан гурав дахь концерт юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “One music” продакшн, “ON’n &OFF” ажиллаж, хөгжмийн зохиолчийн шинэ, шилдэг дуу хөгжмийн бүтээлээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан олон дууг хүргэхээр зэхэж байна. Түүнчлэн Монголын сонгодог болон ардын урлагийн дуучин, бүжигчин, үндэсний язгуур урлагийн хөгжимчид, рок поп урлагийн шилдгүүд оролцож гурван үдшийг үзэгчдэд бэлэглэх юм. Тодруулбал, Чингис хаан одонт, Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, уртын дуучин Б.Мөнхбаатар, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, “Никитон”, “Sweetymotion”, “S4” хамтлаг, поп дива С.Наран, уртын дуучин Б.Батцэцэглэн, дуучин Б.Замбалгарав, И.Мишээл, Софиа, Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын Үндэсний төрийн их найрал хөгжим, удирдаач Н.Буянбаатар, ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцоно. Мөн УДБЭТ-ын хийлчдээс гадна хөгжмийн зохиолчийн эгч Америкийн “Ringling Brothers Barnum Bailey” циркийн жүжигчин, бүжигчин Б.Гэрэлчимэг нар оролцох юм байна.

Б.АНГИРМААГИЙН ТОГЛОЛТЫГ “КИВИ”-ЧҮҮД ЧИМНЭ

Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа энэ сарын 28,29-нд сонсогч фэнүүдийнхээ сэтгэлийг догдлуулахаар болжээ. Монголын орчин үеийн хөгжмийн урлагт “анхны” гэсэн тодотголтой оруулж ирсэн бүтээл түүнд олон. Ая зохиогч, продюсер Б.Ангирмаагийн зохиосон дуунуудаас энэ удаагийн тоглолтод дурсамж сэргээсэн олон дууг үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Түүний энэ удаагийн тоглолтод “Киви” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон “Сэтгэл догдлуулсан үдэш”-ээрээ үе үеийн дуунуудаа хүргэхээр болжээ. “Corporate сoncert hall”-д болох тоглолтын тасалбар 40000, 60000 төгрөгийн үнэтэй аж.

ҮНДЭСНИЙ ТҮҮХЭН ЖҮЖГИЙН ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ

УДЭТ-ын уран бүтээлчид орон нутгаар аялан тоглож байгаа. Тэд аялан тоглолтоо дуусгаад үндэсний түүхэн жүжгийн өдрүүдээ тэмдэглэхээр болсон байна. Тодруубал, энэ сарын 27-ноос ирэх сарын 15-ны өдрүүдэд Монголын сор болсон түүхэн жүжгүүдээ оюунлаг үзэгчдэдээ толилуулах аж. Энэ өдрүүдэд Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”, С.Жаргалсайханы “Тэмүүжин” түүхэн жүжгийг хүргэх юм. Жүжгийн тасалбар суудлын зэрэглэлээс хамааран 10000, 15000, 20000, 25000 төгрөг ажээ.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)