Хүлээлт,шийдвэртэй хүндхэн долоо хоног ард үлдэв

Олны анхаарлыг татсан, дуулиантай бас дургүйцлийг төрүүлсэн үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөв. Тухайлбал, багш нарын ажил хаялт, П.Орхоны алтан медалийг хураах, “Coal Mongolia-2018” чуулга уулзалт, Засгийн газрын хуралдааны шийдвэр болон “Дисковер Монголиа-2018” гэх мэт томоохон үйл явдал боллоо. Улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, урлаг спортын салбарт өрнөсөн олны анхаарлын төвд байсан эдгээр болон бусад мэдээллийг тоймлон хүргэе.

ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРТ ОЛОН НИЙТ ТАЛАРХАЛТАЙ ХАНДАВ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хэд хэдэн шийдвэр гаргасан юм. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг ирэх сарын 1-нээс хориглохоор болсон. Энэхүү шийдвэрийг олон нийт талархан хүлээж авлаа. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд энэ шийдвэр үйлчлэхгүй бөгөөд хичээлийн бус цагаар болон сургалт хүмүүжлийн зорилготой үйл ажиллагааг ухаалаг утсаар дамжуулан явуулах боломжтой юм. Хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан юм. Он гарсаар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд цахим дарамтад өртсөн 125, цахим донтолтын 35 дуудлага бүртгэгдэж, тэд хамгааллын үйлчилгээ авчээ. Харин Сэтгэцийн эрүүл мэндийн төвд цахим донтолттой 23 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд цаашид өсөх хандлагатай байгаа энэ үед нүдээ олсон шийдвэр боллоо. Мөн хуралдаанаар удаа дараа зам тээврийн осол гарч, олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч буй Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинээр барих шийдвэр гаргалаа. Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинээр барих барилгын ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “барих- шилжүүлэх” нөхцөлөөр 2019 оны дөрөвдүгээр сард эхлүүлэх юм. Тус автозам нь дөрөвдүгээр ангиллын хоёр эгнээтэй бөгөөд түүнийг тусгаарлах зурвастай нэгдүгээр ангиллын дөрвөн эгнээ болгохоор төлөвлөжээ. Тухайн автозамаар өдөрт дунджаар 5800 гаруй, томоохон баяр ёслолын үеэр 12300 гаруй автомашин дамжин өнгөрч өндөр эрсдэлтэй болгодог байна. Мөн “Монгол экспорт” хөтөлбөр баталсан нь үндэсний үйлдвэрлэгчдийн анхаарлын төвд байна. Монгол Улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүү болон татварын таатай орчныг тогтвортой болгох, нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүний экспортыг дэмжих, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдааг хөнгөвчлөх, экспортын зах зээлийн хүрээг тэлэх арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг баталжээ. Түүнчлэн 22 байршил дахь газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамыг шинээр барих шийдвэр гаргав.

АЖИЛ ХАЯСАН БАГШ НАРЫГ ХАТУУХАН ШҮҮМЖИЛЖ, ХҮЧТЭЙХЭН ЭСЭРГҮҮЦЭВ

2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлээд аль хэдийнэ долоо хоножээ. Энэ жил есдүгээр сарын 1 амралтын өдөр буюу бямба гарагт таарсан учир энэ сарын 3-нд албан ёсоор хичээл орох байсан ч харамсалтай нь, зарим сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаясан. Товчхондоо, багш нар ажил хаяж, сурагчдынхаа сурах эрх рүү “ус цацав”. Үүнд олон нийт шүүмжлэлтэй хандаж, тэднийг эсэргүүцэх болсон. Иймд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/, Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага, Ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийхэнтэй уулзаж, хамтарсан ажлын хэсэг байгуулснаар асуудлыг шийдэв. Тэд багш нарын цалинг энэ жил болон ирэх онд үе шаттай нэмэгдүүлэхэд шаардлагатай тооцоо судалгаа хийж боломжит санхүүгийн эх үүсвэрийг бий болгох санал боловсруулахаар энэ сарын 7-нд ажлаа эхлүүллээ. Гэсэн ч багш нар ажил хаялтаа зогсоох талаар албан ёсоор мэдэгдээгүй байна. Багш нарын ажил хаялтыг МҮЭХ удирдаж, уриалсан бол чиглүүлэгч, зааварлагч нь хэн бэ гэдэгт олон нийт АН, МАХН гэсэн хариултыг өгсөн нь оргүй биш гэдгийг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдал харуулсан. Учир нь, багш нарын цалинг нэмээгүй биш нэмсэн. Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн сарын 22-нд төрийн албан хаагчдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр болсон. Тухайлбал, хамгийн бага цалинтай, хүнд орчин нөхцөлд ажиллаж буй бага ангийн болон цэцэрлэгийн багш, асрагч, сувилагч, соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагчдын цалинг өмнө нь байгаагүй хэмжээгээр нэмэгдүүлж, ангиллыг нь 1-2 зэрэглэлээр өсгөсөн. Ингэж нэмэх нь байтугай цалингаа тавьж чадахгүй шахуу байсан үе бий. Тэр ч байтугай ирэх жилээс төсөв, санхүүгийн нөхцөл байдал сайжирвал дахин нэмэх боломжтойг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн. Тиймээс Засгийн газрын зүгээс төсөв санхүүтэйгээ уялдуулан хамгийн боломжит байдлаар тэдний цалин хөлсийг нэмсэн. Цаашид ч нэмэгдүүлэх амлалт өгчихөөд байхад багш нар асуудлыг улстөржүүлж, аливааг муулж гоочилж, хүүхдүүдийн эрхийг боймлох ёс зүйгүй хүмүүс биш. Үүнд учир бий. Багш нарыг хэн нэгэн өөрийн эрх ашгийн төлөө чиглүүлж, зааварчилж байгааг олон нийт аль хэдийнэ мэдсэн учраас хатуухан шүүмжилж, хүчтэйхэн эсэргүүцэв.

БӨХИЙН ӨРГӨӨНЫ ХУВЬ ЗАЯАГ ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ

Ардчиллын дараа ард түмний хандив хөрөнгөөр бүтсэн Монгол Бөхийн өргөө эзэнгүйдсэн. Учир нь, Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны ээлжит “Их Эе” VIII хурал багагүй асуудал дагуулж, улмаар МҮБХ хоёр толгойтой болсон гэж болно. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны тавдугаар сард ээлжит бус “Их Эе” хэмээх хуралдаан болж Л.Чинбатыг МҮБХ- ны ерөнхийлөгчөөр сонгосон байдаг. Гэвч хуучин дарга буюу Р.Нямдорж , Д.Данзан нар уг шийдвэрийг холбооны дүрэм зөрчиж гаргасан хэмээн үзсэнээр асуудал улам хурцдсан ч ойрын өдрүүдэд нам гүм байна. Ингэснээр Монгол Бөхийн өргөө хариуцах эзэнгүй үлдэв. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх асуудлаар Засгийн газарт албан бичиг илгээлээ. Монгол Бөхийн өргөөг тойрсон хэрүүл тэмцлээс болж зодоон цохион, хэрүүл маргааны талбар болохтой зэрэгцэн сүүлийн үед согтуу хөлчүү хүмүүсийн “зогсоол” болж, улмаар мартагдахвий гэсэн болгоомжлол олон хүнд төрж буй энэ үед албан бичиг илгээсэн нь өнгөрсөн долоо хоногийн онцлох нэгэн үйл явдал байв. Ард түмний дунд нэр хүндээ гээж, монгол бөхийн нэр нүүрийг сэвтүүлсэн талцал бөхчүүдийн дунд одоо ч хэвээрээ байгаа. Бөхчүүдийн талцал, хэрүүлийн нэг шалтгаан нь Бөхийн өргөөний эзэмшлийн асуудал гэж болно. Учир нь, Бөхийн өргөө жилд тэрбум гаруй төгрөгийн ашиг хүртдэг ч түүнээсээ улсад огт ашиг хувь хүртээдэггүй байна. Тэгсэн атлаа МҮБХ-ны өмнөх тэргүүн Р.Нямдорж арван хувийн ашиг хүртдэг гэх мэдээлэл ч бий. Иймд холбогдох газрууд цаашид Бөхийн өргөөний хувь заяаг хэрхэн шийдэхийг олон нийт чих тавин хүлээж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТАТВАРЫН БОДЛОГООР ТАТАХ ЁСТОЙГ ОНЦЛОВ

Уул уурхайн салбар дахь олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох “Дисковер Монголиа-2018” чуулга уулзалт болж өндөрлөв. Энэхүү чуулга уулзалтад 25 орны 600 гаруй төлөөлөл оролцон санал бодлоо солилцож, салбарынхаа цаашдын чиг хандлагыг хэлэлцэв. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар уул уурхайн боловсруулах салбарын дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл 20 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг энэ үеэр тодотгосон юм. Тэрбээр хѳрѳнгѳ оруулагчдад нээлттэй, ил тод хууль эрх зүйн орчныг бий болгох, хөрөнгө оруулалтыг татах талаар Засгийн газар тэргүүн зорилтоо болгон ажиллаж байгааг дуулгасан билээ. Мөн хууль бусаар ашигт малтмал олборлогчидтой, популизмтай хатуу тэмцэнэ гэдгээ хөрөнгө оруулагчдын өмнө амлаж, эзэмшигчээ мэдэгдэхгүй байгаа уул уурхайн компаниудад хариуцлага хүлээлгэхээ мэдэгдсэн. Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаа энэ үед тэдний мөнгийг татварын бодлогоор татах ёстойг оролцогчид онцолж байлаа. Тухайлбал, БНХАУ болон АНУ хооронд өрнөж байгаа болон өрнөж болзошгүй худалдааны дайнаас болж алтны үнэ өсч байна. Түүнчлэн дэлхийн хэмжээнд алтны олборлолт 2021 онд дээд цэгтээ хүрнэ. Алтны үнэ өндөр байх тусам дэлхийн өртөг багатай уурхайнууд нөөцөө шавхах байх. Харин 2022 оноос алтны үнэ буурах болов уу гэсэн хүлээлт байна. Олон улсын хөрөнгө оруулагчдын дунд Монгол Улсын нэр хүнд сайжирч, тэдний итгэл сэргэж байна. Тиймээс бид хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор татах ёстойг MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн тодотгосон. Монгол Улсад өнөөдрийн байдлаар хайгуулын 1537 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа аж.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД 20 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудсан томоохон хоёр чуулган болсны нэг нь “Coal Mongolia-2018” юм. Найм дахь удаагийн энэхүү чуулга уулзалтад 15 орны 600 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд энэ үеэр нийтдээ гадаад дотоодын хөрөнгө оруулагчид 20 гаруй тэрбум төгрөгийн гэрээнд гарын үсэг зуржээ. Тэд энэ жилийн чуулганаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, экспортын нэвтрүүлэх чадварыг сайжруулах асуудлыг хөдөж буйгаараа онцлогтой байлаа. Энэ жилийн хувьд нүүрсний зах зээлийн таатай үе тохиож, ирэх жилийн дунд үе хүртэл харьцангуй тогтвортой үргэлжлэх хандлага ажиглагдаж байгаа аж. “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн хэлж буйгаар коксжих нүүрсний нөөц 1.3 тэрбум тонноор нэмэгджээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан мэдээлэл байлаа. Ирэх оны дунд үеэс хойш коксжих нүүрсний үнэ унах хандлагатай байгаа учраас гадаад зах зээлийн таатай үеийг ашиглаж цаг хугацаатай уралдан ажиллах шаардлагатайг тус чуулганы ерөнхий зохион байгуулагч онцолсон юм.

П.ОРХОНЫ АЛТАН МЕДАЛИЙГ ХУРААВ

Азийн спортын XVIII наадмаас алтан медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон сэргээш хэрэглэсэн байж болзошгүй гэх таагүй мэдээллээр Монголын спорт сонирхогчид долоо хоногийг эхлүүлсэн. Олон нийтийн дунд эргэлзээ, таамаг төрүүлсэн энэхүү мэдээлэл үнэн болохыг Азийн олимпын зөвлөлөөс баталж, Монгол Улсын тамирчин П.Орхоноос сэргээш илэрсэн тул алтан медалийг нь хурааж авахаар болсныг зарласан юм. Тус зөвлөлийн мэдэгдэлд өнгөрсөн сарын 20-нд авсан шинжилгээгээр П.Орхон сэргээшийн төрлийн бодис хэрэглэснийг баталж байгаа талаар дурджээ. Ингэснээр Азийн наадмын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 кг- ын жингийн тэмцээнээс хүртсэн алтан медалийг хураахаар болсон нь түүнд төдийгүй Монголын ард түмэнд хүндхэн цохилт болов. Түүний медалийг хурааснаар Монгол Улс дөрвөн алт, есөн мөнгө, 11 хүрэл медальтайгаар 17 байр руу ухарчээ.

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Hun (202.9.42.162)

    2018-09-10

    Хоосон улс төржилтөө зогсоогоод цалинг нь нэмээчээ Засгийн газар аа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа мэдээлэл цацахаа боль. Чинзоригийг огцруулбал таарна.

  • (43.243.161.23)

    2018-09-10

    Hudlaa Zasagaa avch uldeh zoolon suudaldaa uldeh l buh argaa hereglej bn. Eh ornoo bodson yadarsan bagsh emch naraa bodson neg ch yum alga. Zugeer l hudlaa show tur argatsaasan yum l ih hiij bna. Ogtsroh yostoi chadamjgui Zasgiin gazar shuu. Daraagiin hun ni harin gaigui hun garch irvel yum hiihed ih hugatsaa shuu 2 jil gedeg bol. Daraagiin Eronhii saidad amjilt husej itgeh l uldlee dee hoorhii. Ene zasag ch surjin surjin yum yarihaas tsaashgui bn