Усны салбарыг бие даалгах хэрэгтэй

Ус бол амьд бүхэн оршин тогтнохын гол эх үүсвэр. Тийм ч учраас аливаа улс үндэстэн усанд асар өндөр ач холбогдол өгч, нэгдсэн бодлоготой ажилладаг. Гэтэл манай улс энэ тухайд учир дутагдалтай байгааг усны салбарынхан шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл, энэ салбарыг бие даалгах буюу нэгдсэн бодлого төлөвлөлтөөр хангадаг агентлаг цаашлаад яамтай байх ёстойг нэгэн дуугаар хэлж байлаа. Энэ бол “Усны хөгжил ба сайн засаглал” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр салбарынхны ярьсан гол асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ-тай хамтран дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд холбогдох яамдын болон салбарын мэргэжилтнүүд ирж, илтгэл хэлэлцүүлэн тулгамдаж буй асуудлаа ярилцаж, гарц шийдлийг хэлэлцсэн.

Тэдний зүгээс Усны үндэсний зөвлөл байгуулан ажиллуулах, эрх зүйн орчныг бий болгох зэрэг асуудлыг судалж, усны салбарт бодлогын шинэчлэл хийх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар онцгой анхаарал хандуулж, тууштай ажиллахыг сануулсан. Хэлэлцүүлгийн үеэр “Монгол орны өндөр уулын мөнх цас, мөсөн голын усны нөөц багасч, 2017 оны байдлаар 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэж, цөлжилт нэмэгдэх, төв суурин газруудын ундны усны нөөц шавхагдах зэрэг бодит аюултай манай улс тулгарсан” гэх сэтгэл эмзэглүүлсэн тоо баримтыг албаныхан өгсөн. Ийм атал Монгол Улсын усны салбарын чиг үүргийн хуваарилалт Ерөнхий сайдын болон 10 яам, хоёр агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хуваагдсан байдалтай байгаа нь усаа хамгаалах, нөөцлөх, дахин ашиглах, говийн бүс нутгийг усжуулах, уул уурхайн салбарт ашиглаж буй усны зохистой хэрэглээг хангах, хянахад том бэрхшээл болжээ. Тиймээс эдгээр асуудлыг цогцоор нь хариуцаж, төрөөс усны талаар баримтлах нэгдсэн бодлогыг зөв оновчтойгоор төлөвлөн хэрэгжүүлэх, шинэчлэл өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага үүссэнтэй салбарынхан санал нэгдэж байлаа. Усны асуудал ийнхүү нэн чухал болсон цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчилж буй бөгөөд Мянганы сорилтын сантай 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ хөрөнгийг усанд бүрэн зарцуулахаар болсныг салбарын мэргэжилтнүүд сайшаан онцолж байлаа. Гагцхүү энэ хөрөнгийг зөв зохистой зарцуулахад зөв менежмент хийх хэрэгтэйг ч хэлж байв.

Ингээд усны салбарын зарим төлөөллийн байр суурийг сонслоо.

Д.БАСАНДОРЖ: МАНАЙХААС БУСАД УЛС УСНЫ АЖ АХУЙН ЯАМТАЙ / ШУТИС - и йн багш, доктор/ -

Мэдээж аливаа ажлыг хийхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Гэхдээ усны салбарт нэн тэргүүний асуудал нь бодлогоо цэгцэлж авах явдал. Эрэг шургийг нь тааруулсны дараагаар хаана нь, ямар хөрөнгө оруулалт хийж, ямар үр дүн хүлээх вэ гэдгээ ярилцах хэрэгтэй байна. Ус бол та бидний амь настай холбоо чухал зүйл учраас үүнд тусгайлан анхаарал хандуулах хэрэгтэй. Хүнсний хангамжаа сайжруулъя гэвэл усаа сайжруул. Ингэж байж бүх зүйл сайжирна. 1960 онд нэг литр ус нэг төгрөг байсан. Өнөөдөр буюу 58 жилийн дараа нэг төгрөг хэвээрээ л байна. Усныхаа үнэ цэнийг мэдэхгүй байж мөнгө төгрөг зарах тухай ярих нь өрөөсгөл юм. Юуны түрүүнд энэ салбарт бүтэц, зохион байгуулалт буюу удирдлага мененжментийн асуудал номер нэг болчихоод байна. Усгүйгээр уул уурхай, мал аж ахуй, газар тариалан аль нь ч явахгүй. Гэсэн атлаа усанд ямар ч ач холбогдол өгдөггүй байж болохгүй. Ус бохирдуулсан бол төлбөр төлдөг байх тухай хууль батлаад 12 жил болсон ч хэрэгжүүлдэггүй. Гэхдээ нэг сайн тал нь усны асуудалд хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор жаахан хөдлөх маягтай болсон нь сайшаалтай. Миний хувьд Төв Азийн кавказын бүсийн есөн орны усны зохицуулалтад кординатор хийдэг. Манайхаас бусад нь Ус аж ахуйн яамтай. Ингэж байж газар тариалан, хөдөө аж ахуйг хөгжүүлдэг. Усандаа зөв менежмент хийсэн улс орон хөгждөг. Тиймээс манай улсад Усны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гэж байх ёстой. Төр нь усаа мэдэхгүйгээр улс орон хөгжихгүй. Усны засаглалыг бүрдүүлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэх ёстой. Ус ашиглаж буй бүх хүний оролцоотойгоор усны зөвлөл гэж байгуулаад бүх асуудлаа шийддэг жишиг дэлхий нийтэд бий. Ер нь дэлхийд усны асуудлаа олон нийтийн оролцоотойгоор л шийдэж байна. Усны хуулийн 4.13-т Усны эрх бүхий үндэсний хороо байна гэсэн заалт бий. Үүнийг хэрэгжүүлээч гэдгийг л хэлээд байгаа юм. Түүнээс бид шинэ зүйл хүсээгүй. Ингэж нэгдсэн бодлоготой болох зайлшгүй шаардлага аль хэдийнэ үүссэн.

Д.ЦЭЦЭНБИЛЭГ: 350 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ГАДАРГЫН УС АШИГЛАХАД ЗАРЦУУЛААСАЙ / Бизнесийн удирдлагын магистр/ -

Монгол Улс ашиглаж буй нийт усныхаа 90 орчим хувийг газрын доорх уснаас авдаг. Гэтэл газар доорх ус ойролцоогоор 10 мянган жилд эргэж нөхөн сэргэдэг. Бүр сэргэхгүй байх нь ч бий. Тэгэхээр бид усны бодлогодоо өөрчлөлт шинэчлэлт хийхгүй, өнөөдрийнхөөрөө яваад байвал цаашдаа усны хомсдолд орох нь тодорхой болчихож байгаа юм. Тиймээс нөхөн сэргээгддэг буюу газрын гадаргын ус болох нуур цөөрөм эсвэл хур борооны усыг хуримтлуулах хэрэгтэй байна. Учир нь, эдгээр ус 14 хоногтоо эргээд нөхөн сэргэдэг учраас эдгээрийг түлхүү ашиглах хэрэгтэй. Яагаад газрын доорх усаа түлхүү ашиглаад байна гэхээр авахад амархан байна. Харин гадаргын ус гэхээр хур борооны усыг цуглуулах, голын урсацыг өөрчилж, ус хуримтлуулах гэх мэтээр өртөг ордог ажил л даа. Тиймээс бэлэнчлэх сэтгэлгээний гор л харагдаад байгаа юм. Мянганы сорилтын сангаас олгож буй 350 сая ам.долларын тусламжийн тухайд цэвэр усны байгууламжаа өргөтгөх буюу усныхаа чанарыг сайжруулах тал руу ажиллах юм билээ. Энэ хөрөнгө оруулалтыг зөв газар нь зөв оруулж чадвал маш үр өгөөжтэй болно. Тиймээс газрын гадаргын усыг түлхүү хэрэглэхэд энэ хөрөнгийг зарцуулаасай. Ядаж гадаргын усаа хэрэглэх эхлэлийг тавиасай л гэж хүс ч байна.

Б.ДАГВАДОРЖ: УСНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН БИЕ ДААСАН БАЙГУУЛЛАГАТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ-“Усны эрчим” компанийн захирал/

-Монгол Улсад усны нэгдсэн бодлого гэж алга. Устай холбоотой бодлого гаргах газрууд нь 6-7 яаманд хуваагдчихсан байх жишээтэй. Хувийн хэдэн байгууллага өөрсдийн хэрэгцээнд зориулж ус ашиглаж байгаа болохоос нийт ард түмэнд зориулсан нэгдсэн төсөл хөтөлбөр гэж байхгүй байна. Миний хувьд сүүлийн 27-28 жил усны эрчим хүчийг ашиглах чиглэлд ажиллаж байна. Миний л мэдэхийн сүүлийн арваад жилд усны эрчим хүчийг хэрхэн ашиглах тухайд нэг ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэнгүй. Тийм учраас цаашдаа усны эрчим хүчийг ашиглах тухайд дорвитой ажил хийх хэрэгтэй байна. Үүнийг мэргэжлийн хүмүүсээр хийлгэх хэрэгтэй. Жишээлбэл, эрчим хүчний яаманд усны мэргэжлийн хүн гэж алга. Усан цахилгаан станцын 70-80 хувь нь усны барилга байгууламж байдаг. Гэтэл энэ мэт томоохон обьект барихын тулд мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах зайлшгүй шаардлагатай байдаг. Цаашдаа эрчим хүч, ус хангамжаа хамтад нь хөгжүүлээд нэг бодлогоор зангиддаг болмоор байна. Бүр цаашилбал усны асуудлаа хариуцсан бие даасан байгууллагатай болох зайлшгүй шаардлагатай байна.

Ц.БАЛДАНДОРЖ: ЭНЭ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГИЙГ УСАНДАА ЗАРЦУУЛЖ БАЙСАН ТҮҮХ БАЙХГҮЙ

/Байгаль орчны гавьяат ажилтан, хөдөө аж ахуйн ухааны доктор/ -Усны салбар өөрийн гэсэн төвлөрсөн удирлагатай байхгүй бол аль нэг яаманд 1-2 хэлтсийн хэмжээнд байж хэрхэвч болохгүй. Усны аж ахуй гэж бий болсноос хойш энэ салбарт хэчнээн ч удаа өөрчлөлт хийв. Тогтвор суурьшил гэж ерөөсөө байхгүй болсон. Жишээлбэл, бид 2005 онд усны бие даасан агентлагтай болсноор ажил овоо сайхан жигдэрч байсан. Гэтэл 2012 онд АН засгийн эрхэнд гарангуутаа Усны хуулийг гэнэт өөрчлөөд агентлагийг татан буулгаад БОАЖЯ-нд ганц хэлтэстэй болгож орхисон. Монгол орон нэгэнт Төв Азийн хуурай газарт байдгийн хувьд хөдөө аж ахуйн орны хувьд усны аж ахуйн үйл аужиллагааг зайлшгүй хийх хэрэгтэй. Энэ асуудалд төр, засгаас нэг ч төгрөг зарцуулахгүй байна шүү дээ. Усны эрчим хүчийг ашиглахгүйгээр сэргээгдэх эрчим хүчийг хэзээ ч шийдэхгүй. Өөрөөр хэлбэл, усны бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна. Ямар ч байсан усны салбарт анхаарал хандуулах нэг том алхам болох буцалтгүй тусламжийн гэрээнд Ерөнхий сайд маань гарын үсэг зурлаа. Одоо харин энэ хөрөнгийг зөв зүйтэй зарцуулах хэрэгтэй. Цаашлаад гаднынхны заавраар биш мэргэжилтнүүдийнхээ толгойг ашиглаж, улсдаа хэрэгтэй зүйл хиймээр байна. Өнгөрсөн хугацаанд бид энэ хэмжээний хөрөнгийг усандаа зарцуулсан түүх байхгүй. Жижиг төслүүд бол бий. Юуны өмнө усны нэгдсэн бодлого буюу төвлөрсөн удирдлагатай болмоор байна. Бүр тодруулбал, Засгийн газрын дэргэд бие даасан агентлаг байгуулан мэргэжлийн хүмүүстээ түшиглэж ажиллаад төслөө хэрэгжүүлбэл үр дүн нь өндөр байх болно.

М.ӨНӨРЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)