"Хөөрхөн борлог"-оо дуулаарай

Энэ тухай мэдэх мэргэд олонч гэлээ миний бие өөрийгөө гололгүй олны мэлмий сонорт хүргэх хүний нэг байж болно хэмээн омтгойрон бодож зориглосныг хүлцэн болгоох ажаамуу. Дөрөвхөн настайдаа хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөн аавыгаа алдаж нагац ах Хасбатаар овоглож, эрийн чадалтай, сэтгэлийн тэнхээтэй, ээж Доржхандынхаа элбэрэл ачлалд өсч өндийн жолооч болсон Хуушаан 1950-аад онд Увс нутгаасаа Улаанбаатар хотод ирж, Урлагийн Хэрэг эрхлэх хороонд буюу алдарт Нямын Цэгмэдийн жолооч болжээ. Бага залуудаа хүнд өвчнөөр ээжийгээ алдсан Хуушаан хайртай ээж, өөрийн өмчийн борлог морь хоёроо дурсан санаж явсаар 1958 онд Налайхын 15 дугаар уурхайгаас нүүрс ачаад Улаанбаатар орох замдаа замын хуудсан дээрээ бичсэн нь:

"Хөөрхөн борлог мориороо

 Хөндийг туулах сайхан сан 

Хөгшин буурал ээжийгээ 

Хүндлэн асрах сайхан сан" гэсэн шүлэг байжхуй. Аливаа үйлсийн учрал холбогдол гэдэг, сонин хачин агаад бурхны заасан зураг төөргөөр хувь зохиол нийлэх ч бас байдаг буй заа. Үүнчлэн XV жарны үхэр жил буюу 1925 онд өнөөгийн Дорноговь аймгийн Их хэт сумын малчин Мядагмаа нярайлж нэгэн хөвгүүн мэндэлсэн нь есөн насандаа монгол бичиг, арван тавтайдаа шинэ үсэг сурч ажил амьдралын замаа эхлэн, авьяаслаг сэргэлэн хүмуүн болж төлевшсөн Дашдонойн Пунцагбал байсан ажгуу. Д.Пунцагбал анх багийн даргын алба хашиж байгаад цэрэгт мордсоноор Бөхөгийн нисэх ангид генерал М.Зайсановын штабт бичээч байсан ба цэргээс халагдаад Урлагийн хэрэг эрхлэх хороонд хэлтсийн байцаагч, Радио хорооны дэргэдэх ансамбль, Цэргийн ансамбльд хөгжимчин, дуучнаар ажиллаж байхдаа Орос, Хятад, Энэтхэг, Унгар зэрэг орноор айлчлан тоглоход оролцож явсан авьяастан төдийгүй Төв, Сэлэнгэ, Булган болон Дорноговь аймгийнхаа клуб, соёлын ордонд найрал дууны багш, сумын клуб, соёлын төвүүдэд эрхлэгч, багшаар ажилласан чадварлаг зохион байгуулагч, багш хүн юм. Төв аймгийн соёлын ордны найрал дууны багшаар ажиллаж байхдаа нэг удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан үед нь хуучин танил Урлагийн хэрэг эрхлэх хорооны жолооч Хуушаанаас ирсэн, дотор нь шүлэг бүхий захидалд найз нь ээжийгээ алдсанаа хэлээд энэ шүлэгт ая зохиож өгөөрэй, "Ээжийгээ дурсч явах дуутай болъё" гэж бичжээ. Д.Пунцагбал ээжээсээ хол яваагаа бодож бас нөхрийнхөө сэтгэлийн гуйлтыг хүндэтгэн эмнэлэгт байхдаа аяыг хийж, гарч ирээд нотлон аяга ам хоёр нийлэхийн адил бүтэж мөнөөхөн замын хуудсан дээр бичигдсэн "Ээжээ дурсана" гэдэг дууг Төв аймгийн Лүн сумын урлагийн гурав хоногийн тоглолтод  дуулж эхэлснээс хойш хурим найр, наадам цэнгэл бүрт өвгөд хөгшид хүүхэд залуус хэн бүхэн "Хөөрхөн борлог"-оо дуулаарай гэдэг болж, өдгөө 60 жилийг үдсэн байна. Цаашдаа олон жаран, зууныг элээж, ардын дуу болон алдаршсан ч зохиосон эзэнтэй дуу байх нь лавтай. Энэ дууг зохиосны дараахан Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн нэрт зохиолч С.Гончигсумлаа сонсчихоод "Ойрын хэдэн жил гараагүй нэг сайхан дуу төржээ" гэж байсан ба ардын жүжигчин Нямын Цэгмэд "Ард түмний дунд мөнхрөх сайхан дуу төрлөө" хэмээсэн нь алсыг харсан үнэлгээ байжээ гэж бодном. Хожим нь Д.Пунцагбал гуай хотод ирээд Хөгжмийн Зохиолчдын Хороон дахь С.Гончигсумлаагийн өрөөнд ороход "Хөөрхөн борлог мориороо

Хөндийг туулах сайхансан" гэж аялан дуулсаар босч ирэн гар барьж, мэндлэхэд нь хачин их баярласан гэдэг. Түүнээс хойш удалгүй Сүхбаатарын талбай дээр том цагаан даавуун дээр "Ээжээ дурсана" дууных нь үгийг бичээд тавьчихсан радиогоор аяыг нь зааж байсныг үзэж сонсон бас нэг баярласнаа хожим дурсан ярьсан байдаг. Авьяастныг алдаршуулсан энэ дууг 1970-1980-аад онд сургуулийн сурах бичигт хэвлэж өсөх ирээдүй үеийнхний ухаан санаанд хүрч үлдсэн нь бас л баярлуулах үйл явдал байсан бөлгөө. Бал багш хэмээн хүндпэгдэн алдаршсан энэ хүнийг би "Ээжээ дурсана" дуугий нь дуулж нэрийг нь мэддэг болсон ба 1965 онд Хэнтий аймагт урлагийн бригадаар очиход нь өөрөө үг аяыг нь зохиосон "Жинчин" гэдэг дуугий нь авч найз Ж.Баясгалангийн баян хууртай дуулж байсан бөгөөд үг, аянь надад хадгалагдсаар байдаг юм. 1994 онд түүний уран бүтээлийн тоглолтыг "Саран хөхөө" театрт  хийхэд гоцлол, цөөхүүл, харилцаа, найрал зэрэг хорь шахам дууны бүтээл орсон ба үзэгчид хүндэтгэлтэйгээр хүлээн авч байсан агаад тоглолтын дараа их баярласнаа хоолой зангируулан илэрхийлж байсансан. Бал багш маань дал гаруй дуу зохиосноос гадна аймгуудын соёлын ордон, сумдын клуб, соёлын төвд, ардын болон зохиолын дууны олон найруулга хииж урын санд нь оруулсан хийгээд хэдэн арван авъяастан шавь төрүүлсэн буянтан шүү дээ. Дашрамд, багшийнхаа тухай сайн мэдэх шавь нар нь "үг дуугарч байгаасай" гэж боддогоо энэ ялдарт хүсмүй. Энэ хүн бол зөвхөн дууны ая зохиогч, дуучин, хөгжимчин, багш төдийгүй сайн жүжигчин байсныг цуг ажиллаж байсан ахмад жүжигчин, уран сайханч, үзэгч, үеийн нөхөд нь бахархан дурсч ярьсаар байнам. Дорнын говьдоо төрж өсөөд авьяас билгээрээ орчин цагийн дуу хөгжмийн урлагийг олон түмэндээ хүргэн говь нутаггаа, асч дүрэлзсэн их галын тулгын чулуу болж үлдсэн авьяасын бурхан, алдрын эздийн нэг Дашдонойн Пунцагбалын талаар олж мэдсэн маань хомсч гэлээ, уншигч авгай нарын мэлмийд хүртээе. Гэхдээ Х.Хуушаан, Д.Пунцагбал хоёроор овоглон түмний дунд түгсэн, "Хөөрхөн борлог"-оор түрээ барьж танд бичиглэн баривай. Мөн ч мэндэлснийх нь 95 жилийн ой удахгүй болохын учир түүний үр хойч, төрөл садан, нутаг усныхан, төр захиргаа, урлаг соёлынхон алдаршуулан тэмдэглэхийн үест санамж, хачир болуужин хэмээсэн хийгээд бас нэгэнтээ амласнаа санаж ийнхүү бичиглэснээ дурдсуу. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт авьяаслаг яруу найрагч Лувсанчултэмийн Эрдэнэбатын

...Шохой нь халцарсан цагаан байшинд

Тохой нь халтарсан дээлтэй өвгөн

Уйтай хорвоогийн нар сарыг

Дуутай хамт өнгөөрөөдөг байсан юм

Хөөрхөн борлог мориороо

Хөндийг туулах сайхансан гэж

Хүүхэд хөгшидгүй аялдаг дууг

Хөөрхий өвгөн зохиосон юм гэнэ лээ...

...Залуудаа зохиосон ганц дуугий нь 

Захын архичин дуулж байдаг юм

Омог дүрэлзсэн цээж банч

Домог сонссон шиг уярч байдаг юм...

...Тамга түшсэн төрийн сайд

Зав гарвал санаж дуулдаг юм

Тангарыг өргөсөн харуулын цэрэг

Дархан нутгаа манаж дуулдаг юм...

гэсэн эгэлхэн авъяастныг үгийн үнэнээр зурагласан мөрүүдээр бичвэр юүгээ хашиж өндөрлөсүгэй.

 

Монгол Улсын гавьяат жүжигчин, Харнууд овогт Лувсандоржийн БУЯНХИШИГТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.9.90.131)

    2018-10-09

    Хуушаан гэж хужаа нэр үү увсынхан сонин сонин нэртэй байхын гарал үүсэл нь ер нь юу юм болдоо хөөрхийс ядарсан царайтай их зальтай л хүмүүс байхын

  • зочин (66.181.160.100)

    2018-10-09

    энэ дууг мэдэхгүй монгол хүн байхгүй байх сайхан дурсамж байна ер нь хууч яриа хуучны дурсамжууд миний үеийн хүмүүсийн монгол хүмүүжил ёс суртахуунд их сайн нөлөө үзүүлсэн санагдадаг юм