Ж.Сауле: Мөрлөсөн тариаг энэ сарын эхээр бүрэн хураах боломжтой

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаас дараах асуултад хариулт авлаа.

-Ургац хураалтын үеэр цаг агаар цочир хүйтэрч тариаланчид хүнд байдалд орлоо. Одоо нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосныургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар тогтоосон. Гэвч энэ жил тавдугаар сар хур тунадас бага, зургадугаар сараас эхлэн Хөвсгөл, Булган, Увс аймгийн зарим бүс нутгаар хур тунадас орж, таримлын өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлж эхэлсэн хэдий ч тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Архангай,Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар долдугаар сарын 5-ныг хүртэл гандуу байсан нь ургацын төлөв болон болцод сөрөг нөлөө үзүүллээ. Түүнчлэн найм, есдүгээр сард хур тунадас ихтэй, сэрүүн байсан нь ургацын болц, жигдрэлтэд сөргөөр нөлөөлж, улмаар үр тарианы хураалтын ажил есдүгээр сарын 15-ныг хүрч эхэлсэн ч өнөөдрийг хүртэл нэгээс хоёр хоног бүтэн ажиллаж чадахгүй, ургац хураалтын ажил удаашралтай байна.

Улсын хэмжээндаравдугаар сарын 5-ны байдлаар 39.3 мянган га-г ангилан хадаж, нийт 121.1 мянган га-гаас 169.6 мянган тонн үр тариа, 11.9 мянган га-гаас 151 мянган тонн төмс, 7 мянган га-гаас 80.3 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Одоогийн байдлаар үр тарианы 35.5 хувь, төмсний 92 хувь, хүнсний ногооны 85 хувь, тэжээлийн 35 хувь, тосны ургамлын 18 хувийг хурааж авснаар улсын хэмжээнд ургац хураалтын ажил 54 хувьтай явагдаж байна. Ургац хураалтад нийтдээ 1264 комбайн, 554 жатка, 225 үтрэм, 140 гаруй төмс хураах комбайн, 570 гаруй цэвэрлэгч, ачигч, сортлогч машин болон 3200 гаруй оюутан залуус, цэргийн алба хаагчид гэрээгээр ажиллаж байна.

- Хэр их ургац алдсан бэ?

-Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан ургац хураалтыг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах зорилгоор Улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандаж албан даалгавар гарган, үүрэг чиглэл өгч, хэрэгжилтийг зохион байгуулж байна. Ургацыг хаягдалгүй хураах технологийн нарийвчилсан зөвлөмжийг эрдэмтдийн оролцоотойгоор боловсруулан тариаланчдад хүргэх ажлыг зохион байгуулсан. Цаг агаарын хүндрэлийн улмаас орон нутагт үүсээд буй зарим тулгамдсан асуудлыг ажлын хэсэг томилон ажиллуулах замаар шуурхай шийдвэрлэх, ургацыг малаас хамгаалах, хураалтын ажилд оюутан, сурагчдыг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зэрэг яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тусгасан ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын даргын албан тоотыг орон нутагт хүргүүлж, хэрэгжилтийг зохион байгуулж байна. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, хаягдлыг багасгахад дэмжлэг үзүүлж, шаардагдах шатахууныг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбаруудаар дамжуулан, 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулж байгаагийн зэрэгцээ налсан тариа хураах иш өргөгчийн захиалгыг орон нутгаас авч, ОХУ-аас нийлүүлэх, дотооддоо хийж хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийтдээ 1500 орчмыг нийлүүлээд байна. Аж ахуйн нэгж, иргэдийн үтрэм дээрх хүнсний буудайг Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/ болон гурилын үйлдвэрүүдэд татан авах ажлыг шуурхай зохион байгуулах, буудайн үнэ, борлуулалтын нөхцөлийг харилцан тохиролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн ажлын уулзалтыг энэ сарын 28-ны өдөр Дархан хотод зохион байгуулсан. Энэ сарын 18-20-ны өдрүүдэд орсон цасанд нийтдээ 80 шахам мянган га талбай өртөж, тариа налсан хэдий ч өнөөдрийн байдлаар цас бүрэн хайлж, хураалтын ажил эхэлж байна. Хүндрэлийн улмаас тодорхой хэмжээний хорогдол гарахыг үгүйсгэхгүй. Урьдчилсан балансаар 17.6 мянган га талбай тэжээлд шилжихээр байсан бол энэ сарын 18-20, 27-29-ний өдрүүдэд тохиолдсон цаг агаарын хүндрэл, хүйтрэлттэй холбоотойгоор тэжээлд шилжих талбайн хэмжээ 30 шахам мянган га-гаар нэмэгдэхээр байна. Тиймээс улсын нөөц болон аймаг сумдын аюулгүйн нөөцөд ногоон тэжээл худалдан авах үүрэг, чиглэлийг аймгийн Засаг дарга нарт хүргүүлж байна.

- Үр тариаг хатаах боломжтой юу?

-Энэ намар хур бороо ихтэй, сэрүүн байгаа тул хураан авч буй үр тарианы ургац үтрэм дээр 17-20 орчим хувийн чийгшилтэй бууж байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд өөрсдийн үтрэмийн машин, техникийн боломжоороо чийгийг 16 хувь хүртэл буулгаад гурилын үйлдвэрүүд болон ТЭДС-д нийлүүлж эхлээд байна. Энэ жил манай ТЭДС-ийн салбарууд хатаах төхөөрөмжөө засварлаж, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн тул 19 хүртэл хувийн чийгтэй буудайг ямар ч асуудалгүй авч байгаа. Цас, бороо орсны зэрэгцээ хүйтэн сэрүүн байгаа тул ангилан хадаж, мөрлөсөн тарианы хаталт удаан байна. Зарим аж ахуйн нэгжүүд мөрлөсөн тариаг эргүүлж хатаах арга хэмжээ авч байна. Гэхдээ аравдугаар сарын эхний 10 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуухан, дулаахан байх төлөвтэй байгаа нь мөрлөсөн тариаг бүрэн хураах боломжтой гэж үзэж байна.

- Үр тариа, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангахад хүндрэлтэй болсон байх?

-Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авч буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь,хүнсний ногооны 56 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой гэсэн үзүүлэлт гарсан байсан. Цаг агаарын хүндрэлтэй холбоотой буудайн ургац бага хэмжээгээр буурах магадлалтай байна. Харин төмс, хүнсний ногооны хувьд балансаар тогтоосон ургацаа бүрэн авах боломжтой.

-Өнгөрсөн хавар Засгийн газраас тариалангийн бүс нутгийг тогтоосон. Үр дүн нь ямар байна вэ?

-Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг үндэслэн эхний ээлжид Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгийн тариалан бүхий 60 сумын 113 багийн нутгийг хамруулан, тариалангийн бүс нутгаар тогтоосон шийдвэрийг гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулж эхлээд байна. Цаашид орон нутгийн санал, хүсэлтийг харгалзан тариалангийн бүс нутгийг тогтоох ажлыг үргэлжлүүлэх бөгөөд энэхүү шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж бүрдэж, хөдөө аж ахуйн салбар нь жинхэнэ утгаараа “Хүнс экспортлогч улс” болох зорилт хэрэгжнэ гэж үзэж байна. Энэ жилийн хувьд тариалангийн бүс нутгаас эхлэн талбайг хашаажуулах ажлыг эхлүүлж, тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Орхон, Төв аймгийн Цээл, Сүмбэр, Баянцогт, Булган аймгийн Хутаг-Өндөр, Орхон аймгийн Жаргалант суманд нийтдээ 4.1тэрбум төгрөгийн хөрөнгөөр 430.5 км хашаа барих ажлыг зохион байгуулж байна.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.14.36.6)

    2018-10-08

    араггүй л төрийн хүн . Ажилт