Нато "гурвалсан холбоос" сэдэвт цэргийн сургуулилт хийж байна
- 2018-10-29
- Үнэн
- 0

Энэ 10-р сарын 25-наас НАТО “Trident Juncture-2018” (“Гурвалсан холбоос-2018”) нэртэй цэргийн томоохон хээрийн сургуулилт хийж эхэлсэн тухай гадаадын хэвлэл мэдээлэл шуугиж байна. Энэхүү сургуулилтад “хүйтэн дайн”-ы үеэс хойш хийгдэж байгаагүй их хэмжээний хүч буюу 50 000 цэргийн алба хаагч, 10 000 нэгж байлдааны техник, байлдааны 250 нисэх онгоц, тэнгисийн 65 хөлөг онгоц оролцоно гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтэнбэрг мэдэгджээ. Уг сургуулилтад НАТО-гийн гишүүн орнуудын зэрэгцээ түүний түнш Швед Финлляндыг оролцуулан нийт 31 улсын цэргийн бие бүрэлдэхүүн хамрагдаж, Норвегийн нутаг дэвсгэр дээр ирэх 11-р сарын 7 –ны өдрийг дуустал хагас сарын туршид явагдах ажээ. НАТО-гийн бие бүрэлдэхүүн 3 сая 200 мянга гаруй, түүний 1 сая 300 мянга нь америкийнх гэдэг юм. НАТО-гийн цэргийн зардал дэлхийн нийт цэргийн зардлын 70 гаруй хувийг эзэлж байна.
ТҮҮХЭЭС СӨХВӨЛ: Умард атлантын цэрэг-улс төрийн эвсэл буюу НАТО (англ. North Atlantic Treaty Organization, NATO; фр. Organisation du traitй de l'Atlantique Nord, OTAN) нь анх дэлхийн II дайны дараагаар 1949 онд Европыг чухамдаа “коммунист” ЗХУ-ын нөлөөнөөс хамгаалах зорилгоор байгуулагдаж байсан бөгөөд тэр үед түүний гишүүн нийт 12 улс байсан юм. Үүнд: Америк, Англи, Бельги Дани, Исланд, Итали, Канада, Люксембург, Нидерланд, Норвеги, Португал, Франц улс орж байв. НАТО байгуулагдаад 6 жилийн нүүр үзэж байхад буюу 1955 онд тэр үеийн ЗХУ тэргүүтэй социалист 8 орон НАТО-гийн эсрэг сөрөн зогсох зорилго бүхий “Варшавын Гэрээ” нэртэй цэрэг-улс төрийн эвсэл байгуулсан юм. Тэрхүү эвслийн гэрээнд: Албани, Ардчилсан Герман, Болгар, ЗХУ, Польш, Румын, Унгар, Чехословак гэсэн социалист орнууд багтаж байлаа. Гэвч, 1989-1991 онд төв болон зүүн европын улс орнуудын коммунист систем нурж, ЗХУ задарч, уг эвсэл цаашид оршин тогтнох үндэсгүй болж 1991 оны 7-р сарын 1-нд албан ёсоор татан буугдсан түүхтэй. Түүнээс хойш эдүгээ хүртэл 27 жил өнгөрч байгаа хэдий ч НАТО татан буугдаагүйгээр барахгүй, харин ч улам бүр өргөжин тэлж, тэр үеийн Варшавын гэрээний 8 улс, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 3 улсыг эгнээндээ нэмж нэгтгэн өргөжсөөр, өнөөгийн ОХУ-ын баруун хилд халз тулж ирээд байгаа нь ОХУ-ын болон түүний найрамдалт харилцаатай улс орнуудын анхаарлыг татахгүй байхын аргагүй юм.
Өнөөдөр НАТО-гийн гишүүн орнуудад Албани, Америк, Англи, Бельги, Болгар, Герман, Грек, Дани, Исланд, Испан, Итали, Канад, Латви, Литва, Люксембург, Нидерланд, Норвеги, Польш, Португал, Румыни, Словак, Словени, Түрэг, Унгар, Франц, Хорват, Черногор, Чех, Эстони улс багтаж байна. Эдгээр 29 гишүүн улс дээр нэмэгдэж НАТО-д элсэхээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украин Гүрж хоёр идэвхтэй чармайж байгаа юм. ***** НАТО-гийн энэ удаагийн томоохон хээрийн сургуулилтын зорилгыг яаж ч тайлбарласан саяхан ОХУ-ын Зэвсэгт хүчин БНХАУ-ын болон Монгол Улсын цэргийн бүрэлдэхүүнтэй хамтран хийсэн “Дорнод-2018” цэргийн стратеги-тактикийн томоохон хээрийн сургуулилтад НАТО өөрийнхөө “хариу”-г зориуд барьж байгаа гэдэг нь мэдээж, тодорхой байна.
Цэргийн ухааны доктор (Ph.D), бэлтгэл бригадын генерал М.Хүрлээ

Сэтгэгдэл (0)