Цасан шуурганаар төөрсөн иргэдийг эсэн мэнд олжээ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг “Модон хөшөө” хэмээх газарт өвөлжиж байгаад энэ сарын 25-ны өдрийн хүчтэй шуурганы үеэр сураггүй болсон  малчин Ө /44 настай, эрэгтэй/, түүний хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ.

Иргэн Ө нь энэ сарын 25-ны өглөө 09:00 цагийн орчимд малаа хариулж яваад, түүний хоёр хүүхэд нь мөн өдрийн 15:00 цагт гэрийн ойролцоогоос тугалаа тууж ирэхээр яваад сураггүй болсон гэсэн мэдээллийг Сагсай сумын Засаг дарга С.Хонаев тухайн өдөр 20:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн ажээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн найман алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын таван ажилтан, нийт 13 хүн хоёр автомашинтайгаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Ажиллагааны үр дүнд хоёр хүүхдийг 25-ны өдрийн 22:30 цагт гэрээсээ баруун зүгт гурван километр газраас, малчин Ө-г 26-ны өдрийн 05:00 цагийн орчимд гэрээсээ зүүн урд зүгт таван километр газраас эсэн мэнд байхад нь тус тус олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 

Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)