Н.Шинэ-Оргил: Агаар цэвэршүүлэгчийг долоо хоногт 2-3 удаа цэвэрлэх шаардлагатай

Н.Шинэ-Оргил: Агаар цэвэршүүлэгчийг долоо хоногт 2-3 удаа цэвэрлэхгүй бол эргээд хорт бодис ялгаруулах сөрөг талтай

“Агаарын бохирдол хэрээс хэтэрлээ. Нийслэл хотын утаа гамшгийн хэмжээнд хүрч байгаа”-г шүүмжлэх хүн олон байдаг. Өвлийн улирал эхлэхээр өнөө л утаагаа ярьдаг ч хийж, хэрэгжүүлсэн ажил бараг л байдаггүй. Хэзээ нийслэл хот утаанаас салж, хүүхдүүд ханиад томуу тусахгүй, цэвэр агаараар амьсгалж, амьдрах нь хүн бүхний хүсэл болоод байна.  Тэгвэл агааарын бохирдлыг бууруулахад ямар арга хэмжээ авч, ажиллаж байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргилоос тодруулсан юм.

-Агаарын бохирдлыг бууруулах ажилд ямар хяналт шалгалт хийж байна вэ?

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 43 дугаар тогтоолыг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар өнгөрсөн жил Агаарын чанарын хяналтын хэлтэстэй болсон. НМХГ-ын даргын тушаалаар агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд Агаарын чанарын хяналтын хэлтсээс шалгалт хийлээ. Тухайлбал, агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй авто засвар ТҮЦ, зэрэг давхардсан тоогоор 6210 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар нийт 88 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагад тараасан агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын талаар шалгалт хийлээ.

-Шалгалтаар ямар зөрчил илэрч байна вэ?

-Бид нийслэлийн Засаг даргын захирамжаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд тараасан 1400 гаруй агаар цэвэршүүлэгчийн хэрэглээнд хяналт явууллаа. Уг шалгалтын үеэр  зарим эмнэлэг, сургуульд агаар цэвэршүүлэгчийг зохих журмын дагуу хэрэглээгүй, тоо ширхэг дутсан зэрэг зөрчил илэрсэн. Тухайлбал, цэвэршүүлэгчийн шүүлтүүрийн гялгар уутыг авалгүйгээр ажиллуулсан 28, шүүлтүүрийг хугацаандаа солиогүй 92, шүүлтүүрийг авч угаасан таван тохиолдлыг бүртгэлээ. Зөрчлийг арилгуулах үүднээс зарим эмнэлэг, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгчийг зүй зохистой ашиглуулах талаар сургалт явуулж мэдээлэл хүргэсэн. Агаар цэвэршүүлэгчийг долоо хоногт 2-3 удаа цэвэрлэхгүй бол эргээд хорт бодис ялгаруулах сөрөг талтай. Мөн ашиглалтын хугацаа ч богиносч, зургаан сарын хугацаанд эвдрэх магадлалтай болдог.

-Торгуулийг хэр барагдуулдаг вэ?

-Торгуулийн 80 орчим хувь нь төлөгдсөн. Тухайн аж ахуйн нэгж нь шүүхийн шатанд гомдол гаргасан хэд хэдэн тохиолдол байгаа.

-Хяналт шалгалтын үеэр илэрсэн зөрчилд ямар хариуцлага хүлээлгэж байна вэ?

-Шалгалтаар Агаарын тухай хууль, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг хангуулахаар 6502 мэдэгдэх хуудас, зөрчлийг арилгах улсын байцаагчийн 1146 албан шаардлага хүргүүлсэн. Мөн 123 халаалтын зуухыг төвлөрсөн шугамд холбох ажилд хяналт тавьж, 33 халаалтын зууханд үнс баригч тавиулж, 1478 объектыг цахилгаан халаагуурт шилжүүлсэн. Ингэснээр жилд түлэх түүхий нүүрсний хэмжээг 9500-10600 тонноор  бууруулж, хүрээлэн буй орчинд 1200-1400 тонн үнс хаягдахаас урьдчилан сэргийлж ажиллалаа. Зөрчлийн тухай хуулиар агаар бохирдуулж буй иргэнийг 50 мянгаас нэг сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянгаас 10 сая төгрөгөөр торгодог. 

-Агаарын чанарыг бууруулахад иргэдийн оролцоо хэр байна вэ?

-Маш чухал. Тухайлбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэний гомдол мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг Эко констракшн ХХК-ны барилгын хашаанд шалгалт хийсэн байна. Энэ үеэр гурван харуулын байр, дөрвөн ажилтны түр орон сууц, цайны газар агуулахын халаалтад түүхий нүүрс хэрэглэж зуух ашиглаж байсан зөрчил илэрсэн. Тус компани агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг зөрчсөн тул халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоож, лацдах арга хэмжээ авсан байгаа. Ер нь  агаар бохирдуулсан иргэн, аж ахуй нэгжийн талаар цаг алдалгүй мэдээлэл өгч хамтран ажиллах хэрэгтэй. Тэгж байж нийслэлийн тулгамдсан асуудлын нэн тэргүүнд буй агаарын бохирдол буурах болно.

-2019 оноос түүхий нүүрс түлэхийг хориглож байгаа. Гэхдээ хүмүүс түлсээр л байна. Танай байгууллага үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Нийслэлийн таван хороонд нүүрс түлэхийг зөвшөөрсөн . Мөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн зарим нэгжид зөвшөөрсөн байгаа. Тэгэхээр бид эдгээр бүс нутаг руу орж буй тээврийн хэрэгсэлд замын цагдаатай хамтран хяналт тавина. Гачуурт тосгон, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант, Хан уул дүүргийн Био, Өлзийт, Шувуун фабрик зэрэг бүсэд түүхий нүүрс түлж болно. 

 

Г.Номин 

www.unen.mn

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)