Олон улсын үнэлгээний шинжээчид нэгдлийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхийн улс орнуудын Засгийн газар, банк санхүү болон бизнесийн байгууллагын зээлжих зэрэглэлийг тогтоодог олон улсын нэр хүнд бүхий үнэлгээний Мoody's болон Standard & Poor's агентлагийн төлөөлөл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлтийн газрын захирал Д.Чимэддорж, Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Ганболд болон “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн хуулийн зөвлөх Р.Мөнхбат нар олон улсын үнэлгээний агентлагуудын шинжээчдийг өнөөдөр (2018.08.15) хүлээн авч уулзаж, нэгдлийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулав.

Уулзалтаар Standard & Poor's агентлагийн Олон улсын төсвийн үнэлгээ хариуцсан захирал Andrew Wood “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олон улсын зах зээл дээр гаргахаар төлөвлөсөн IPO болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг хэрхэн хийж буйг сонирхов. Харин Мoody's агентлагийн шинжээч Serena Wang Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын насжилт болон нүүрсний тээвэрлэлтийн хэмжээг тодруулсан юм.

Монгол Улсын зээлжих зэрэглэл, төлөв байдлыг оновчтой байдлаар тогтоолгосноор олон улсын санхүүгийн зах зээл дэх нэр хүндийг өсгөж, зардлыг бууруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Мoody's болон Standard & Poor's агентлаг нь хөрөнгийн зах зээл, эдийн засгийн салбарууд, санхүүгийн нөхцөл байдал, зээл, хөрөнгө оруулалтад хөндлөнгийн үнэлэлт дүгнэлт өгч, хэтийн төлвийг тодорхойлохын хажуугаар санхүү, эрсдлийн зөвлөгөө өгдөг юм.

Боловсруулсан Б.Даваатогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)