Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг эхлүүллээ

Монгол улсын Засгийн газар 1964 онд баригдсан төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих ажилд онцгойлон анхаарч ажилласны дүнд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2019.2.28/ том бүтээн байгуулалт болох “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих” төслийн шав тавих ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Ёслолын үйл ажиллагаанд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин болон Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд, бусад төлөөлөгчид оролцлоо.

Ёслолын ажиллагааг нээж сайд Х.Баделхан үг хэлсэн юм. Тэрээр:

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Шин Хаймин, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө.

Улаанбаатар хотод Төв цэвэрлэх байгууламж шинээр барих төслийн нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн амар амгалан айлтган мэндчилж байна. Нийслэл хотод 1964 онд Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноос хойш цэвэрлэх байгууламжийн техник, технологийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн.

Гэсэн хэдий ч ашиглалтын явцад Төв цэвэрлэх байгууламжийн төмөр бетон хийц, эд ангиуд хуучирч муудан, технологийн горим алдагдаж, бохир ус цэвэрлэгээний түвшин стандартын шаардлага хангахгүй байгаа болон Нийслэл хотын хүн амын тоо эрс нэмэгдсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, технологийн шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай болсон. Монгол Улсын Ерөнхий сайд энэхүү ажлыг хэрэгжүүлэх үүргийг салбарын асуудал хариуцсан сайдын хувьд надад биечлэн даалгасныг та бүхэн санаж байгаа байхаа.

Тэгвэл цаасан дээр байсан төсөл бодит ажил хэрэг болж БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэж, төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг корпораци”, “Бээжин констракшн инженеринг групп”-ын түншлэл шалгарч манай яамтай гэрээ байгуулаад байна. Төсөл нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр 35,5 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 1 жилийн туршилт тохируулга, зүгшрүүлэлт хийж, инженер техникийн ажилчдыг дагалдуулан сургана, дараагийн 6 сарын хугацаанд ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх юм.

Түүнчлэн төслийн бүтээн байгуулалтад дотоодод үйлдвэрлэсэн барилгын материалыг өргөнөөр ашиглах, хоёр улсын ажилчдыг энэ тэнцүү ажиллуулна. Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250,0 мянган шоо метр ахуйн бохир усыг цэвэрлэж, лагийг бүрэн боловсруулан эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэгцээнийхээ 53 хувийг хангана.
Мөн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж 3, 4-р дулааны станцын технологийн хэрэгцээнд ашиглаж гүний цэвэр усыг хэмнэх зэрэг онцлог шийдэл бүхий орчин үеийн өндөр чанар, бүтээмжтэй бүтээн байгуулалт болно гэдэгт итгэлтэй байна. Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усыг стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж, агаар, хөрсний бохирдолыг бууруулж, хотын иргэд тав тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэнэ.

Мөн иргэдийг орон сууцтай болгоход нэн шаардлагатай инженерийн дэд бүтцийн салшгүй хэсэг болох бохир ус татан зайлуулах шугам сүлжээний хүчин чадал нэмэгдэх асуудал давхар шийдэгдэж байгаа юм. Төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Шин Хаймин болон холбогдох хүмүүст талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай гэсэн юм.

Сонирхуулахад: Шинэ цэвэрлэх байгууламж нь биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдах бөгөөд нийт талбайн 24.7 га талбай буюу 61 хувьд нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламжийг барьж байгуулна. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам талбай, ногоон байгууламжийг давхар шийдэж өгөх юм. ТЭЗҮ-д тусгагдсанаар хоногт 250,000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд 3 үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Лаг боловсруулан биохий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах юм. Хаягдал лагийг усгүйжүүлэн хатаах, шатаах замаар хаягдалгүй үйлдвэр байгуулах ба цэвэрлэгээний процессоос ялгарах үнэрийг агааржуулалтын системээр цуглуулан биологи цэвэрлэгээний аргаар цэвэрлэх, үйлдвэрийг бүхэлд нь хяналт удирдлагын ухаалаг скада системээр тоноглохоор тусгажээ.

Төслийн гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп” консорциум хэрэгжүүлэх бөгөөд ийнхүү төслийн шавыг тавьснаар барилгын ажил эхэлж байна. Үндсэн барилга, байгууламжуудыг 35.5 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөжээ.

Ийнхүү 19 жил яриа төдий байсан Шинэ төв цэвэрлэх байгууламж ажил хэрэг болж эхэллээ.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)