Наурызын баярын тухай 13 баримт

Өнөөдөр Наурызын баярын өдөр. Энэ баяр нь зөвхөн казак түмний баяр төдийгүй дэлхийн гучаад улс үндэстэн өргөнөөр тэмдэглэдэг ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн НҮБ-ын тогтоолоор батлагдсан Олон улсын албан ёсны баярын өдөр юм.

Наурызын баярыг жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг уламжлалтай. Учир нь энэ өдөр "өдөр, шөнө тэнцдэг" аж.

Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдгоороо онцлогтой. Казахууд нарыг шүтэх бөгөөд гуравдугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ. Наурызын баяраар ахан дүүс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэх ялдамд үр хүүхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг.

Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурызын баярыг тэмдэглэдэг. Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтөний баяр юм. 

Манай улсын нийт хүн амын 3.9 хувийг казах угсаатан эзэлдэг бөгөөд нийт казах иргэдийн 75.7 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг.

Ингээд та бүхэндээ Наурызын баярын тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

  • Гуравдугаар сарын 22 бол Исламын шашинтай орнуудын хувьд “Шинэ жил”-ийн баяр гэсэн үг.
  • Наурыз нь Перс гаралтай үг. Нау-шинэ, Руз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн үг ажээ. Анх МЭ II зууны үед энэ үг тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
  • Казах хэлэнд гуравдугаар сарыг мөн Наурыз гэж нэрлэдэг байна
  • Наурызын баяр тэмдэглэхийг Монголд 1926 оноос хориглож байжээ. Гэхдээ Казах түмэн 1940 он хүртэл тэмдэглэж байсан аж. Хожим нийгэм чөлөөтэй болж уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэх болсон юм.
  • Энэ өдөр Казахчууд ахан дүүс, айл хотлоороо учран золгож, ахмадынхаа сургаалийг сонсож, хөөрөн баясаж өнгөрүүлдэг.
  • Дэлхий дахинд 300 гаруй сая хүн жил бүр Наурызын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг.
  • Наурызын баярын хамгийн чухал хоол бол Наурыз шөл юм. Уг шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, сүү зэргээр хийдэг бөгөөд долоогоос доошгүй идээний дээж ордог байна. Будаатай шөл хийдгийн учир нь өсөж олуулаа болохыг бэлгэддэг ажээ.
  • Мөн Наурыз шөлийг том тогоонд хийж олуулаа иддэг ёстой. Учир нь нэг тогооноос хоол идсэн хүмүүс эвтэй найртай байж найзалж нөхөрлөхийг бэлгэдсэн заншил юм.
  • НҮБ-ийн Ерөнхий Ассабмлей 2011 оны гуравдугаар сарын 21-нийг Олон улсын Наурызын өдөр хэмээн бүртгэжээ.
  • Наурызын баярын өглөө эрчүүд нь гараа барилцан, цээжээ хүргэж мэндлэн золгодог бол эмэгтэйчүүд тэврэлддэг аж. 
  • Баярын өдөр болохоос өмнө эмэгтэйчүүд гэр орноо сайтар цэвэрлэдэг нь цагаан сартай төстэй. Учир нь шинэ жилээ цэвэр цэмцгэр угтвал тэр жилдээ эрүүл саруул байхыг бэлгэддэг. 
  • Наурызын баяраар архи хэрэглэдэггүй ёстой. Учир нь Исламын шашинд архи дарсыг цээрлэдэг бөгөөд бусад идээ будааны дэргэд байж болдоггүй гэж үздэг юм. 
  • Гуравдугаар сарын 21-ний шөнийг Казахчууд “Кызырын шөнө” гэдэг. Учир нь өндөр настан Кызыр өвөө гэгдэх аз жаргалын элч айлуудаар хэсч аз жаргал, буян хишгээ хайрладаг гэж үздэг аж. 

Б.Анхаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай