Дайчин ааваа дурснам
- 2019-08-30
- Нийтлэл
- 0

Халхын голын зарлаагүй дайны түүхт ойн баярыг тэмдэглэх үед аавыгаа дурсаж, ааваараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг билээ. Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Гэндэн овогтой Сономцэрэн 1936 онд 21 настайдаа ардын цэргийн албанд татагдан бага даргын сургууль төгсөж Матадын наймдугаар дивизийн 23 дугаар морьт хорооны танк эсэргүүцэх их бууны салааны орлогчоор томилогдон дайны хүнд бэрхийг туулжээ.
ДАРИЙН УТАА АНХ ҮНЭРЛЭСЭН НЬ
1939 оны тавдугаар сард Матадын наймдугаар дивиз Халхын гол руу марш үйлдэж яваад гэгээн цагаан өдрөөр агаарын дайралтад өртлөө. Үд дундын үед, манай нутгийн зүгээс 12 тооны, таван хошуу тэмдэгтэй онгоцууд агаарт үзэгдэв. Манай агаарын хянагчид өөрийн онгоц байна гэсэн дохио өглөө. Би жаахан эргэлзэж салаандаа “агаарын дайралт” гэсэн команд өгчихөв. Агаарын дайралтын үед байлдааны журам ёсоор их буунуудаа тараан байрлуулах үүрэгтэй. Төдөлгүй нартай өдрийг бүрхтэл бөмбөгдөж гарлаа. Би морио “чүү” гээд давиртал эвгүй оцойгоод, хиншүү хярвас үнэртээд явчихлаа. Бөөн утаа тоосон дунд мориноосоо буун харвал дайсны бөмбөг тохомны хойгуур хүлэг морийг минь хяргасан юм шиг тас цохижээ. Хазаараа мултлан авах агшинд морь маань уртаар үүрсэн унасан юм. Ийм үед эр хүний самсаа шархирдаг юм билээ. Хазаараа барин харайлгаж явтал манай хорооны шархадсан хэдэн цэргүүд тааралдав. Гэтэл дайсньинэг сөнөөгч онгоц биднийг шунгинан дайрч, пулемётоор шүршиж гарах нь тэр. Их бууны тоотууд гар буугаар зэвсэглэдэг учир би нэгэн шархтай цэргийн винтов бууг шүүрэн авч дайсны онгоцны зүг 2-4 удаа буудав. Оносонгүй. Ийм ойрхноос оноогүйдээ гайхсан төдийгүй мөнөөх самурай ч дахин дайрсангүй хилийн зүг зугтчихлаа. Сүүлд бодож байхад байлдааны хуягласан онгоцыг, жирийн винтовын сумаар буудаж “бүдүүлэг” алдаа гаргаснаа ойлгосон юм. Цэрэг бүрийг 120 сумаар хангадаг ба үүний таван ширхэг сум нь хуяг нэвтлэгч байдаг. Үүний нэгээр нь л буудсан бол дайсны онгоцыг сөнөөх боломж байсанд туйлын ихээр харамсаж билээ.
.jpg)
Танк эсэргүүцэх салааны орлогч дарга Гэндэнгийн Сономцэрэн 1939 оны 11 дүгээр сар
.jpg)
Монгол Улсын баатар Ванчинжавын Шарав Танк эсэргүүцэх салааны дарга
Энэхүү бөмбөгдөлтөөр Матадын наймдугаар дивизийн байлдааны журам сарниж бие бүрэлдэхүүнээс нь үрэгдэж нэлээд дайчид шархдан, адуу мал үрэгдсэн хохирол амссан юм. Манай хорооны “ЗИС” автомашин дээр байрлаж явсан агаарын зенитийн их бууны тоот бүрэлдэхүүнээрээ амь үрэгдсэнийг харж билээ. Жолоочийн хоёр гар нь шуугаараа тас цохигдож, жолоогоо атгасан чигээрээ эрсэдсэн байсан нь үнэхээр нүд халтирмаар байж билээ. Азаар ч юм уу, агаарын дайралт гэсэн команд өгсний үр дүнд ч юм уу ямар ч байсан танк эсэргүүцэх салааныхан хохиролгүй гарчээ. (Бөмбөгдөлтийн талаар түүхчид янз бүрээр л тайлбарладаг. Зөвлөлтийн нисгэгчид, Баргын морьт хороотой манайхныг андууран бөмбөгдсөн, мөн ардын армийн их бууны командлагч Лувсандоной дайсанд урваж гэгээн цагаан өдрөөр марш үйлдүүлсэн гэх мэтээр бичсэн байдаг. Аав маань харин дараахь зүйлийг бичиж үлдээсэн байдаг юм. С.Сүхбаатар)
-Дайсан таван хошуутай онгоцоор манай хилийн гүнээс хуурч гэнэдүүлэн дайрсан гэдэг үнэний хувьтай болов уу гэж боддог. Хэрвээ оросууд андуурсан гэвэл шархадсан цэргүүд рүү нам өндрөөс дайрч пулемётоор шүршиж, хилийн зүг зугтахгүй нь ойлгомжтой. Командлагч Лувсандонойн хувьд хэлмэгдэл байсан юм билээ.
ТЭД ИНГЭЖ БАЙЛДАЖ БАЙЖЭЭ
23 дугаар морьт хорооны танк эсэргүүцэх тусгай салааны даргаар Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Монгол Улсын баатар Ванчинжавын Шарав (1984 онд Халх голын байлдааны 45 жилийн ойгоор баатар цолоор нэхэн шагнасан) томилогдон байлдаж байжээ. Түүнийг бууных нь зохион бүтээгчийн нэрээр “Михлайн-Шарав” гэж нэрлэдэг байв. Салаа нь, танк эсэргүүцэх 45 мм-ийн гурван их буутай, хуяг нэвтлэгч сумаар дайсны танк болон хуягт тээвэрлэгчийг, бөмбөгтэй сумаар амьд хүч, галын цэгийг усгтах тактик техникийн өгөгдөхүүнтэй.
1939 оны тавдугаар сарын сүүлчээр салаа хориглолтод үүрэг гүйцэтгэж байтал салааны дарга В.Шарав дайсны зүг дурандаж байснаа, -Тэнд Японы нэг офицер мөлхөж явна. Би нэг цэрэгтэй яваад олзлоод ирье хэмээн хэсэгхэн бутны цаагуур мөлхөн орлоо. Салааны орлогч би бээр хойноос нь дурандаж байтал буун дуу гарч дарга маань навтас гээд явчихав. Мөлхсөөр дөхөж очтол дөнгөж амьтай байсныг ар тал руу гаргаж улмаар Зөвлөлтийн цэргийн онгоцоор Чита хотын эмнэлэг рүү явуулсан юм. Харамсалтай нь амь үрэгдсэн мэдээ дуулдаж билээ. Даргын цүнх, бичиг баримт, 360 төгрөгийг хорооны штабд хүлээлгэн өглөө. Энэ өдрөөс миний бие даргыгаа орлон салааг командпах болов. 1939 оны долдугаар сард болсон нэгэн тулалдаанд манай хорооны нэг суман дайсны давуу хүчинд бүслэгдэн, сум галт хэрэгсэлгүй болсон мэдээ ирэв. Хорооны удирдлага надад, сум галт хэрэгсэл хүргэж суманг бүслэлтээр гаргах үүрэг өглөө.
.jpg)
Матадын VIII дивизийн ахмад дайчдын ээлжит дурсамжийн уулзалт 1977-1978 оны үе
Өвөр эгнээний баруун гараас: Монгол Улсын баатар хурандаа Нянтайсүрэн
Өвөр эгнээний зүүн гараас 2 дахь хүн: хорооны комиссар Рэнцэн
Арын эгнээний баруун гараас эхний хүн: 23 дугаар морьт хорооны тагнуул ангийн дарга Таяа
Мөн эгнээний баруун гараас 2 дахь нуруугаа үүрсэн хүн бол миний эх оронч аав Сономцэрэн
Их бууны 35 ширхэг сум, хоёр хайрцаг винтовын сум, гранат тэмээнд ачиж хөтлөөд байлдааны тушаал биелүүлэхээр фронтын шугам руу явж билээ. Биедээ гар буу, хоёр ширхэг гранат, хорт утааны багнаас өөр зэвсэггүй намайг, Японы цэргүүд консервийн лаазаар шидэж, доог тохуу хийн инээлдэн ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй нэвтрүүлсэн юм. Гар буугаа атгаастай, айснаас болж бүхий л биений хар хөлс асгарсан байж билээ. Гэвч дайснууд ингэснийхээ шанг хэдхэн хормын дараа хангалттай хүртсэн юм. Бүслэгдсэн сумангийн дарга баярласандаа нулимс унаган угтаж, бүслэлтийн нэг тал руу морин дайралт хийж эргэн дайсан руу их буугаараа галлах, тэр сэтлэлтээр бүслэлтээс гарах тактик боловсрууллаа. Дайралт амжилттай болж, дайсны байрласан толгой руу их бууны 14 сум илгээж, утаагаар хөшгин хаалт хийн бүслэлтээс амьд хүчний хохиролгүй гарч чадсан юм. Маргааш нь Зөвлөлтийн дайчид үлдсэн их бууны сумыг авчирч өгөхдөө: -Та нар тун сайн байлдсан байна. Зуу гаруй япон цэргийн хүүр байна билээ гэсэн гэдэг. Армийн командлалаас бидэнд баяр хүргэж цахилгаан ирүүлснийг дарга нар маань мэдэгдэж байлаа. Нэг удаагийн байлдаанд манай салаа нэг их буугаа элсэнд зоож орхихоос аргагүйд хүрч хүмүүсээ авч ухарлаа. Байлдааны дүрэм ёсоор их бууны яндан дуранг авч дайсан ашиглах боломжгүй болгож орхилоо. Гэвч байлдааны зэвсгээ ямар нэгэн шалтгаанаар орхих буюу дайсанд олзлуулбал цэргийн хээрийн шүүхэд шилжүүлэн хатуу шийтгэдэг хуультай байсан. Шуудхан хэлэхэд өчиггүй буудуулна гэсэн үг. Элсэнд зоогдож орхисон буугаа шөнийн цагаар “хулгайлан” авч ирэх тушаалыг удирдлагаас өглөө. Энэ бол амь эрсдэх магадлал их, хүнд үүрэг байсан юм. Бид нойтон бургасаар шавхуурдан шалгаж байгаад хоёр атан тэмээ сонгож, тэмээнийхээ амыг эсгийгээр боож, миний бие гурван цэргийн хамт дайсны байрлалд дөхөн очлоо. Япончууд буу зэвсгээ байлдааны талбарт орхихдоо заавал мина тавьдаг байснаас минатай гэж бодсон учир буунд минь гар хүрээгүй байсан юм. Шөнийн харанхуйг ашиглан тэмээ, морьдоо угсран хөллөж гэнэт шавхуурдан зугтлаа. Дайсан ч гэрэлтэй гэрэлгүй сумаар мөндөр буулгаж гарав. Гэвч ямар ч хохиролгүй их буугаа авчирч даргын тушаалыг нэр төртэй биелүүлж сайшаагдаж байлаа. Ер нь япончууд буудлагын сургууль хийхдээ байг окопноос цухуйлгаж буудуулдаг. Харин хөдөлгөөнтэй бай буудахад муухан анхаардаг байсан юм болов уу гэж ахмад дайчин маань дүгнэсэн байдаг. Чухам үүний учир бид хохирол үзээгүй, үүргээ амжилттай биелүүлсэн байх.
ДАЙН ДУУСЧ ЭХ ОРОН БИДНИЙ ГАВЬЯАГ ҮНЭЛЭВ
Халхын голын байлдаанд Матадын наймдугаар дивизийг Монгол Улсын баатар Нянтайсүрэн командалж, манай хорооны даргаар Сүхбаатар аймгийн харьяат Чойн Дугаржав, штабын даргаар Цэндсүрэн, салааны даргаар Говь-Алтай аймгийн харьяат Ванчинжавын Шарав нар удирдан дайныг ялалтаар дуусгасан юм. Гурван дарга маань баатар цолоор шагнуулсан нь манай дивизийн бие бүрэлдэхүүний том бахархал, цуу алдар байлаа. Манай тусгай салаа 37 хүний бие бүрэлдэхүүнтэй дайныг дуусгаснаас 20 гаруй дайчин байлдааны одон медалиар энгэрээ мялааж, үүргээ “онц” биелүүлсэн үнэлэлт авсан юм. Хэнтий аймгийн харьяат бууны дарга Санжжав, буудагч Гончигдамба, Архангай аймгийн харьяат их бууны чирэгч Лувсаншарав, буудагч Зундуй, Өвөрхангай аймгийн харьяат Самдан, Өмнөговь аймгийн харьяат Лувсандамба, Гонгор, Юндэндорж нарын зоригт хөвгүүдтэй хамт тулалдаж байлаа.
(Тамсагийн зургадугаар дивиз, Матадын наймдугаар дивизээс эхний ээлжинд 50 гаруй дайчдыг төрийн одон медалиар шагнаснаас миний аав Гэндэн овогтой Сономцэрэн байлдааны гавьяаны улаан тугийн одон хүртэж, улсын төв театрын даргаар томилогдсон байна. Бидний ирээдүйн сайн сайхны төлөө эх орноо хамгаалан тулалдсан зоригт дайчдынхаа гэгээн дурсгалыг мэхийн хүндэтгэе. С.Сүхбаатар)
ТӨГСГӨЛИЙН ОРОНД
Дайны дараа аав минь Увс аймгийн Давст сумын харьяат жүжигчин Дэвээтэй (Маршал Чойбалсангийн Дэвээ гэгддэг) ханилан сууж зургаан жил амьдраад хагацал үзсэн юм билээ. Мөн Ерөнхий сайд Х.Чойбалсан, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Сүрэнжав нарын комиссараар ажиллаж байсан гэдэг. ДЯЯ-нд архивын эрхлэгчээр ажиллаж байхдаа хэлмэгдэгсдийн материалыг цэгцлэн цагаатгах ажилд идэвх зүтгэлтэй оролцож байжээ. Миний ээж Ч.Янжмаатай насан эцэс хүртлээ амьдран хоёр хүү төрүүлсэн юм. Том хүү С.Сүхбаатар миний бие ардын армид, дүү С.Болдбаатар НАХЯ-нд ажиллаж өвгөн дайчин аавынхаа цэргийн амьдралыг үргэлжлүүлсэн юм. Ач хүү С.Цогтжаргал нь элитийн батальонд алба хааж энхийг сахиулах ажиллагаанд хоёр удаа оролцон цэргийн хүндэт медаль, энхийг сахиулагч, Польшийн цэргийн медалиар шагнуулан цэргийн тэтгэвэрт сууж байна. Өвгөн дайчны хамгийн бага ач, ахмад Ц.Ганбилэг нь энхийг сахиулах ажиллагаанд хоёр удаа оролцож одоо Афганистанд мэс заслын эмчээр ажиллагаанд оролцож байна. Тав дахь үе гуч хүү Б.Мөнгөншагай оюутан цэргийн хөтөлбөрөөр цэргийн албаа хааж энэ сарын 17-нд тангаргаа өргөн буурай өвөөгийнхөө хойчийг залгамжилж явна.
Дайчин аавынхаа архиваас дурсамж бичсэн, чөлөөнд байгаа хошууч С.СҮХБААТАР

Сэтгэгдэл (0)