Ж.Цолмон: АШУҮИС Ази, Номхон далайн орнуудын баруун бүсийн анагаахын шинжлэх ухааны 100 шилдэг сургуулийн нэг болно

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн  “Эрдмийн баяр”-ын арга хэмжээнд оролцлоо.

АШУҮИС энэ жил 24 мэргэжлээр 1334 оюутан шинээр элсүүлж, нийт 11867 оюутантайгаар 77 дахь хичээлийн жилээ эхлүүлж байна. Тус сургууль 1996 оноос хойш элсэлт аваагүй хүүхдийн эмчийн ангийг сэргээн нээж, Ази, Номхон далайн орнуудын баруун бүсийн анагаахын шинжлэх ухааны 100 шилдэг сургуулийн нэг, судалгааны их сургууль болох, Их сургуулийн хотхон байгуулж, Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх эрхэм зорилготойгоор хичээлийн шинэ жилээ эхлүүлж байгааг сургуулийн захирал, доктор Ж.Цолмон хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар тус сургуульд шинээр элсэн орж буй оюутнуудад тусгайлан баяр хүргээд, “Эмчийн мэргэжил манай улсад хамгийн нэр хүндтэй мэргэжил хэвээр байна. Манай үе үеийн эмч нар хүн ардынхаа эрүүл мэнлийг сахин хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Та бүхний ажлыг тойруугаар үнэлэх нэг үзүүлэлт бол манай иргэдийн дундаж наслалт юм. 1992 онд 62.8 байсан дундаж наслалт 2018 оны байдлаар 70.2 болжээ. Гэсэн хэдий ч энэхүү үзүүлэлтээрээ бид дэлхийд 122-р байрт бичигдэж байна. Энэ бол ирээдүйн эмнэлгийн мэргэжилтэн та бүхний өмнө асар их хариуцлага, итгэл хүлээлт байгааг илэрхийлж байгаа юм. Үүнийг зөвхөн өндөр мэдлэг, мэргэжлийн ур чадвараар шийдэж чадна” гэлээ.

Тэрбээр дээд боловсролын салбарыг бэхжүүлж, дэлхийн хэмжээнд хүргэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, үүний тулд:

1.    Дэлхий дахинд авьяас, ур чадвар, бүтээлч сэтгэлгээний өрсөлдөөн хүчтэй өрнөж буй энэ үед боловсролын диплом, зэрэг, дэвээс илүүтэй шаардлагатай ур чадвар, мэдлэг эзэмшсэн, авьяаслаг залуучуудыг бэлтгэх, тэднийг дэмжих;

2.    Багшлахуйгаас суралцахуйд түлхүү анхаарч, сурах үйл ажиллагааг дэмжин, сургалтын сайн орчин бүрдүүлэх,  их өгөгдлийн сан бий болгох замаар сургалтын чанарыг эрс өөрчлөх, хариуцлагатай, чадвартай, авьяастай, ёс зүйтэй буюу “зөөлөн ур чадвар”-тай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарах;

3.    Их, дээд сургуулиудын чансааг тогтоож, нэгтгэн томруулах замаар дэлхийн хэмжээний их сургуультай болох зорилт тавьж ажиллах, тэдгээрийг төрийн бодлогоор дэмжин, тусгай хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, хиймэл оюун ухаан, инновацийг эрхэмлэж буй цаг үетэй хөл нийлэхийн тулд судалгааны их сургууль болох ёстой гэсэн байр сууриа илэрхийлэв.

Хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, АШУҮИС-ийн Зүрх судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын хүний гавьяат эмч, доктор Ө.Цолмон, БСШУС-ын сайдын зөвлөх, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Хатанбаатар, 2019 оны ЭЕШ-аар улсын хэмжээнд хамгийн өндөр оноо авсан шинэ элсэгч Б.Тогтуунсувд нар үг хэлж, эрдэмтэн багш, оюутан сурагчдадаа хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)