Орчин үеийн Монгол Улсын үндэс суурийг тавьсан хүн бол Богд хаан
- 2019-12-25
- Нийтлэл
- 0

1990 оны үндэсний ардчилсан хувьсгалын нэгэн ололт нь монголчуудын үндэсний түүх, соёлоо сэргээн, өвлөн авч хөгжүүлэх эхлэлийг тавьсанд оршино. Өөрийн эх түүхээ дурсан ярих эрхгүй, дэлхийн түүхэнд мөрөө тодоор үлдээсэн үндэсний баатруудаараа бахархах эрхгүй явсан ард түмэн чухам ардчиллын буянаар ийм эрх, эрх чөлөөгөө олж авсан билээ. Их эзэн Чингис хаанаа хүртэл дурсаж бахархах байтугай нэрийг нь сайнаар хэлэх эрхгүй байсан юм. Манай түүх бичлэгт хамгийн ихээр мушгин гуйвуулж, дайрч гутаасан үе бол XX зуун юм. Тухайлбал, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд Манж Чин гүрний эрхшээлээс гарч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, Богд хаантай Монгол Улсаа дэлхий дахинд тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг мушгин гуйвуулах, эсвэл дайрч гутаах, тойрч зугтаах зэргээр бодит түүхээс зайлсхийж байсан юм.
УИХ 2007 оноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг тэмдэглэлт, 2011 оноос Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын амралтын өдөр болгов. 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулгаж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн мандуулсан, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг 1924 оноос хойш анх удаа орор даяар тэмдэглэж байна. Богд хаан гэж хэн байв? 1869 оны шороон могой жил Төвөдөд төрөөд Богд Жавзандамба хутагтын хойт дүрээр тодорч, таван настайдаа Монголд бурхны шашны тэргүүний ширээнд өргөмжлөгдсөнөөс хойш түүний амьдрал тэр чигтээ монголчуудын сайн сайхны төлөө зориулагдсан юм. Богдод багаас нь төвөд, монгол хэл, бичиг зааж, улмаар шашны болон дорно дахины ёс заншлыг түүнд сургасан байна. Тэрбээр монгол хэлийг өв тэгш сурч, дорно дахины олон номыг амтархан уншиж, гавжийн дамжаа барив. 43 настайдаа Монголын үндэсний хувьсгалыг ялалтад хүргэн, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулж, Монгол Улсын эзэн хаанаар 1911 онд суусан түүхтэй. Тэрбээр Монгол Улсын эзэн хаанаар гурвантаа өргөмжлөгдсөн сүүлчийн хаан билээ. 1911-1924 онд хамгийн ээдрээтэй хэцүү үед Монголын төрийг тэргүүлж, тусгаар тогтнол, бие даасан байдал, эрх чөлөө авчирсан үндэсний хувьсгалыг удирдан зохион байгуулсан гавьяатай.
Бурхны шашин XX зууны эхээр монголчуудыг нэгтгэж, түүний тэргүүн Богд гэгээн тэр үндэсний тэмцлийг удирдаж, ялалтад хүргэсэн нь түүхэн үнэн юм. Нөгөө талаас монголчууд, тухайлбал Эзэн Чингисийн алтан ургийн Халхын дөрвөн хан, ноёд, лам хувраг, монгол овогтны төлөөлөл, сэхээтнүүд тэр цагт Богд гэгээнтнээ тойрон хүрээлж, тусгаар тогтнолоо аварч болох юм байна гэдгийг гүнзгий ухамсарласны үр дүнд үндэсний эрх чөлөөгөө олж авч, туурга тусгаар улсаа мандуулан, төрийнхөө гал голомтыг сэргээж чадсан билээ.
Энэ бол Манж Чингийн эрхшээлээс хоёр зуу гаруй жилийн дараа монголчууд гарч, нар үзсэн хэрэг юм. Тиймээс Богд гэгээнтэн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс 1924 оны тавдугаар сарын 20 хүртэл Монгол Улсын Төрийн тэргүүн, шашны тэргүүн, эзэн хаан байлаа.
Богд хааны түүх гэдэг бол XIX зууны сүүлчээс XX зууны 30-аад он хүртэлх үеийн монголчуудын түүх юм. Монголын түүх үнэн болсноор бурхны шашин хийгээд Богд хааны тухай үзэл суртлын дор хуурмаг бичигдсэн уран зохиол, дуу шүлэг, кино, үзвэрүүд бодитой болж, зөв голдиролдоо орно байх хэмээн найдаж байна. Монгол үндэстэн өөрийн түүх, соёл, уламжлал, шашнаа бодитой, үнэн зөвөөр мэдэх нь даяаршиж буй үед чухал юм. 1924 оны тавдугаар сарын 20-нд Богд эзэн хаан таалал болсны дараа буюу зургадугаар сарын 3-ны өдөр МАХН-ын Төв хорооноос Монголд бүгд найрамдах засаглал тогтоох шийдвэр гаргаж, “Богд хааны тамгыг Засгийн газар шилжүүлэн залж хадгалах”-аар болжээ. Эл шийдвэрийн дагуу битүүмжилсэн саванд хадгалсан Богд хааны хаш, алтан, мөнгөн эрдэнэ тамга, алтан өргөмжлөл, хатны тамга зэрэг үнэт зүйлийг тэр чигээр Засгийн газар хав даран, социализмын жилүүдэд нээлгүй байсаар 1990 онтой золгожээ. Ингээд 1995 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн 47 тоот захирамж гарч, “Засгийн газрын нэр дээр Монгол банканд хадгалагдаж байсан үнэт металл, эрдэнийн чулуугаар хийсэн 20 нэр, төрлийн үнэт, дурсгалт зүйлсийг... Эрдэнэсийн үндсэн санд байнга хадгалуулахаар худалдах нь зүйтэй хэмээн үзсүгэй” гэжээ. Ерөнхий сайдын захирамжид “Үнэт, дурсгалт зүйлсийг Эрдэнэсийн санд худалдсаны орлогыг төсөвт авч, түүний зохих хэсгийг УИХ-аас тавьсан хүсэлтийн дагуу гишүүдийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн төр, засгийн төв байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах тоног төхөөрөмж худалдан авах, Төрийн ордон, Ерөнхийлөгчийн өргөө бодон бусад байр, тусгай объектыг засварлах, тохижуулах арга хэмжрэнд зарцуулах зориулалтаар олгох”-ыг Сангийн яамны сайд Э.Бямбажавт зөвшөөрсөн байна. Эндээс үзвэл, Богд хааны тамга зэрэг үнэт зүйлсийг байнга хадгалуулахаар Эрдэнэсийн санд худалдсан мөнгөөр УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, Ерөнхийлөгчийн өргөө, байр зэргийг засварласан нь тун ч сонирхолтой учир юм.
Дээр дурдсан МАХН-ын Төв хорооны шийдвэрийг үндэслэн МАХН-ын болон БНМАУ-ын түүхэнд “Бүгд найрамдах байгуулал тогтоох аятай шалтаг нь Богд гэгээн нас барсан явдал байв” хэмээн бичсэн байна. Монголчууд шашны, Төрийн тэргүүнээ таалал болсон үйл явдлыг “аятай шалтаг” хэмээн үзэж байсан юм гэж үү. Богд таалал болсон мөчөөс түүний нэр төрийг гутаах ажил шууд нарийн зохион байгуулалттайгаар эхэлсэн гэхэд болно. Үнэндээ 1921 оны долдугаар сараас хойших Ардын Засгийн газрын нэрээр улаантны зөвлөхүүдийн хийж байсан бүхий л ажиллагаа шууд бусаар үүнд чиглэж ирсэн билээ. Саж ламын, Бодоогийн хэрэг, Их жанжин Сүхбаатарыг хордуулсан тухай, Эх дагинын сэжиг бүхий таалал болсон явдлууд ар араасаа нэг л зүгт чиглэж байсан юм. Тэр нь ард олондоо “амьд бурхан” хэмээн тахин шүтэгдсэн, нэр алдар нь монгол овогтны дунд хүлээн зөвшөөрөгдсөн VIII Богд Жавзандамба хутагт байлаа. Иймээс 1919 онд Богд хааны
ордныг Хятадын гамин цэргүүд бүсэлж байсан шиг 1921 оны арваннэгдүгээр сард ч мөн улаан орос цэргүүд айлган сүрдүүлж байсан тэр үед Тангаргийн гэрээ гэдгийг Ардын Засгийн газар дангаар баталж, Москвад Монгол, Зөвлөлтийн гэрээнд гарын үсэг зурж байв. 1923 оны хоёрдугаар сард жанжин Сүхбаатар таалал болж, түүнийг Богд хаан хорлосон хэмээсэн цууг тэр дор нь тарааж орхив. Энэ нь зуу гаруй жил лав үргэлжилжээ. Олон ч хүн үнэмшиж, түүх орвонгоороо эргэсэн байх. Улмаар 1923 оны зургадугаар сарын 27-нд Богдын хатан Дондогдулам таалал болов. Маргааш нь Ринчинод хэл хүргэжээ. Энэ бол Сокобины онож тэмдэглэсэнчлэн Богд хаанд өгсөн сүүлчийн сануулга байлаа. Жил хүрэхгүйн дараа, 1924 оны тавдугаар сарын 20-нд Монголын сүүлчийн Эзэн хаан, VIII Богд Жавзандамба хутагт таалал болсон билээ. Түүнээс ердөө хэдхэн хоногийн дараа МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчид хаант засаглалыг халж, бүгд найрамдах засаглал тогтоосноо зарласан бөгөөд яг тэр заалт үг, үсгийн ч зөрүүгүйгээр 1924 оны Үндсэн хуульд суусан юм. Богд Жавзандамбыг “монголчуудын оюуны санааны удирдагч хэмээх үгс түүх бичлэгт олонтоо гарна. Энэ нь чухамдаа юу гэсэн үг вэ, англиар spiritual leader хэмээн хэлдэг үг бол ердөө шашны тэргүүн хэмээсэн утгатай байна. Энэ бол Богдыг Монголын үндэсний хувьсгалын удирдагч, Төрийн тэргүүн байсныг хүлцэн тэвчиж чадахгүй байгаагийн л илрэл юм.
1911 онд монголчууд Манж Чин гүрнээс салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал бол манай түүхэнд шинэ эрин үеийг нээсэн билээ. Ийнхүү олон монголчуудын сэтгэлд нийцэхүйц амжилт олсон 1911 оны Монголын үндэсний хувьсгалыг санаачлан, зохион байгуулж, удирдсан хүн бол VIII Богд Жавзандамба хутагт бээр мөн юм. Богдын зөвшөөрөлгүйгээр Монголын хан ван, ноёдоос хэн нь ч өөр алхам хийж байгаагүй бөгөөд 1911 он гэхэд Хүрээнд ноёдын цугларах, тарах нь хүртэл Богдын адисгүйгээр болдоггүй байсныг эх сурвалжид нэг бус тэмдэглэсэн байна. XX зууны эхээр монголчуудыг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэж, шарын шашны тэргүүн Богд гэгээнийг үндэсний удирдагч болоход буддын шашин шууд нөлөө үзүүлсэн нь тодорхой байна. 1911 оны аравдугаар сарын 21-ний өдөр Хүрээнд ирээд байсан. Добданов “Халхын амьдралын ирээдүйн бүх шанс ганцхан Богд хааны гарт байна”, “Хутагтын хувьд Монголын хаанаар өргөмжлөгдсөн явдал нь санамсаргүй хэрэг бус байлаа. Олон жилийн турш бараг л тийм байсан юм. Тэрбээр дэлхий дахины өмнө Монголын хаан болохоо харуулахыг олон жилийн турш тогтмол, болгоомжтой, бодлоготойгоор бэлтгэсэн. Ийнхүү болсон эргэлт нь бүхэлдээ Хутагтын мэргэн боддого, түүний төрийн нарийн ухааны шижим юм” хэмээн онцлон тэмдэглэжээ. Эл үед VIII Богд монголчуудын дунд шашны тэргүүн төдийгүй улс төрийн хамгийн нэр хүндтэй зүтгэлтэн болж амжсан байв. Оросын эзэнт гүрний Засгийн газар үүнийг мэдэрч, Богд гэгээнтэй нягт холбоо тогтоохыг эрмэлзсэн юм. Иймээс бүр 1895 онд Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул Я.Шишмарев бичихдээ “Хэрэв Монголд үндэсний ямар нэгэн хөдөлгөөн гарах аваас түүнийг Богд толгойлоход гайхах хэрэггүй” гэж түүний нэр, нөлөөний тухай өгүүлсэн буй. Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.ФЛюба Петербургт илгээсэн 1912 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн мэдээндээ “Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жштүүдийн түүхийг бичих болбол хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно” хэмээн онцолж, цааш өгүүлэхдээ “Монголыг эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” гэсэн нь буй. Түүхэн энэ цаг үед Хутагт ард түмнийхээ хүсэл зоригийг соргогоор мэдэрч, Хятадаас (Манж Чин улсаас-О.Б) холбоогоо таслахаар шийдэж, Монголын хувьд хэзээ нэгэн цагт байсан шиг нь хүчирхэгээр хамгийн дээд өндөрлөгтөө зогсож, Их Орос улсаас тусламж эрсэн юм” хэмээн консул ВЛюба нэмж тэмдэглэсэн байна. Богд хааны тууштай байдал бусдыг араасаа дагуулж, тойрон хүрээлүүлж, зоригжуулж, нэгэн зүгт чиглүүлж чадсан байна. Тэрбээр Хятадын Ерөнхийлөгч Юан Ши Кайн дарамт шахалтад өчүүхэн төдий гуйвж дайвсангүй, хээл хахуульд нь идэгдсэнгүй. Өөрийн сонгож авсан зам дээрээ бат зогсож, Монгол тусгаар тогтносон, бие даасан улс байх учиртай хэмээх ягштал баримталж чадсан юм. Тэрбээр ухамсарт бүхий л амьдралаа монголчуудын үндэсний тусгаар тогтнолыг бэхжүүлэх, уламжлал, шашин, соёл зэрэг эрхэм үнэт зүйлсийг хөгжүүлэхийн төлөө зориулсан байна. Тухайлбал, төрийн бүх хэргийг монгол хэл, бичгээр явуулахыг зарлигдав. Төрийн тамга, төрийн түшмэдийн хувцас монгол байх, төрийн хууль цаазыг уламжлалдаа түшиглэн боловсруулах, угсаа залгамжилсан хан, ван, гүнгүүдийн намтар, уг түүхийг үнэн магадтайгаар бичүүлэх, хөтлөн явуулах, монгол ноёд хятад эхнэр авахыг хориглох зэрэг Богд хааны гаргасан зарлиг, шийдвэрүүд архивын шарласан хуудсанд дүүрэн үлджээ.
Түүний шийдмэг, зоригтой алхмуудын хүчээр орчин үеийн Монгол Улсын үндэс суурь 1910-аад онд тавигдсан юм. Хэрэв 1911 оноос өмнөх үед Богд Жавзандамба хутагт нь монгол үндэстний шашны дээд шүтээн болж чадсан бол 1911 оны үндэсний хувьсгалын дараа жинхэнэ утгаараа төрийн удирдагч, Эзэн хаан болжээ. Тэр бол монголчуудад дахин сэргэлт өгсөн үндэсний хувьсгалын эцэг нь мөн билээ. Тухайн үед Богд хааны нэр хүнд, нөлөө нь лам нар, сүсэгтэн олон, нийт монгол үндэстний дунд маш өндөр байсныг католик шашинтнуудын папаас илүүгүй юм аа гэхэд дутахааргүй байсан хэмээн Оросын Эзэн хааны Бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец бээр тэмдэглэсэн байдаг. Монголчууд социализмын он жилүүдэд өөрийн түүх, соёл, уламжлал, шашин, зан заншлаасаа холдсон, эсвэл холдуулсан болохоор үндэстнийхээ амин шалгуур, үнэт зүйлсээ танихгүй болтлоо өөрчлөгдсөн юм.
Агуу түүхтэй монгол үндэстэнд өмнөх нийгмийн үеэ өнгөрөөсөн үзэл суртлын хүлээснээс үтэр түргэн ангижирч, ирээдүйг авч явах хүүхэд, өсвөр үеэ хордуулахгүй байх явдал нь чухал байна. Зуун жилийн өмнөх бидний өвөг дээдэс биднээс ч илүү ухаантай байжээ. Биднээс илүү зовлон туулсан байна. Тиймээс л монгол үндэстний тасарсныг залгаж, эвдэрснийг эвлүүлэх, мартсаныг сэрээхийн төлөөх тэдний үг, бодол, сэдэж хэрэгжүүлж эхэлсэн алхмуудыг зөв хэмээн үзэж, зуу гаруй жилийн дараа ч болов олон түмэндээ хүргэхийг зорьсон юм. Учир нь өнөөгийн Монголын үндэс суурийг эрэлхэг жанжин Сүхбаатар бус, Богд хаан тавьсанд асуудлын учиг оршино. Өөрөөр хэлбэл, орчин үеийн Монгол Улсын үндэс суурийг тавьсан үндэслэгч бол Богд хаан мөнөөс мөн хэмээн хэлж байгаа хэрэг. Түүх бол үнэн бодитой байх учиртай. XX зууны эхэн үеийн Монголын түүх, бүр тодруулбал Орос, Хятадын дундах хуурай газрын арал мэт орших Монголыг тойрсон геополитик тэр үед тавигдсан учраас л үүний мэдэж таниасай хэмээсэн сэтгэлээр Богд хааны намтарт хандаж ирсэн болно. 1921 оны долдугаар сараас хойш Ардын Засгийн газраас Богд хааны эрх мэдлийг хумих, нэр хүндийг унагах талаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байлаа. Саж ламын, Бодоогийн, Цэрэнпил гүнгийн хэрэг, Сүхбаатар жанжин таалал болов гээд бүхий л ажиллагаанд Богд буруутан болж байлаа. Богдын нэр хүнд монголчуудын дунд маш өндөр байсан нь шууд үгүй хийж чадахгүй байсан юм. 1924 онд таалал болсноос хойш Богдын нэр хүндийг хамгийн саар байдлаар дайран гутаахад ашиглаж байлаа. Энэ нь үзэл суртлын зэвсэг болгоход маш тохиромжтой дүр байсан юм. Учир нь Богд бол харь гаралтай хэмээн оросууд үзэж байлаа. Тиймээс XX зууны турш үзэл суртлын нэг том зэвсэг нь “шар толгой феодал” Богд болсон юм. Ингээд эхний ээлжид түүний дүрийг тодруулахгүй байх талаар дэс дараатай бодоого явуулж тасалж дөнгөв. Ийм байдлаар Богд бол Монголын түүхэнд хамгийн сөрөг дүр болж хувирсан болно. Дээр дурдсан бүхэн бол монгол үндэстэнд хор хохирол учруулсан улааны үзэл суртлаас ангижрахын тулд хэлж буй шүүмжлэл болохоос хөрш орон Оросыг шүүмжилсэн хэрэг бус юм. Коммунизмын өлгий нутаг хэмээн нэрлэгдээд байсан Орос улсад энэ үзэл суртлаас ангижирч, үндэстний түүх, соёл, уламжлалаа хэмээсэн бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Энэ бүхний учрыг ялган салгаж ойлгох нь зүйтэй юм. 1990 оны үндэсний ардчилсан хувьсгалаас хойш ч энэхүү үзэл суртлын уур амьсгал Монголд үргэлжилсээр байна. Харин цаашдаа ийм байдал хэвээр байх аваас төөрч будилсан монгол үндэстэн түүх цадигаасаа өөрсдийгөө хэзээ олж таньж сэрэх бол оо?
Төрийн соёрхолт, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан

Сэтгэгдэл (0)